| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00576/И |
| Дугаар | 130/ШШ2016/00576 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00576
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Б овогт Сн Хт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 3934000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Х нь өөрийн аав болох Р.Сн хамт 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сум дахь Х банкны тооцооны төвөөс 4664000 /дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлээр авсан. Зээлдэгч С.Х нь зээлийн барьцаанд өөрийн аав болох Р.Сн тэтгэврийг барьцаалсан боловч аав нь нас барж тэтгэврийн санхүүжилт нь зогссоны улмаас авсан зээлээ хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд С.Хийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл болон хүүгийн үлдэгдэл 3934000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 77 894 төгрөг, нийт 4011894 /дөрвөн сая арван нэгэн мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөгийн төлбөрийг төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус банкны нэхэмжлэлтэй, С.Хт холбогдох иргэний хэргийн хариуцагч С.Х нь 3934000 /гурван сая есөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан банкийг хохиролгүй болгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч С.Хт холбогдуулан үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 3934000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 3934000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Х нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77894 төгрөгийн тал болох 38947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Татварын хэлтсийн Х банк дахь 020000941 тоот данснаас 38947 төгрөг, мөн хариуцагч С.Хээс 38947 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 3934000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Х биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77894 төгрөгийн тал нь болох 38947 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Х банкан дахь Төрийн сангийн 020000941 дугаар данснаас 38947 төгрөг, хариуцагч С.Хээс 38947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН