| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/05161/И |
| Дугаар | 210/МА2025/01785 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01785
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05882 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* болон ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ““*******” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгах,
“*******” ХХК болон ******* нарын 2021 оны 0*******сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Чингэлтэй дүүргийн *******хороо, *******тоот хаягт байршилтай, 5 давхар, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгах,
2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
“*******” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг *******т буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Манай гэр бүлд мөнгөний хэрэгцээ гарсан тул өөрсдийн компани болох “*******” ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Чингэлтэй дүүрэг, *******хороо, *******тоот хаягт байршилтай, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахаар шийдсэн ба уг асуудлаар 2018 оны 06 дугаар сард *******тай танилцан, түүнээс гаргасан компанийн нэр дээр байсан уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгье гэсэн саналын дагуу миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан өөрийн үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ******* нь компанийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгөх нөхцөлөөр компанийн хувьцааг шилжүүлж авсан.
1.2. Гэвч ******* нь компанийн эрхийг шилжүүлж авснаас хойш 1-2 сарын хугацаанд хүмүүст үзүүлж явсан боловч сүүлдээ надтай холбоо барихаа больж, зугтааж эхэлсэн ба компанийг худалдан борлуулж өгөхгүй байсан тул хувьцаагаа буцаагаад шилжүүлж өг гэхэд ******* надаас их хэмжээний мөнгө нэхсэнээр маргаан үүссэн. Ийнхүү миний бие 2018 оны 10 дугаар сард *******ыг залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан ба Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн *******дугаартай хэрэг нээж, 2 жил гаруй хугацаанд шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.3. ******* нь “*******” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул миний бие 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөөгүй бөгөөд компанийн эрхийг шилжүүлж өгөхгүй байсан тул Иргэний хуулийн 20*******зүйлийн 204.1-д заасныг баримтлан гэрээнээс татгалзаж, улмаар “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөх тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж ажиллагаа хийлгэсэн.
1.4. Дээрх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудаар ******* нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******тай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, компанийг түүнд шилжүүлсэн байсан, мөн ******* нь 2021 оны 0*******сарын 02-ны өдөр *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн болохыг олж мэдсэн. ******* нь бусдын өмч хөрөнгө гэдгийг мэдсээр байж *******, ******* нарт компанийг шилжүүлснээр надад 3.6 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулсан.
Өөрөөр хэлбэл, надтай хөрөнгийн маргаантай гэдгээ мэдсээр байж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******тай “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна.
Мөн Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар надаас зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар хэлцэл хийсэн.
******* нь компанийн эрхийг *******, ******* нарт шилжүүлж өгснөөр “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээд шууд захиран зарцуулах боломж нөхцөлийг өөрийн үйлдлээр бий болгосон.
1.5. Мөн хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК-ийн захирал ******* нь *******тай 2021 оны 0*******сарын 05-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан дээр дурдсан эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байсныг олж мэдсэн.
Миний бие “*******” ХХК-ийн захирал ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1.6. Иймд дээрх үндэслэлээр өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор бусдын хууль зөрчиж, хууран мэхлэх замаар хийгдсэн гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар болох компанийн хувьцаа болон эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие зөвхөн баталгааны гэрээнд гарын үсэг зурсан. Надад хуулийн дагуу шилжиж ирсэн хөрөнгийг гаргасан мөнгөө олж авахын тулд баталгааны гэрээ хийж өгсөн. Найзынхаа мөнгийг хүртэл ******* гэх хүнд өгсөн. Тухайн мөнгийг олж авахын тулд хийсэн. ******* гэх хүнийг огт танихгүй, харж байгаагүй. ******* гэдэг хүн надтай 2016 онд уулзсан. Тэр үед өрөөнд нь ороход энэ хүн байсан ба “би чиний өмнөөс *******ын өрийг төлье” гэсэн. Би тэгэхэд нь “бэлэн мөнгө байна уу, гаргаад ир, би мөнгөө олж авч байвал хамаагүй” гэж хэлсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Гэтэл одоо худлаа яриад байна гэжээ.
3. Хариуцагч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******ийн нөхөр *******, компанийнх нь нэг хувьцаа эзэмшигч, ерөнхий геологич *******, мөн хоёр компанийн гүйцэтгэх захирал *******, ******* нар 09 дүгээр сар хүртэл надтай уулзаж “мөнгийг түр хэрэглээд буцааж өгнө” гэх яриа хэлцлийг хийж байсан. Энэ явцад надад тухайн объектоо зарж борлуулаад өгнө гэж хэлсэн.
Эдгээр хүмүүс “надаас мөнгө авмаар байна” гэж надтай холбогдсон ба бид өөр дээрээ шилжүүлэн авч, төлбөр мөнгийг төлье, хамтраад явъя гэсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй гэдгээ хэлээд өгсөн бөгөөд энэ хугацаанд үүссэн бусад хүмүүсийн 2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг хамт хариуцаад явбал би шилжүүлж өгье гэсэн саналыг хүлээн авсан.
3.2. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийж, компанийн хувьцааг шилжүүлж авсан. Миний бие *******т компанийн гэрээтэй холбоотой мөнгийг шилжүүлсэн. *******ийн нэр дээрх данс руу 2 удаа гүйлгээ хийсэн. Үүнээс өмнө 07 дугаар сард мөнгө өгч байсан ба *******ийн өмнөх 2 эхнэрт мөнгө өгсөн баримтууд байгаа. Тухайн компанийн хувьцааг хүлээн авч, холбогдох бичиг баримтыг хууль ёсны дагуу хүлээн авсан.
3.3. Үүний дараа өр төлбөртэй холбоотой асуудлууд үүссэн. 2017 оны 01 дүгээр сард *******гаас “*******” ХХК зээл авч барьцаанд тавьсан байсан ба 2017 оноос хойш төлбөр төлөөгүй учраас шүүхэд дуудагдсан. Мөн хуучин эхнэр *******тэй холбоотой Баянзүрх дүүргийн шүүхэд шийдвэрлэгдэж байсан маргааны улмаас битүүмжлэгдсэн байсан. Түүнчлэн газрын эрхийн хугацаа дуусаж, төлбөр төлөөгүй учраас цуцлагдсан, хөрштэйгөө газрын маргаантай байсан тул зарах боломж байгаагүй, ганцхан надад хувьцааг барьцаалж мөнгө авах боломж байсан. Би энэ хугацаанд бүх төлбөрийг үүргийн дагуу бүрэн хийсэн.
3.4. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаад намайг залилсан гэж гомдол гаргасан. Үүний дагуу 12 дугаар сарын 06-ны өдөр бүх эд хөрөнгийг битүүмжилсэн. Хэрэг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Миний бие эдгээр хүмүүсээс залилан хийж аваагүй, төлбөрийг төлж, өртэй байсан компанийг нотариатаар орж, улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлэн авсан.
3.5. *******гаас авсан зээлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул төлбөр мөнгийг төлөхөөс өөр аргагүй болсон. Нийт 3 жилийн хугацаанд 880,000,000 төгрөгийн зээлтэй байсан. “*******” санхүүгийн байгууллагад өмнө нь утас, машин, байр зэргийг барьцаалж зээл авсан байсан учраас нэгдэх санал тавьсан. Эд нартай холбогдож зээлийн гэрээг байгуулсан. 800,000,000 төгрөгийн шугаман зээл байсан боловч 800,000,000 төгрөг аваагүй. Тухайн 800,000,000 төгрөгөөс 203,775,000 төгрөгийг н.******* захирал жижиг, дунд үйлдвэрийн зээлд төлсөн. Уг зээлээс өмнө нь 100,000,000 төгрөгийг төлсөн байсан ба компанийг шилжүүлж авахад нийт зээлийн үлдэгдэл 840,000,000 төгрөг байсан. Нийт 1,250,000,000 төгрөгийн зээл авснаас 840,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Үлдэгдлээс тодорхой хэсгийг “*******” ХХК төлсөн. Үүний үндсэн дээр барьцаанаас ордер, эд хөрөнгийг суллаж авсан.
3.6. ******* болон н.******* нарын төлбөр тооцоо нийлээд ойролцоогоор 100,000,000 орчим төгрөгийг авч, төлбөр тооцоо дууссан учраас ******* гэх хүн рүү шилжүүлсэн. Миний төлбөр тооцоотой холбоотой 2 тэрбум орчим төгрөгийн өрийг хамтад нь хариуцахаар тохирсон. ******* нь ******* гэх хүнийг танихгүй, баталгааны гэрээнээс өөр зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй.
3.7. Миний бие хувьцаа шилжүүлж авах ганц боломж нь байсан ба 880,000,000 төгрөгийг өгсөн. ******* нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. *******гаас авсан зээлийг дарсан. Тухайн объект одоо хүртэл зарагдаагүй, м.кв талбайн тал нь байхгүй болсон. Газар нь цуцлагдсан байсныг хөөцөлдөж олж авсан. Эдгээр хүмүүс зээлсэн мөнгөө өгдөггүй, бид нараас авсан мөнгийг өгдөггүй, газрыг шилжүүлж өгдөггүй, суллаж өгдөггүй, шүүх, цагдаагийн байгууллагаар явж 7-8 жилийн хугацаа өнгөрч байна гэжээ.
4. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь 2017, 2018 онд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээгээр *******т шилжүүлснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа атлаа шинжүүдийг тайлбарлаагүй. Хэрэв энэ нь дүр үзүүлсэн хэлцэл бол тухайн хэлцлийн санаа зорилго тодорхой байх ёстой бөгөөд анхнаасаа хүчин төгөлдөр бус байхыг мэдэж байх агуулга яригдана. Мөн цагдаагийн байгууллагад анхнаасаа залилсан, мэхэлсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан боловч залилж мэхэлж аваагүй нь тогтоогдсон.
4.2. Түүнчлэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууран мэхэлж авсан бол хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг мэдсэнээс хойш 1 жилийн дотор шаардлага гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хэлцэл нь 2018 онд хийгдсэн тул хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг утгаар мөн тайлбарлаж байна. Гэтэл энэ хэлцлүүд яг аль хэлцлийг халхавчлаад байгаа нь тодорхой бус буюу ямар хэлцлийг халхавчилсан гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй байна.
4.4. *******аас ******* руу, *******аас ******* руу шилжүүлсэн хэлцэл нь бүгд хуулийн дагуу хийгдсэн. Ямар нэгэн харилцааг нуугаагүй. ******* нь тухайн хүмүүсээс авлагатай байсан нь “*******” санхүүгийн байгууллагын *******, н.******* нарт хамааралгүй. “*******” санхүүгийн байгууллага нь н.*******, ******* гэх 2 хувьцаа эзэмшигчтэй.
Тухайн хүмүүсийн мөнгийг ******* авсан ба ******* нь төлбөрөө төлөхгүй байгаа учраас бид нар баталгааны гэрээ, зээлийн гэрээ байгуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу авсан.
Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилгоос хазайсан, хэлбэр зөрчсөн хэлцэл хийсэн гэх үндэслэл ярьж байгаа боловч энэ талаар холбогдуулан гаргасан ямар нэгэн шаардлага байхгүй.
4.5. Хүчин төгөлдөр хэвээр байгаа гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эзэмшсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тухайн эд хөрөнгийг авах ажиллагааг хийхдээ ******* болон өмнөх эзэмшигч нараас зөвшөөрөл авах шаардлага байхгүй. 2018 онд *******т шилжин ирж 3-4 жилийн хугацаа өнгөрсөн байсан учраас түүнийх гэж ойлгосон. ******* болон ******* нараас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар шаардаж байсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байдаггүй. Талууд нь санаа зорилгоо харилцан мэдэж, өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан нь нотлогдох ёстой. Санаа зорилготойгоор, тооцоолж хийнэ. Гэтэл хариуцагч нар хоорондоо энэ талаар урьдчилан ярилцсан зүйлгүй ба мөнгө өгсөн, өгсөн мөнгөнийхөө төлбөрт компанийг авсан. Компани тодорхой хөрөнгөтэй байсан учраас баталгааны гэрээ байгуулж авсан. ******* төлбөрөө төлөхгүй байсан тул хөрөнгийг авсан. Баталгааны гэрээ, зээлийн гэрээ хийсэн, мөнгө авсан, авсан мөнгийг “*******” санхүүгийн байгууллага болон н.*******, ******* нараас *******ын өр төлбөртэй этгээдүүд рүү шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.
4.6. “*******” ХХК нь *******гаас 2017 онд зээл авахдаа тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. *******ийн холбоо хамаарал бүхий “*******” ХХК нь зээл авсан байсан. “*******” ХХК-ийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан тул суллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид зээлийн гэрээ, баталгааны гэрээ байгуулж, тухайн компанийг хүлээж авахдаа хоосон компани авч болохгүй учраас *******ын зээлийг нэмэгдүүлсний үндсэн дээр баталгаа гаргуулж, эд хөрөнгийг шилжүүлэн авах асуудлыг ярилцсан. Үүнээс хойш тодорхой хугацаанд ******* зээлийг төлөөгүй тул бид шүүхэд хандсан. Шүүхийн журмаар эд хөрөнгийг суллах шийдвэр гарсан бөгөөд бид тухайн эд хөрөнгийг биет байдлаар хүлээн авсан. Энд ямар нэгэн нуун дарагдуулсан, дүр үзүүлсэн хэлцэл байгаагүй.
4.7. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буй өвчтэй байсан, жирэмсэн байсан зэрэг нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болох шалтгаан биш. Эдгээр шалтгаанаар гэрээнд гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл биш. Худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан.
4.8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан ******* болон ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ““*******” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******, ******* нарт даалгах, “*******” ХХК болон ******* нарын 2021 оны 0*******сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Чингэлтэй дүүргийн *******хороо, *******тоот хаягт байршилтай, 5 давхар, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгах, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “*******” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг *******т буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98,750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулж, хэргийн үйл баримт, шаардах эрхийн үндэслэл, эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
6.2. Шүүх “хэрэгт цугларсан баримтаар ******* нь *******ийг хууран мэхэлж, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, ******* нь компанийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах зорилгоор “*******” ХХК-ийн хувьцааг *******т шилжүүлсэн гэх тайлбар нотлогдоогүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба энэхүү дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий болж чадаагүй.
Учир нь нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “*******" ХХК-ийн өмчлөлийн 1,035.32м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар шийдэж өөрсдөө болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулж худалдахаар *******тай танилцан нэхэмжлэлд дурдсан агуулгаар ярилцаж тохиролцож байсан үйл баримт нь хэрэгт авагдсан 2 удаагийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компанитай хөрөнгө худалдан борлуулахаар байгуулсан гэрээ, жирэмсний карт, хүүхдийн төрсний гэрчилгээ, прокурорын байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба хувьцаа худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулах болсон гол шалтгаан нөхцөл, зорилгыг шүүх зөв тодорхойлж чадаагүй.
Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч *******тай байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг нь шаардсан. Өөрөөр хэлбэл, ******* анхнаасаа нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хууран мэхлэх замаар байгуулсан, компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгнө гэж дүр үзүүлж, ямар нэгэн хүсэл, эрмэлзэлгүй хэлцэл байгуулсан, хамтарч ажиллахаар тохиролцсон /компанийн үйл ажиллагааг сайжруулах, бусдад төлөх өр төлбөрийг нь төлж барагдуулах зорилгоор/ гэж тайлбарлан өөр хэлцлийг халхавчилж гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарласан боловч эдгээр үндэслэлийн талаар шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Мөн хариуцагч шүүхэд тайлбарлахдаа компанийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авснаас хойш 800 гаруй сая төгрөгийн зардал гаргасан, энэ зардлыг төлсөн тохиолдолд компанийг буцаан шилжүүлж өгөх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүйг шүүх харгалзан үзээгүй.
6.3. Анхан шатны шүүхийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр байх тул үүнээс хойш байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ““*******” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 0*******сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хувьд нэхэмжлэгчийн субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Нэхэмжлэгч ******* 2018 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 10 дугаар сард гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, улмаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчийг эрэн сурвалжлуулах, хариуцагчийг албадан ирүүлэх зэрэг ажиллагааг хийлгэж байх хугацаанд хариуцагч тал нэхэмжлэгчтэй маргаантай байгаа гэдгээ мэдсээр байж “*******” ХХК-ийн хувьцааг *******, ******* нарт шилжүүлж, улмаар компанийн нэр дээр бүртгэлтэй байсан эд хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн баталгаанд баталгаа гаргах, баталгааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг *******тай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу түүний өмчлөлд шилжүүлэх зэргээр эрх зүйн үр дагавар бүхий харилцааг үүсгэсэн нь хууль зөрчсөн байхад энэ талаар шүүхээс үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* 2018 оны 11 дүгээр сараас хойш маргаантай харилцаа байгааг мэдсэн атлаа компанийн энгийн хувьцаа, эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, захиран зарцуулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад маргаан бүхий гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр байна, нэхэмжлэгчийн субьектив эрх, ашиг хөндөгдөөгүй гэх шүүхийн дүгнэлт илтэд үндэслэл муутай болжээ.
Хариуцагч ******* нь “*******” ХХК-д 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь сайжруулсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй ба ******* хэлцэл байгуулахдаа “*******” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж өгөх санаа зорилго, хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан төдийгүй хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон гэх тайлбар нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэхэд хүргэж байна.
6.4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээний зүйл болох “*******” ХХК болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш ******* нь дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гapгax хууль зүйн боломжгүй тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь ******* нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахаас өмнө “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан талаар талууд маргаагүй, энэ үед компанийн нэр дээр 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө бүртгэлтэй байсан эсэх талаар талууд маргаагүй байхад өмчлөгч биш ******* нэхэмжлэл гаргах боломжгүй гэх агуулга бүхий шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна.
Хэрэгт авагдсан “******* ББСБ” ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Баталгааны гэрээ”-нд заасан эд хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон болох нь нотлогддог. Үүний дараа 2021 оны 0*******сарын 05-ны өдөр “*******” ХХК, ******* нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж 10,000,000 төгрөгөөр компанийн нэр дээр байсан хөрөнгийг худалдсан нь нэхэмжлэгч *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг буцаан шаардсан бөгөөд энэ шаардлага нь хариуцагч *******тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай шууд хамааралтайг шүүх анхаараагүй байна.
Нэхэмжлэгч ******* өөрийн эрх, эд хөрөнгөө ямар нэгэн санаа, зорилгогүйгээр бусдад шилжүүлэх, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Нөгөө талаар хариуцагч мөн ямар нэгэн субьектив санаа зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч өөртөө, бусдад давуу байдал бий болгох нь гэрээний чөлөөт байдлын болон тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
6.5. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн гэх үүсгэн байгуулагчдын хурал гэх баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үед “*******” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь ******* ганцаараа байсан бөгөөд 1 үүсгэн байгуулагчтай учраас хурлын тэмдэглэл гэх баримт үйлдэхгүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэх баримтаар компанийн аливаа шийдвэр гарах учиртай. Түүнчлэн ******* нь тухайн компанийг *******т шилжүүлэх хувьцаа эзэмшигчийн шийдвэр огт гаргаагүй байдаг ба энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
7.2. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох ач холбогдол бүхий баримтуудыг үнэлээгүй, мөн шүүхийн шийдвэрт яагаад үнэлээгүй талаар огт дурдаагүй. *******ийн хувьцааг хариуцагч *******т шилжүүлэхээс өмнө маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарж борлуулахаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлах компаниудад хандаж байсан баримтыг, ******* нь өөрөө тухайн үед бага насны нялх 1 хүүхэдтэй, жирэмсэн байсныг нотлох баримтыг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбарыг тус тус анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл үүнийг анхан шатны шүүх огт үнэлээгүй.
7.3. Миний шүүх хуралдаанд мэдүүлсэн маш чухал, ач холбогдол бүхий мэдүүлгүүдийг шийдвэрт тусгаагүй. Тодруулбал, хариуцагч *******аас 830,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч талд оруулаагүй талаарх үндэслэл бүхий тайлбарыг шийдвэрт огт дурдаагүй.
7.4. Анхан шатны шүүх хариуцагч *******ын тайлбарыг үндэслэн “хариуцагч ******* нь худалдан борлуулах зорилгоор аваагүй, компанид хөрөнгө оруулалт хийсэн, түүнээс авлагатай байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Хариуцагч ******* нь “*******” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь баримтаар нотлогдсоны үндсэн дээр тогтоогдох ёстой ба ******* нь 830,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч талаас уг 830,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан талаар нотлох баримтуудыг хариуцагч *******аас гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөн хөрөнгө оруулалт оруулсан гэх баримтыг зохих газраас гаргуулах хүсэлтийг хангаагүй тул нэхэмжлэгч талаас өөрийн дансны хуулгыг 2018-2021 оныг дуустал хугацаагаар гаргаж өгсөн. Энэхүү дансны хуулгаар ******* нь 830,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шилжүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч тал нотолсон. Мөн прокурорын тогтоолоор хаагдсан эрүүгийн хэрэгт хөрөнгө оруулалт оруулсан талаар нэг ч ширхэг баримт байхгүй ба үүнийг үзлэг хийлгэж нотлуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
*******, ******* нарын гэрчийн мэдүүлэгт *******ын хөрөнгө оруулалтын талаар тодорхой нарийн зүйл мэдүүлээгүй байхад анхан шатны шүүх эдгээр гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Гэтэл ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй, зарж борлуулж өгнө гэж байсныг нотолсон гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгийг үнэлээгүй, яагаад үнэлэхгүй байгаа талаарх үндэслэл бүхий тайлбарыг шийдвэртээ тусгаагүй байна.
7.5. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь гэрээний дагуу хувьцааны үнэ 1,000,000 төгрөгийг *******т төлсөн, компанийн хувьцаа эзэмшигч болсноос хойш компанийн *******гаас авсан зээлийг төлсөн зэрэг үйл баримт баримт тогтоогдож байх тул дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй гэж үзсэнд гомдолтой байна. ******* хувьцааны үнэ гэж 1,000,000 төлсөн баримт хэрэгт байхгүй, түүнчлэн ******* нь хувьцааны үнийг төлсөн талаар тайлбар гаргаагүй, уг 1,000,000 төгрөгийг хэзээ төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй, нотлох баримт шинжлэн судлахад судлагдаагүй байхад анхан шатны шүүх 1,000,000 төлсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, мөн хэзээ төлсөн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй болно.
Мөн цагдаагийн байгууллагад хандсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ******* нь *******гаас авсан зээлийг бусдаар буюу хариуцагч *******гаар төлүүлж, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад өгөх өр төлбөрт өгч хаалгуулсан үйл явдал болсон нь хэрэгт цугларсан хариуцагч *******, *******, *******, гэрч н.******* нарын мэдүүлэг, “*******” санхүүгийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулсан баримтаар нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, *******гаас авсан зээлийг хариуцагч *******аар төлүүлэх тохиролцоо анхнаасаа байгаагүй гэдэг нь дээрх үйл баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх эсрэгээр нь хариуцагчид ашигтай байдлаар үнэлж байгаа нь үндэслэлгүй юм.
7.6. Анхан шатны шүүхийн 3 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй “*******” ХХК-ийг хариуцагч ******* нь 1 сая төгрөгөөр худалдан авсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү дүгнэлтээр уг хөрөнгийг 1 сая төгрөгөөр худалдах, худалдан авах боломжгүй нь тодорхой харагддаг.
7.7. Анхан шатны шүүх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон хаасан прокурорын тогтоол зэрэг баримтаар хариуцагчийн нарын татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл эдгээр баримтууд нь нэхэмжлэгч *******ээс хариуцагчид *******т ямар шалтгаанаар компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлж өгсөн гэдгийг нотлох баримтууд атал шүүх эсрэгээр үнэлсэнд гомдолтой байна.
7.8. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын тайлбарын агуулга:
8.1. Миний бие *******ийн үүсгэн байгуулсан компанийн гүйцэтгэх захирал *******гээр дамжуулан *******тэй танилцсан ба бид 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээл хэлбэрээр бус, харин барьцааны нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Ийнхүү 08 дугаар сарын 13-ны өдөр ******* надтай уулзаж гүйцэтгэх захирлын удирдлага дор хурал хийж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл болон бусад баримтуудаа ярилцсан. Үүний дараа бид сайн дураараа нотариатаар орж, бүх бичиг баримтаа хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Нягтлан бодох бүртгэлээр уг байгууллага 500,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, 500,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсан бөгөөд би үүнийг шилжүүлж авсан. Хувьцааны төлбөр болох 1,000,000 төгрөгийг би худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт хавсаргасан.
8.2. Үүнээс хойш миний бие компанийн бүх өр, татвар, *******гийн зээл зэрэг санхүүгийн үүргийг бусадтай хамтран төлж, цэгцэлж явсан. Миний бие уг компанийг анхнаасаа зарна гэж хэзээ ч яриагүй, нэг ч удаа зарах гэж оролдож, хэн нэгэнд санал болгож байгаагүй. Энэ компанид зарагдах үндэслэл байгаагүй. Хэрвээ зарах байсан бол би өөрөө ийм их хөрөнгө оруулах шаардлагагүй байсан. Түүнчлэн 2017 оноос зээлийн барьцаанд байсан, мөн уг компанийн захиран зарцуулах эрхийг шүүхийн маргаантай холбоотой түдгэлзүүлсэн байсан. Ийм өр төлбөртэй, шүүхийн маргаантай компанийг борлуулах боломж байгаагүй.
8.3. Миний бие 2018 оноос 3 жил гаруй хугацаанд цагдаагийн байгууллагаар шалгуулсан ба үүний үр дүнд миний оруулсан нийт хөрөнгө оруулалт 880,000,000 төгрөг болох нь тогтоогдсон. Түүнчлэн гүйцэтгэх захирал ******* болон ******* нар энэхүү хөрөнгө оруулалтыг зөвшөөрч, жилийн дараа тооцоо нийлж гарын үсэг зурсан баримт байгаа. Миний бие уг компанийг хууль ёсны дагуу худалдан авч, хувьцааны төлбөрөө бүрэн төлсөн, ямар нэгэн залилангийн үйлдэл хийгээгүй бөгөөд оргон зайлж, нуугдаж яваагүй.
8.4. “******* ББСБ” ХХК-ийн авсан *******гийн 840,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл миний нэр дээр шилжиж ирсэн ба үлдэгдэл 203,000,000 төгрөгийг би төлж барагдуулахын тулд нөгөө талтайгаа тооцоо нийлж тохиролцсон. Энэ төлбөрийг би өөрөө бэлнээр төлөөгүй, харин шууд шилжүүлэх хэлбэрээр зохицуулсан. Ингээд ордерыг сулласны дараа тухайн мөнгийг нөгөө талд шилжүүлж өгсөн гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэгч тал хууль бус хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна. Миний бие нэхэмжлэгч *******ийг танихгүй. Нэхэмжлэгчийн нөхөр надтай уулзъя гэж дуудсан. *******тэй уулзахад би чиний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн. Би миний *******т өгсөн 45,000,000 төгрөгийг хүүтэй нь төлөх үү гэж асуухад тэгнэ, асуудалгүй гэж хэлсэн. Энэ уулзалтад хамт байсан гэрчүүд одоо ч байгаа. Мөн жилийн дараа уул уурхайн ажил эхлэхээр тэр үед нөхөн төлнө гэх мэтээр ярьсан. Гэхдээ би түүнд итгээгүй. Би бичиг баримт гарахаар *******тай учраа олно, харин цаадах үр дагаврыг хүлээхгүй, надад хамаагүй гэж хэлсэн. Ингээд би өөрийн хохирлыг нөхөн барагдуулах гэж оролдсон ч ямар төлбөр аваагүй. Үүний дараа за одоо болсон, энэ компаниа шилжүүлээд ав гэж хэлсэн. Тэгээд дараа нь ******* гэх хүн би мөнгөө олж авна гэж хэлээд уг компанийг авсан гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
10.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүхэд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл бүхий тайлбарыг ирүүлээгүй. Гэрч ******* нь “энэ байшин, барилга бол миний өмч. Би тухайн үед өвчтэй байсан учраас өөрийн эзэмшиж байсан компанийнхаа эрхийг эхнэр *******т шилжүүлсэн. Миний заавраар ******* шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл ******* маш их хөрөнгөтэй байсан мэтээр тайлбарлаж, түүнд холбогдох үйлдлүүдийг өөрөөр ойлгуулж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үед *******ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ******* гэх хүн *******ээс итгэмжлэл авч, түүний нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Анхнаасаа тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсээр байж, гэрээ байгуулах, шилжүүлэх үйл ажиллагааг зөвлөсөн бол одоогийн нэхэмжлэл гаргах үндэслэл нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй.
10.2. Нэхэмжлэгчийн зүгээс хүний мөнгийг авч ашигласны дараа өөрсдөө буцааж авах талаар ярьж, буцааж авна гэх байр суурьтайгаар хандсан. Гэтэл тухайн үед эдгээр хүмүүс өөрсдийн оролцоотойгоор эрх зүйн үр дагавар бүхий бичиг баримт, хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан нь хэргийн материалаас тодорхой харагдана. Тухайн үед уг хэлцлийг байгуулсан этгээд болох нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь гэрээг байгуулснаар ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг бүрэн ухамсарласан. Гэтэл өөрийн байгуулсан гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
10.3. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотойгоор нэг талаас гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, нөгөө талаас тухайн гэрээг дараа нь хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэсэн 2 өөр үндэслэлийг зэрэг гаргасан. Хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны эсрэг хэлцэл хийх, эсвэл хууль, ёс заншлын хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн гэрээ хүчингүйд тооцогдох боломжтой байдаг. Гэтэл уг хэрэгт хуулийн этгээдийг хариуцагчаар татаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт энэ хэлцэл нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд хийгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн тайлбараас үзэхэд, уг хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж үзсэн. Гэвч энэ нь ямар хэлцлийг халхавчилж байгаа болох, эсвэл “******* ББСБ” ХХК-ийн ******* гэх этгээдтэй хийсэн гэрээ хэлцэлтэй ямар холбоотой болох, *******, *******, ******* нартай байгуулсан гэрээнүүд нь ямар утгаар халхавч болсон гэж үзэж байгаа зэрэг асуудлыг тодорхой тайлбарлаагүй. Мөн уг хэлцэл зан заншлын хэм хэмжээг алдагдуулсан гэж үзсэн боловч яг ямар зан заншлын хэм хэмжээг зөрчсөн болохыг үндэслэл бүхий тайлбарлаагүй.
10.4. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн болон баримт нотолгооны үндэслэл хангалтгүй байна гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан ******* болон ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ““*******” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгах, “*******” ХХК болон ******* нарын 2021 оны 0*******сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Чингэлтэй дүүргийн *******хороо, *******тоот хаягт байршилтай, 5 давхар, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгах, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “*******” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг *******т буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч тал нь 2025 оны 0*******сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******ын “*******” ХХК-д оруулсан гэх 840,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой нотлох баримтуудыг хариуцагчаас албадан гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0*******сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/17649 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан дээрх нотлох баримт албадан гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцэхгүй байна. /3хх-ийн 109-117, 118-121-р тал/
Тодруулбал, хариуцагч ******* мөн өдрийн шүүх хуралдаанд “*******” ХХК-д 880,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан талаар тайлбарласан байх боловч бодитойгоор хариуцагч *******аас “*******” ХХК-д ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй үндэслэлд хамаарч байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх “...******* нь *******, түүний нөхөр ******* болон хамаарал бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийсэн, түүнээс авлагатай байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа дээрх мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн “*******” ХХК-д оруулсан гэх хөрөнгө оруулалтад хамаарч байгаа эсэхийг бодитоор тогтоох шаардлагатай байжээ.
Нэхэмжлэгч тал “хариуцагч *******ын “*******” ХХК-д 880,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэх тайлбарыг нотлох холбогдох баримтыг хариуцагчаас албадан гаргуулна” гэж хүсэлтээ тодорхойлсон байхад ямар баримтыг албадан гаргуулах нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасантай нийцэхгүй.
Нэхэмжлэгчид өөрт нь байхгүй баримтыг шүүхийн журмаар буюу хариуцагчаас гаргуулах агуулгатай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан дээрх нотлох баримт албадан гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарна.
3.2. Хариуцагч ******* нь өр төлбөр 500,000,000 төгрөг, өөрийн хөрөнгө нь 500,000,000 төгрөг буюу баланс тэнцүү байсан компанийг шилжүүлэн авсан гэж маргасан байхад ******* болон ******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдах үеийн “*******” ХХК-ийн санхүүгийн тайлан нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
Тухайн үеийн санхүүгийн тайлангаар “*******” ХХК нь ямар баланстай байсан, маргаан бүхий хөрөнгө нь уг тайланд хэрхэн тусгагдсан талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.
3.3. Нэхэмжлэгч ******* нь ““*******” ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Чингэлтэй дүүрэг, *******хороо, *******тоот хаягт байршилтай, 1,035.32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2,500,000,000 төгрөгөөр заруулахаар *******тай 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан” гэж тайлбарладаг ба маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тухайн хэлцэл хийх үеийн зах зээлийн үнэлгээг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 868,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.МӨНХЦЭЦЭГ