| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0350/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 355
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д овогт Б.Хад холбогдох эрүүгийн 1918005340398 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д овогт Б.Х /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “..............” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.........” зочид буудлын 1 давхарт иргэн Б.Тыг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож, улмаар зодох явцдаа Б.Тын эзэмшлийн Самсунг А-10 загварын гар утасны дэлгэцийг хагалж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальсны шинэ цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...тамхи авахаар буудлын өрөөнөөсөө гараад явж байхад зочид буудлын хүлээн авагч ажилтны урд цээж нүцгэн ах зогсож байхаар нь “сайхан наадсан уу?” гээд нуруу руу нь нэг алгадчихаад гарсан. Тэгэхэд нөгөө цээж нүцгэн залуу араас гарч ирээд миний толгой руу 2-3 удаа цохисон... Тухайн өдөр зодуулснаас болж миний Самсунг А-10 загварын гар утасны дэлгэц хагарсан... гэх хохирогч Б.Тын мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд манай хүлээн авагч ажилтны ширээний урд нэг залуу хэвтчихсэн “цагдаа дууд” гээд орилоод байсан гэх гэрч Б.Дийн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- ...караокед үйлчлүүлж байсан ах цээж нүцгэн, нэг эмэгтэйтэй ирээд хүлээн авах ажилтны ширээний урд зогсож байтал хажуугаар нь 320 тоот өрөөнд буудалласан ягаан өнгийн футболкатай 30 орчим насны залуу өнгөрөхдөө нөгөө цээж нүцгэн ахын нуруу руу нь маш хүчтэй алгадчихаад гараад явсан. Тэгсэн нөгөө алгадуулсан залуу араас нь “чи намайг яаж байна аа” гээд очсон. Тэгэхэд ягаан өнгийн футболкатай залуу нь цээж нүцгэн залуугийн зүүн талын булчин хэсэг рүү дахиад нэг удаа алгадсан. Тэгтэл цээж нүцгэн залуу нь ягаан өнгийн футболкатай залууг заамдаж буудлын хаалгаар орж ирээд маргалдаж байгаад нүүр рүү нь мөргөсөн. Тэгсэн нөгөөх нь үүрэх гэж оролдоод дийлэхгүй болохоор хөлөөс нь зуураад авахад цээж нүцгэн залуу нь ягаан өнгийн футболкатай залуугийн баруун талын чих рүү алгадчихсан... гэх гэрч У.Уын мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- ...манай хүү Т нь “2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “.........” зочид буудлаас гарч явахад нэг цээж нүцгэн залуу зогсож байхаар нь “сайхан наадсан уу?” гээд ар нуруу руу нь цохичхоод явсан чинь араас ирээд намайг зодчихлоо. Тэр залуу миний чих рүү цохисноос болоод миний баруун чих дүнгэнээд муу сонсоод өвдөөд байна. Мөн миний хамар руу цохисноос болж цус гарчихсан байсан...” гэж ярьсан... гэх гэрч Д.Мийн мэдүүлэг /хх-ийн 20/,
- “.........” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/,
- Б.Тын баруун чихний гадна суваг бохир цустай, хэнгэрэг 5:7 миллиметр хэмжээтэй гэмтлийн гаралтай тос цоорхой цус хурсан улайж үрэвссэн гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт, чихний хэнгэргийн гэрэл зураг /хх-ийн 23-24/,
- Б.Тын баруун чих орчимд улайсан байна гэх Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-28/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаартай “Б.Тын биед баруун чихний хэнгэрэг хальсны шинэ цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх шарх нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “иргэн Б.Тын эзэмшлийн Самсунг А-10 загварын шинэвтэр гар утас 369.000 төгрөг, Самсунг А-10 загварын гар утасны хагарсан дэлгэцийг солих зардал 180.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тын биед баруун чихний хэнгэрэг хальсны шинэ цооролт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Тын “...Б.Х нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 58/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Хын 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.........” зочид буудлын 1 давхарт иргэн Б.Тыг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож, улмаар зодох явцдаа Б.Тын эзэмшлийн Самсунг А-10 загварын гар утасны дэлгэцийг хагалж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальсны шинэ цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “......................” ХХК-нд менежер ажилтай, сарын 1.500.000 төгрөгийн цалинтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, “Мөнх-Инспайринг” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47/, Б.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Т нь шүүгдэгч Б.Хын хажуугаар өнгөрч явахдаа “сайхан наадсан уу?” гэж нуруу руу нь алгадсан зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Иймд шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР