Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01988

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10393 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

14,424,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 14,424,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/66 дугаар тушаалаар тус компанийн Маркетинг, борлуулалтын газрын Дуудлага, үйлчилгээний тасагт ********-ийн Оператор, үйлчилгээний албыг нэгтгэсэн байна.

Үүний дагуу ********-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ******** үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Эдгээр үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хамтын гэрээнд заасан хэмжээгээр шаардсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж шаардсан агуулгаар нэхэмжлэл гаргасан байна.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.3-т заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах, 751.2.3-т заасан ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан.

 

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

Мөн энэ хэрэгт хамаарал бүхий ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж шаардсан нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарахгүй.

 

3.3. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг хуульд тодорхой заасан байхад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийг зөрчсөн.

 

3.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчсөн байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь зохих харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч: ********-д холбогдох 14,424,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ