Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/147

 

 

 

 

                                 

 

                                    

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Ц.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч Ц.Уранцэцэгт холбогдох эрүүгийн 1936000000172 дугаартай, 178/2019/0144/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс-захчин,бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-33 тоотод оршин түр оршин суух, ПМ74043026 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэдэнбалын Уранцэцэг

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 8-16 тоотод байрлах хохирогч Г.Ариунтуяагийн  гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Уранцэцэгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч Хүрд овогт Гүнзэнгийн Ариунтуяагийн / ПИ66112702 регистрийн дугаартай, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай бэр Ш.Мөнхчимэгийн ээж Ц.Уранцэцэг над руу залгаад Ш.Мөнхчимэгийг архи уусан асуудлаас болж хоорондоо хэрэлдсэн.Манай бэр Ш.Мөнхчимэг төрөөд 1 сар болж байгаа хирнээ архи уусан байсан. Өмнө нь бас архи уудаг байсан.2019 оны 08 дугаар сарын 28-ны орой Ц.Уранцэцэг манайд орж ирээд намайг “муу халтар авгай минь“ гэхээр нь би харанхуй бүрэнхийд чамтай хэрүүл хиймээргүй байна гэхэд модон сандал над руу аваад шидсэн чинь миний 2 хөлний өвдөг хэсэгт оносон. Тэгснээ миний цамцнаас заамдаад нүүр лүү нулимахад манай нөхөр бид хоёрыг дарж орон дээр суулгасан.Би бас Ц.Уранцэцэгийн цамцнаас зөрүүлээд заамдсан байсан. Энэ үед бэр Ш.Мөнхчимэг гаднаас орж ирээд миний үснээс зуураад ээжтэйгээ нийлээд намайг орны урдуур татаж унагаасан.Намайг газарт унасан хойно Ш.Мөнхчимэг үснээс зулгаагаад хэл амаар доромжилсон... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/

Гэрч Г.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2019 оны 08 дугаар сарын 28-ны орой манай бэр Ш.Мөнхчимэгийн ээж Ц.Уранцэцэг гэрт орж ирээд манай эхнэртэй маргалдаж, сандал авч шидээд, үснээс нь зулгаагаад байхаар нь би салгах гээд чадахгүй байж байтал гаднаас Ш.Мөнхчимэг орж ирээд мөн эхнэрийг заамдаад авсан.Би гэрээс гараад хүргэн Баасандоржийг дуудчихаад ороод ирэхэд манай эхнэрийг газарт унагачихсан Ц.Уранцэцэг үсдчихсэн Ш.Мөнхчимэг заамдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Ш.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай хоёр найз ирээд миний хөхөнд сүү сайн орохгүй байна гэхэд 2 литрийн пиво авчрахаар нь би тэрнээс 2 стаканыг уусан. Тэр хоёрыг явсны дараа хадам эгч Долгормаа орж ирээд намайг архи уулаа гэж уурлаад миний хацар луу цохиод үсдсэн.Энэ үед хадам аав гаднаас орж ирээд хүүхэд аваад гарсан.Би гарсных нь дараа үсээ самнахад аймаар их үс унаад байхаар нь хадмын гэрт ороод Долгормааг үсдсэн.Энэ асуудлаас 2 хоногийн дараа манай ээж Ц.Уранцэцэг ирээд хадам ээжтэй уулзахаар гэрт нь орсон.Манай эрэгтэй дүү ээжийг дагаж явснаа удалгүй орж ирээд “ аниа та ор, ээжийн толгой руу Г.Ариунтуяа эгч сандлаар цохичихлоо” гэсэн.Тэгэхээр нь би хадмынд ороход хадам ээж манай ээжтэй үсдэлцээд байж байсан.Хадам ээж намайг заамдаад авахаар нь би үсдээд авсан. Хадам аав ирж салгаад ээж Ц.Уранцэцэг цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн...Г.Ариунтуяагийн биед зүүн шилбэ, баруун бугалга, зүүн бугалга,аюулхайд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 21-р хуудас/

Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Г.Ариунтуяагийн зүүн шилбэнд учирсан цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд болох баруун бугалга, зүүн бугалга, аюулхай дахь цус хуралт гэмтэл, зүүн өвдөгний зулгаалт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг баримтлан иргэн Г.Ариунтуяагийн биед гэмтлийн зэрэг тогтоосон... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

Шүүгдэгч Ц.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүргэн Дашнямынд ирчихээд худ Мягмарынд орсон. Оронгуутаа би “ миний охиныг гэртээ тайван байх боломжгүй болгосон байна. Төрөөд удаагүй нялх биетэй хүнийг алгадсан байна, архи уусан юм бол надад хэлчихэж болдоггүй юм уу” гэхэд Г.Ариунтуяа намайг “гараад зайл” гэхээр нь би өмнөө байсан сандлыг Г.Ариунтуяа руу шидсэн чинь зүүн хөлийг нь оноод хөл нь шалбараад тэрнээс нь шүүрхий гарсан байсан.Г.Ариунтуяа босч ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн.Энэ хооронд Ш.Мөнхчимэг бас орж ирээд хадам ээж Г.Ариунтуяатайгаа маргалдаж байгаад үсдээд авахаар нь тэдний хүргэн найз залуутайгаа орж ирээд салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Ц.Уранцэцэгийн охин гэрч Ш.Мөнхчимэг нь хохирогч Г.Ариунтуяаг үсдэж түүний биед хохирол учруулахгүйгээр  халдаж зодсон болох нь Ш.Мөнхчимэгт Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д заасан үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан “Шийтгэлийн хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Уранцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Уранцэцэг, хохирогч Г.Ариунтуяа нар нь худууд бөгөөд охин Ш.Мөнхчимэгийг нь  “ нялх хүүхэдтэй байж архи уулаа” гэж хадам эгч Долгормаа нь алгадсанаас үүдэн Ц.Уранцэцэг охиноо өмөөрөн хадам ээж Г.Ариунтуяатай нь маргалдаж улмаар сандлаар цохиж биед нь гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь хохирогч Г.Ариунтуяаг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч,гэрч нарын мэдүүлэг болон 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Уранцэцэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Уранцэцэгийг хохирогч Г.Ариунтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-39/-аар, хохирогч Г.Ариунтуяагийн ... бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .. гэх / хх-62/ хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Уранцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Уранцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох гэх  дүгнэлт,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ...гэх санал,

Шүүхээс шүүгдэгч Ц.Уранцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Уранцэцэгт тайлбарлаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн TCL  маркийн 20 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/99 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Цэдэнбалын Уранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэдэнбалын Уранцэцэгийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Уранцэцэгт оногдуулсан торгох ялын дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Уранцэцэгт тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн TCL  маркийн 20 инчийн зурагт битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/99 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ц.Уранцэцэгт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Уранцэцэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС

Top of Form