Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 359

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Г.Яндаг,

Шүүгдэгч Б.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Л овогт Б.Чд холбогдох эрүүгийн 1918005180431 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л овогт Б.Ч /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” цэнгээний газарт дижи ажилтай гэх, ам бүл 8, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “....” цэнгээний газарт Б.Э рүү дарсны шил шидэхэд Б.Сийн нүдийг онож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...би ширээнийхээ хажууд зогсож байсан чинь миний баруун талын нүд дээр нэг хатуу юм тас гээд цохисон чинь 2 зөөгч нь ирээд сальфетикаар дараад би ариун цэврийн өрөө орчхоод цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Б надад Ч гээд байсан залуу чиний нүд рүү дарс аваад шидсэн гэж хэлсэн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг явуулсныг би өөрийн ХААН банкны дансаар авсан гэх хохирогч Б.Сийн мэдүүлэг /хх-ийн 8/,

- ...цэнгээний газрын гадаа нөгөө 2 залуутай хамт явж байгаа бололтой нэг залуу нүдээ гараараа дарчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр нөгөө залуу Чийг дуудахаар нь яваад очсон. Тэгээд эмнэлэг дээр очиход цэнгээний газрын гадаа нүдээ гараараа дараад сууж байсан залуугийн нүднээс цус гарчихсан бололтой Чийг “чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? Миний эмчилгээний эм тариаг зөөгөөрэй. Тэгээд тохиролцъё. Найз нь ийм юманд мөнгө төгрөг нэхэхгүй. Би доороо 150 ажилчинтай” гэж хэлсэн. Тэгэхэд Ч “миний буруу, намайг уучлаарай” гээд гар бариад утасны дугаараа өгөөд салсан... гэх гэрч С.Мн мэдүүлэг /хх-ийн 9/,

- ...С бид 2 ширээний хажууд юм яриад зогсож байсан чинь нэг улаан өнгийн цамцтай залуу лангууны урд орилж байснаа эргээд бид 2-ын зүг рүү нэг юм шидэх шиг болсон. Тэгтэл Сийн нүүрэнд шил ирж хагараад зүүн нүднийх нь дээд талаас цус гарахаар нь би Сийг аваад ариун цэврийн өрөөнд орж цусыг нь угаагаад эмнэлэг рүү явсан... гэх гэрч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 10/,

- ...Тэгээд цэнгээний газар хаах болоод Э цэнгээний газрын дижитэй маргалдаж байгаад нэг түлхэх шиг болсон. Тэгтэл нөгөө залуу шил аваад шидсэн чинь Сийн нүдэнд оносон. Сийн баруун нүднээс цус гараад бид гарсан... гэх гэрч Э.Эийн мэдүүлэг /хх-ийн 13/,

- “....” цэнгээний газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Б.Сийн баруун хөмсөгний дээд талд зүсэгдсэн шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 777 дугаартай “Б.Сийн биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сийн биед баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Сийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг явуулсныг би өөрийн ХААН банкны дансаар авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Чий 2019 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “....” цэнгээний газарт Б.Э рүү дарсны шил шидэхэд Сийн нүдийг онож, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.

Иймд шүүгдэгч Б.Ч нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР