| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/01768/И |
| Дугаар | 210/МА2025/01898 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01898
|
|
|
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04125 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, *******тоот хаягтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 385,000,000 төгрөгөөр худалдсан. Энэхүү гэрээний 3.2-т төлбөрийн нөхцөлийг тохиролцож гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 70,000,000 төгрөгийг төлж, 2023 оны 11 сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг, мөн 12 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 23-ны өдөр үлдэх 235,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар заасан. Гэтэл ******* ХХК нь сүүлчийн төлбөр болох 235,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлөх ёстой байтал 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлж, 29 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.6-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 235,000,000 төгрөгийн нэг хоногийн алданги 1,175,000 төгрөгийг 29 хоногоор тооцож 34,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Энэхүү гэрээгээр эхний ээлжинд талууд үл хөдлөх хөрөнгийг 385,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон манайх 185,000,000 төгрөг төлөх, нэхэмжлэгч ямар нэгэн доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан. Эхний гурван төлөлт болох 70,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Сүүлчийн үлдэгдэл 235,000,000 төгрөгийн хугацаа хэтрүүлж төлсөн шалтгаан нь худалдагч гэрээний 3.3-т заасан гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх эд хөрөнгийг доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар хүлээлгэж өгнө гэсэн ч хугацаа хэтрүүлэх хугацаанд энэ үүрэг биелэгдээгүй учраас худалдагчийн эхэлж гүйцэтгэх үүрэг байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс болж хугацаа хэтрэх нөхцөлд хүргэсэн учир уг төлбөрийг шаардах эрхгүй. Мөн төлбөрийн үүргийг харилцан тооцож асуудлаа дуусгая гэсний дагуу гэрээний 3.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг өр төлбөргүй гэж заасан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь үндсэн гэрээний бүх үүргийг дуусгавар болгосон тохиролцоо юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан алданги 34,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328,325 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 385,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээний 3.2-т төлбөрийн нөхцөлийг тохиролцсон ба ******* ХХК нь хамгийн сүүлийн төлбөр 235,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгах ёстой байтал 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлж 29 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 235,000,000 төгрөгийн нэг хоногийн алданги 1,175,000 төгрөгийг хэтрүүлсэн 29 хоногоор тооцож 34,075,000 төгрөгийг ******* ХХК нь төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь эд хөрөнгийг улсын комисс хүлээн аваагүй доголдолтой байсан, тооцоо нийлж нэмэлт гэрээ байгуулсан учир алданги төлөх үндэслэлгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн "Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.4-т заасныг үндэслэн тооцоо нийлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хэргийн баримтуудаар нотлогдоогүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь зөвхөн "нэмэгдсэн өртгийн албан татвар"-тай холбоотой харилцааг зохицуулснаас биш тооцоо нийлсэн акт биш бөгөөд нэмэлт гэрээгээр үндсэн гэрээний үүрэг зөрчих хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн алданги төлөхөөс татгалзахаар тохиролцоогүй.
Нэхэмжлэгч нь зээлээр худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-д хүлээлгэж өгсөн ба 40 хувийн гүйцэтгэлтэй, улсын комисс хүлээж аваагүйг хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөр урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэмэлт гэрээний 3.4-т "төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд бүртгүүлэх"-ээр заасан, хариуцагч гэрээний үүрэг зөрчиж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 235,000,000 төгрөгийг төлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан графикийн дагуу төлбөр төлөгдсөн. Тус гэрээгээр биет байдал болон эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон ч уг үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтад ороогүйн улмаас ******* ХХК нь 235,000,000 төгрөгийн төлбөрийг 29 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн. Тухайн үед нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэхгүй гэж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө хугацаандаа ашиглалтад ороогүй, биет байдлын доголдол арилаагүйн улмаас үүссэн хохирол, төлбөрийг тооцож энэ талаар гэрээнд тусгасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Гэрээний 3.4-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг төлбөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлнэ гэж заасан. Нэмэлт өөрчлөлтийн гэрээн дээр алдангийн талаар дурдаагүй бөгөөд өр төлбөр байхгүй учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлнэ гэх агуулгаар гэрээнд тусгасан гэжээ.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан алдангид 34,075,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хугацаа хэтрүүлэх нөхцөлийг нэхэмжлэгч бүрдүүлсэн, нэмэлт гэрээгээр гэрээний бүх үүргийг дуусгасан гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.Зохигчийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах-худалдах авах гэрээгээр худалдагч ******* ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай бүхий ******* хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 385,000,000 төгрөгөөр худалдан авагч ******* ХХК-д худалдахаар, худалдан авагч нь гэрээний үнийг хэсэгчлэн буюу 4 хуваан төлөхөөр тохиролцжээ. Уг төлбөрүүдөөс 235,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК төлснөөр худалдан авагчийн үүрэг дуусгавар болохоор гэрээнд заасан ч худалдан авагч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн байна.
Талууд байгуулсан гэрээгээ зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн нөхцөл агуулагдаагүй, харин талууд гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож байгуулсан мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5.Худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг, мөн 3.6-д үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнээр тооцон хоногт 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ. Гэрээний 3.2-т заасан сүүлчийн төлбөр 235,000,000 төгрөгийг заасан хугацаанаас 29 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь 29 хоногийн алданги 34,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргажээ.
Хэргийн баримтаас үзвэл гэрээний 2.1-т зааснаар хариуцагч нь ******* хувийн гүйцэтгэлтэй үйл хөдлөх эд хөрөнгө худалдан авхаар тохиролцсон, гэрээ байгуулсан даруй уг хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй мэдсэн гэж үзэх тул нэхэмжлэгч биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлснээс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэх татгалзал үндэслэлгүй. Харин талууд нэмэлт гэрээгээр гэрээний бүх үүргийг дуусгасан гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Зохигч хожим буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан гэрээний үнэ 385,000,000 төгрөгийг 355,000,000 төгрөг болгон багасгаж, зөрүү 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан төлөхөөр гэрээний 3.1, 3.2-т заасан. Талууд ийнхүү төлбөр тооцоог нэгтгэн харилцан өр төлбөргүй болохоо илэрхийлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* зөвшөөрснийг гэрээний 3.4-т тусгажээ.
Ийнхүү зохигчийн хэн аль нь гэрээний үүргээ биелүүлснээр худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон байна.
Хариуцагч үндсэн гэрээний 3.2-т заасан 235,000,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлж хугацаа хэтрүүлсэн талаар нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр талууд төлбөр тооцоог эцэслэн дүгнэх үед гэрээний нөгөө талдаа тодорхой шаардлага гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн гэрээний 3.6-д заасныг үндэслэн хариуцагч 235,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн талаар алданги шаардах эрх үүсчээ. Хариуцагч ийнхүү алданги төлөх үүрэг үүссэний дараа талууд нэмэлт гэрээ байгуулан гэрээний төлбөр тооцоо дууссаныг харилцан батлах, гэрээний үнийг бууруулснаар нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгөхөөр тохиролцох үед нэхэмжлэгчийн зүгээс алданги 34,075,000 төгрөгийг хариуцагчаас шаардах, буцаан төлөх төлбөрт харилцан тооцуулах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, алданги төлүүлэхээр шаардаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч ******* нь зохигчийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр алданги шаардах эрхээс татгалзсан гэж дүгнэх тул хариуцагч ******* ХХК-аас алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчаас алданги 34,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
6.Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн хариуцлага болох алдангид 34,075,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан шаардах эрхийг бий болгох тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийг баримтлах учиртай. Анхан шатны шүүх үндсэн гэрээнд холбогдох хуулийг шийдвэрт дангаар баримталсан нь учир дутагдалтай болсныг залруулж, холбогдох заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж баримтлсан өөрчлөлтийг оруулна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,325 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Э.ЭНЭБИШ