| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00869/И |
| Дугаар | 151/ШШ2016/01066 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2016/01066
| 2016 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2016/01066 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр /2-р баг/, Салхит-3-4 тоотод байрлах “Сод ах дүүс” хоршоо /РД:2370409/-д холбогдох,
Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 9.527.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сод ах дүүс” хоршооны захирал С.Энхбаяр нь 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 62 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 4.080.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 17 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Сод ах дүүс” хоршооноос үлдэгдэл төлбөр 9.520.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7110 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Сод ах дүүс” хоршоо нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Төв аймаг дахь Жаргалант сумын үрийн нөөцийн салбараас 2015 онд 18 тонн үрийн будааг 30 хувийн урьдчилгаатай авсан ба 2015 онд ургац алдан төлж чадаагүй төлбөр болох 9.520.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Нотариатын үйлчилгээний хөлс 7110 төгрөгийг мөн төлнө. Уг төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Сод ах дүүс” хоршооноос 9.957.110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Сод ах дүүс” хоршоо нь 9.527.110 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 25/
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сод ах дүүс” хоршоо нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 167383 төгрөгийн 50 хувь 83.691 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 9.527.110 төгрөгийг хариуцагч “Сод ах дүүс” хоршоо нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сод ах дүүс” хоршоо нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 167383 төгрөгийн 50 хувь 89.691 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ