| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/01703/И |
| Дугаар | 210/МА2025/01793 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01793
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05037 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4886 дугаар захирамжийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. ******* нь *******-ийн 50 хувийн хувьцааг нэр дээрээ шилжүүлж авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч *******ын гуйлтаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд болох *******-ийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан байхад үйл ажиллагаанд нь оролцдоггүй хувьцаа эзэмшигч *******ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй.
1.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А80 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх бүртгэл хөтлөх журмын 1.1-д шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, саатуулагдсан төлбөр төлөгчийг хүлээн авах, бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна гэжээ. *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* байх бөгөөд үүсгэн байгуулагч *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж тус журмыг зөрчсөн.
Мөн уг журмын 2.4-т төлбөр төлөгч оршин суугаа хаягтаа байхгүйг засаг захиргааны нэгжээс тодорхойлсон, эсхүл эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа, гадаад улсад гарсан болохыг эрх бүхий байгууллага тодорхойлсон бол шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтыг бүрдүүлэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж болно гэж заасныг шийдвэр гүйцэтгэгч тогтоосон аливаа баримтгүйгээр гадаад зорчих эрхийг түдгэлзүүлж зөрчсөн байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагааг хүчингүй болгож, *******ийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь нийт 28 гүйцэтгэх баримт бичгийн дагуу 3,903,061,227 төгрөгийн өр төлбөртэй. Төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичгийн 3,019,297,506 төгрөгийг компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийн мөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг даалгаж мэдэгдэл хүргүүлсэн.
Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15262373/17 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч *******т танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай 1-229/40025 дугаар албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа *******ад хүргүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4523 дугаар тогтоолоор *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
2.2 ******* нь урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлоо гаргаагүй. Төлбөр төлөгч *******-ийн дүрмийн 4.4-т Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ гэж заасан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, 84.6 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээхээр заасан. Мөн дүрмийн 3.13-т зааснаар Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу *******, ******* нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Төлбөр төлөгч *******-аас авлагатай иргэн болон хуулийн этгээдийн эрх ашиг одоог хүртэл хүнд байдалтай, төлбөр төлөлт хийгдээгүй ажиллагаа нь удаашралтай үргэлжилсээр байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа *******ын гаргасан 2020 оны 11 сарын 03-ны өдөр 4523 дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагч *******т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг даалгаж мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15262373/17 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч *******т танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн.
Төлбөр төлөгч *******-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1-229/40025 дугаар албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа *******ад хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4523 дугаар тогтоолоор *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдсэн боловч ******* нь гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлоо гаргаагүй.
4.2 Төлбөр төлөгч *******-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт *******-ийн дүрмийн 4.4-т Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ гэж заасан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, 84.6 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээнэ. *******-ийн дүрмийн 3.13-т зааснаар Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу *******, ******* нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.
Иймд Иргэний хуулийн 175, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хилийн хориг тавьсан талаар мэдэгдэлд ******* гарын үсэг зурсан. Хариуцагч нь 4523 дугаар тогтоолыг танилцуулсан, мэдэгдэлд гарын үсэг зуруулсан мэтээр худал тайлбар гаргаж байна. Тухайн үед тогтоол танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан байх, би уншиж танилцаж зураагүй.
Хил хаах, зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг мэдэгдээгүй, энэ талаар хариуцагч нотлоогүй. Мөн хил гараад орж ирсэн гэдэг байдлаар тайлбарлахад үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй гэж тайлбарласан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5 дахь хэсэг хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан. Үүнд анхан шатны шүүх тодорхой зааглаагүй талаар зөв дүгнэсэн.
5.2 Түүнчлэн, журамд зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичиг ирвэл хувьцаа эзэмшигчид хилийн хориг тавьдаг гэж гомдолд дурдсан боловч журмын заалтаас харахад ийм зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал энэ талаар тайлбарласан бөгөөд шийдвэрт дурдсанаар шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх бүртгэл хөтлөх журмын 1.1, 1.2, 2.3, 2.4-т энэ талаар тодорхой заасан. Эдгээр үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
5.3 Мөн урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан нь хавтаст хэргийн 6, 7, 9 дүгээр талд авагдсан. Уг баримтад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариу хамт байдаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь гомдлыг хугацаандаа гаргаагүй, хугацаа хэтэрсэн гэж шийдвэрлээгүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан буюу мэдсэнээс хойш гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хугацаа сэргээн тогтоосон гэж үзэхээр байна. Учир нь мэдээгүй байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож гомдлыг хүлээж аваад сэргээх боломжгүй, 50 хувийн төлбөрөө төл гэсэн хариу өгсөн.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагааг хүчингүй болгож, *******ийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгуулна гэж тодорхойлсон.
5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1-229/40025 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүргүүлсэн байна. /1хх 218-220/ Улмаар, тус албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4523 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /2хх 7-8/ Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.
5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болно. Мөн зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ.
5.2 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн дээрх санал, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны даргын дээрх тогтоол, эсхүл нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж буй эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан нь харилцан адилгүй өөр өөр байхаас гадна уг ажиллагаа нь тус тусдаа эрх зүйн зохицуулалттай байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, энэ нөхцөлд шүүх дээрх хуулийн холбогдох хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодруулаагүй нөхцөлд шүүхийн шийдвэрийн дагуу түүний эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй болжээ.
6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН