| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00452/И |
| Дугаар | 130/ШШ2016/00572 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2016/00572
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын /дарга Л.Ө, утас ***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Х, *** дугаар хороо, **** тоотод оршин суух, Дн Мд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М төв төрийн бус байгууллагыг татан буулгах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй М төв төрийн бус байгууллага нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: М төв төрийн бус байгууллагын үйл ажиллагааг голлон явуулж байсан хүмүүс Казакстан улс рүү нүүсэн бөгөөд татан буулгахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: М төв төрийн бус байгууллага нь хуульд заасан хугацаанд шинэчилсэн бүртгэлд ороогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу аймгийн Төрийн сан болон Татварын хэлтэст мэдээ, тайлангаа гаргаж өгөөгүй. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар уг төрийн бус байгууллагыг татан буулгаж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д хуулийн этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь тус шүүхэд М төв төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.
М төв төрийн бус байгууллага нь өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ба төрийн бус байгууллагаас нийгэмд, гишүүдэд үйлчилдэг байгууллага бөгөөд Монгол улсын онгон, дахин давтагдашгүй байгалийг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийг байгальтай зөв харьцуулах, байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн үзэл үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн иргэдийн нийгмийн идэвхи санаачилгыг дэмжихийг гол зорилгоо болгон 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан болох нь М төв төрийн бус байгууллагын дүрэм, 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тогтоол, мөн өдрийг хурлын тэмдэглэл, тус холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Мгийн Монгол Улсын Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамны сайдад гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш М төв төрийн бус байгууллага нь 8 жилийн хугацаанд өөрийн үйл ажиллагааг эрхлээгүй, санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад гаргаж өгөөгүй /цахим хэлбэрээр/, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тус хэлтэст тайлан балансыг гаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 5-03/1148 дугаар аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан бичгүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
М төв төрийн бус байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байна.
Хариуцагч Д.Мд шүүх хуралдааны товыг шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр /баримт №3/ мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд М төв төрийн бус байгууллагыг татан буулгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг тус тус баримтлан М төв төрийн бус байгууллагыг татан буулгасугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН