| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2023/02896/И |
| Дугаар | 210/МА2025/01792 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01792
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04710 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 87,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* болон *******-ууд нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г/01/2021 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, *******-ийн гүйцэтгэх захирал *******ын зүгээс *******т баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1 ширхэг барилга, 16 давхар 1 ширхэг орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Гэрээний явцад Хамтран ажиллах гэрээ-г 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдэж, гарын үсэг зурснаар дуусгавар болгосон.
1.2 Улмаар *******-ийн зүгээс гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээний төлбөрт *******, , ******* апартмент хотхоны ны 2 дугаар давхрын 87,000,000 төгрөгийн үнэ бүхий, 43.7 м.кв талбай бүхий орон сууцыг *******-д шилжүүлэхээр тохиролцож, *******-ийн гүйцэтгэх захирал ******* болон *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Г-21/02 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г байгуулсан. Гэтэл ******* нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй.
1.3 *******-ийн гүйцэтгэх захирал ******* болон ******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 дугаартай Хэлцэл байгуулсан. Хэлцэлд дурдсанаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Ш-21/02 дугаартай орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог ******* бүрэн хариуцаж, барилга ашиглалтад ормогц захиалагч талд хүлээлгэн өгөхөөр, энэхүү байрны төлбөр тооцоо нь хамтран ажиллах гэрээний хохиролд ******* нь *******-д олгохоор болов гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, ******* нь дээрх хэлцэл байгуулагдах үед *******-ийн гүйцэтгэх захирлын ажлаа бусдад хүлээлгэн өгсөн байсан болох нь хэрэгт авагдсан бүртгэлийн байгууллагын баримтаар нотлогддог бөгөөд хуулийн этгээдийн өмнөөс иргэн ******* *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Хуулийн этгээдийн өмнөөс иргэн ******* нь хохирлыг хувь иргэний хувиар барагдуулахаар зөвшөөрсөн болох нь түүний гарын үсэг болон байгууллагын тамга дарагдаагүй зэрэг нөхцөл байдлаас тодорхой харагдана.
Иймд *******ээс дээрх хэлцлийн үүрэгт 87,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******-ийн гүйцэтгэх захирал *******той ******* нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1 ширхэг барилга, 16 давхар 1 ширхэг орон сууц барих барилга угсралтын ажилд хамтран ажиллахаар тохиролцсон. Гэвч ******* болон ******* нар нь үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал үүсгэн ажил хэргийн хүрээнд тохиролцоонд хүрч чадаагүй тул хамтран ажиллах боломжгүй болсон тухай мэдэгдсэн.
Өмнө нь үүссэн ажил хэргийн харилцааг алдахгүй, бусад төсөлд хамтран ажиллах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах саналыг тавин талууд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Г-21/02 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ ******* нь биелүүлээгүй.
2.2 Мөн ******* нь *******ийг дарамтлан Г/01/2021 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г 1 хувь үйлдэж, хамтран ажиллах гэрээтэй танилцуулахгүйгээр, гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Уг хэлцэл нь *******-ийн хүсэл зоригийг илэрхийлээгүй хүчин төгөлдөр бус бөгөөд хамтран ажиллах гэрээг цуцалсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 87,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 595,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 595,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх ...талууд өмнөх харилцаанаас үүссэн тооцоогоо харилцан нийлж хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 88,505,481 төгрөгийн төлбөртэй болох талаар дүгнэсэн баримт үйлдэж, *******, хариуцагч компанийн захирал ******* нар гарын үсэг зуржээ гэж дүгнэсэн. Уг баримт болон хэлцэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бус түүнээс хойш хугацаанд гарын үсэг зурагдсан байдаг бөгөөд гарын үсэг зурах болсон шалтгаан, нөхцөл нь *******-ийн гүйцэтгэх захирал *******ын дарамт, шахалттай шууд холбоотой. Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* болон -ийн байгуулсан хамтран ажиллах гэрээг төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан ГСТ/СЛТ-01 тоот гэрээний дагуу хэрэгжүүлэх 3 давхар оффисын зориулалт бүхий, 1 ширхэг барилга, мөн 16 давхар 1 ширхэг орон сууц барих барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор байгуулсан бөгөөд талуудын хамтын үйл ажиллагаа 7 хоногийн хугацаанд үргэлжилж, цуцлагдсан. Энэхүү үйл баримттай нэхэмжлэгч нь маргадаггүй бөгөөд тухайн хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан зардал нь 21,245,481 төгрөг болохыг хүлээн зөвшөөрдөг. *******-ийн хувьд хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст авагдсан баримтаар 21,268,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь баримтаар тогтоогддог.
Мөн өмнөх жилийн тооцоо нийлсэн акт гэх баримтад тусгагдсан үнийн дүнгүүд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч маргадаг. Нөгөөтэйгүүр, хариуцагч *******ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр -д зээл төлөв -с гэх утгатай 59,856,202.47 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 900 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,600,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг бөгөөд дээрх баримтыг шүүхээс үнэлээгүй.
4.2 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, олох байсан орлого хэрхэн үүссэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхээс хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй.
4.3 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэг болон 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг иш татан хохирлыг хариуцах үндэслэлийг тодорхойлсон. Хувьцаа эзэмшигч нь хуульд зааснаас бусад тохиолдолд компанийг төлөөлөн хэлцэл хийх этгээд гэж үзэх үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, үндэслэх хэсэгт дурдсанаар ******* нь *******ийг төлөөлсөн эсэх, эсхүл ******* нь *******-ийг төлөөлсөн эсэх нь ойлгомжгүй.
Мөн хэлцлийн хүсэл зоригийг дарамт, шахалтын үндсэн дээр хүлээн авч гарын үсэг зурсан үйлдлийг ч хүчин төгөлдөр байдлаар тусгасан нь хуулийн зорилгод нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй нь тухайн хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, хуулиар тогтоосон эрх зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах зарчимд нийцээгүй.
4.4 Шүүх гэрч ийн мэдүүлгээр тус ******* нь нэхэмжлэгч *******-тай ямар нэгэн төлбөр тооцоо, санхүүгийн өр авлага байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй төлбөр тооцоо нийлж, хохиролд тооцон орон сууц өгөхөөр тохиролцоог үгүйсгэж чадахгүй, татгалзлыг нотолж чадаагүй байна, хавтаст хэрэг авагдсан баримтаар ******* нь , эсхүл *******-тай хамтран ажиллах гэрээг байгуулаагүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан хэлцэл гэх баримтад энэхүү байрны төлбөр тооцоо нь бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хохиролд ******* /*******/ нь ******* /*******/-д олгохоор болов. Гэрээний хохирлыг үнийн дүнг тооцож барьж буй барилгын 2 дугаар давхрын 2 өрөө 43.7 м.кв 87,400,000 /захиалгын гэрээтэй/ орон сууцаар хохирлыг барагдуулав. гэж тусгасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж хуульчилсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээ хэрэгжээд явж байтал *******-аас гэрээг нэг талын санаачилгаар цуцлах санал гаргасан. Гэрээг өөр хөрөнгө оруулагч олсон тул цуцална гэж харин хохирол болох гарсан зардалтай холбоотойгоор орон сууц өгөхөөр тохиролцсон. Ингээд талууд орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулж байх хугацаанд ******* нь *******-ийн захирал байсан. Гэтэл орон сууц ашиглалтанд орсон боловч *******-ийн зүгээс орон сууцыг өгөөгүй, орон сууц захиалгын гэрээг цуцалж хэлцэл байгуулсан.
5.2 Хэлцэлд 5 асуудал тусгагдсан бөгөөд үүний эхний 4 асуудлыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсэн. Харин хамгийн сүүлийн асуудал болох *******ээс 87,400,000 төгрөг төлөх асуудлыг дарамталж зуруулсан гэдэг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн зүгээс дарамталсан гэдгээ нотолсон зүйл байхгүй. Бид *******-аас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, иргэн *******ээс нэхэмжилж байгаа. Сүүлд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байгаа учраас анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийг *******ээр сольж, *******-д холбогдох шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. /1хх 247/
2.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
2.3 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 87,400,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 ******* болон ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г/01/2021 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр талууд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан ГСТ/СЛТ-01 дугаартай гэрээний дагуу хэрэгжүүлэх 3 давхар оффисын зориулалт бүхий 1 ширхэг барилга, мөн 16 давхар 1 ширхэг орон сууц барих барилга угсралтын ажлын төслийг үргэлжлүүлэх, өмнө нь батлагдсан зураг төслийн дагуу орон сууцны зориулалттай 16 давхар 1 ширхэг барилгын 3 давхар орон сууцны зориулалттай барилгын ажилд хамтран ажиллахаар тохиролцсон. /1хх 7-10/
3.2 Талууд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, актаар ******* нь 88,505,481 төгрөгийн зардал гаргасан болохыг баталгаажуулсан. /1хх 10/
3.3 Дээрх хамтран ажиллах гэрээг цуцалсан талаар зохигч маргаагүй. Мөн ******* нь гэрээг цуцалсантай холбоотой хохирлыг *******-д төлөхөөр тохиролцсон.
3.4 Улмаар дээрх хохирлыг барагдуулахтай холбоотойгоор ******* нь *******-тай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Г-21/02 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь *******т *******, , ******* апартмент, 2 дугаар давхар, 43.7 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр буюу нийт 87,400,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. /1хх 16-19/
3.5 Дээрх орон сууцны барилгын захиалагчаар улсын бүртгэлд ******* бүртгэлтэй, тухайн орон сууцыг салгаж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. /1хх 209/
3.6 *******-ийн гүйцэтгэх удирдлагаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 185/
3.7 *******-ийн гүйцэтгэх удирдлагаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс О.Оргилбаяр, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс *******, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс , 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс нар тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй. /1хх 212-213/
3.8 ******* болон ******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 01 дугаартай Хэлцэл-ийг байгуулсан. Тус хэлцлийн 4-т *******ын нийт авлага 67,260,000 төгрөгөөс -ын ийн нэр дээрх зээл, зээлийн хүүг ******* төлж үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөн авах ба үндсэн зээлд төлөх 54,000,000 төгрөгийг *******ын авлага болох 67,260,000 төгрөгөөс хасвал ******* нь *******т 13,260,000 төгрөгийн өглөгтэй болно. ******* зээлийн үлдэгдэл 59,793,000 төгрөг, *******т 13,260,000 төгрөг, нийт 73,053,000 төгрөг төлөх гэж, 5.а-д 2021-06-24-ний өдөр байгуулсан Ш-21/02 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог ******* бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц *******т хүлээлгэн өгнө. Энэхүү байрны төлбөр тооцоо нь бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хохиролд ******* /*******/ нь ******* /*******/-т олгохоор болов. Гэрээний хохирлын үнийн дүнг тооцож барьж буй барилгын 2 дугаар давхрын 2 өрөө 43.7 м.кв 87,400,000 /захиалгын гэрээтэй/ орон сууцаар хохирлыг барагдуулав гэжээ. /1хх 81-82/
4. Анхан шатны шүүх маргааны анхдагч үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.
4.1 ******* болон ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г/01/2021 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулах цаг хугацаанд *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр *******, *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ******* нар тус тус улсын бүртгэлийн бүртгэлтэй байсан байх тул дээрх хамтран ажиллах гэрээг эрх бүхий этгээд байгуулсан гэж үзнэ. Гэрээний агуулга, зорилго, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл ******* болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
4.2 Гэрээний нэг тал болох ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой талууд гэрээг цуцалж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр акт үйлдсэнээр тэдний хооронд үүссэн хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болж, мөн зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар үүргийг талууд дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах хугацаанд *******-аас 88,505,481 төгрөгийн зардал гаргасан талаар талууд акт үйлдэн баталгаажуулсан байна.
5. Ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгосонтой холбоотой ******* нь хохиролд тооцон *******т 87,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Г-21/02 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь ******* болон ******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай Хэлцэл гэх баримтын 5.а-д 2021-06-24-ний өдөр байгуулсан Ш-21/02 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог ******* бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц *******т хүлээлгэн өгнө. Энэхүү байрны төлбөр тооцоо нь бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хохиролд ******* /*******/ нь ******* /*******/-т олгохоор болов. Гэрээний хохирлын үнийн дүнг тооцож барьж буй барилгын 2 дугаар давхрын 2 өрөө 43.7 м.кв 87,400,000 /захиалгын гэрээтэй/ орон сууцаар хохирлыг барагдуулав гэснээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээ цуцлагдсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах *******-ийн үүрэг тухайн хэлцлээр хариуцагч *******т Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр хэлбэрээр шилжсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч нь ******* болон *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Мөн уг дүгнэлтээр анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт оновчгүй болсон тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэв.
5.1 Тухайн хэлцлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж хийсэн, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******ын дарамт, шахалтаар хэлцэлд гарын үсэг зурсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид орон сууц шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн байна.
6. Хариуцагч нь хэлцэлд заасан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14359 дугаар албан бичгээр тогтоогдож байхаас гадна хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй.
6.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэгэнт хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцны үнэ болох 87,400,000 төгрөгөөр хохирол шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад харшлаагүй байна.
7. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн аас *******-д 21,260,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *******ээс ХХК-д 59,856,202 төгрөг шилжүүлсэн орлогын ордер болон ХХК-ийн зээлдэгч *******ын зээл төлөлтийн дансны хуулга /1хх 127-128/ нь тухайн маргаанд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1 Түүнчлэн, гэрч нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ...******* болон *******-ийн хооронд ямар нэгэн өглөг, авлагын асуудал байхгүй гэж мэдүүлсэн байх боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй байна. /2хх 75/
8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04710 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1, ...206 дугаар зүйлийн 206.1 гэснийг хасаж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН