| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00861/И |
| Дугаар | 151/ШШ2016/01065 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2016/01065
| 2016 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2016/01065 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4-р баг, Тээлийн бригадад байрлах “Сорхон” ХХК, /РД:2053357/-д холбогдох,
Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 28.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8110 төгрөг, нийт 28.008.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сорхон” ХХК-н захирал Д.Байгальмаа нь 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 84 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 12.000.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 50 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Сорхон” ХХК-аас үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8110 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Сорхон” ХХК-ийн захирал Д.Байгальмаа шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Төв аймгийн Сорхон” ХХК нь Жаргалант дахь үрийн нөөцийн салбараас 2015 оны 5 дугаар сард 50 тонн үрийн буудай 1 тонныг нь 800.000 төгрөгөөр тооцож урьдчилгаа төлбөр болох 30 хувь 12.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 28.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буудайгаар эргэн төлөх гэрээ хийж авсан. Одоо үлдэгдэл болох 28.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлөх юм. Нотариатын үйлчилгээний хөлс 4500 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Сорхон” ХХК-аас 28.008.110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Сорхон” ХХК нь 28.008.110 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 28/
Шүүх, хариуцагчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагч “Сорхон” ХХК-иас бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Сорхон” ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сорхон” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 297.990 төгрөгийн 50 хувь 148.995 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 28.008.110 төгрөгийг хариуцагч “Сорхон” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сорхон” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 297.990 төгрөгийн 50 хувь 148.995 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ