| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/04106/И |
| Дугаар | 210/МА2025/01794 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01794
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 185,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-оос ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авахаар тохирч гэрээний урьдчилгаа болгож 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******аас 185,000,000 төгрөгөөр худалдан авсан ******* маркийн автомашиныг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.
Гэтэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авах гэрээгээ харилцан тохиролцож чадаагүй, худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй тул түүнд өгсөн машинаа эргүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч ******* нь тус автомашиныг худалдан авсан үнэ болох 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл автомашины төлбөрийг төлөөгүй.
Иймд автомашины үнэ 185,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* болон БНХАУ-ын иргэн ******* нар нь *******-ийн сумд ашигт малтмалын ашиглалтын тусгай лицензийг *******-оос худалдан авахаар болж нэхэмжлэгч нь өөрийн 185,000,000 төгрөгийн үнэ бүхий ******* маркийн автомашиныг барьцаа болгон өгсөн ба БНХАУ-ын иргэн ******* 185,000,000 төгрөгийн үлдэгдэл лицензийн төлбөрийг өгсөн тохиолдолд автомашиныг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн нэр дээр шилжүүлсэн ба хариуцагч нь автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа.
2.2 БНХАУ-ын иргэн *******тай лиценз худалдан авах хэлцэл байгуулагдаагүй тул хариуцагчийн зүгээс автомашиныг 130,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Харин автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -оос нийт 185,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -оос улсын тэмдэгтийн хураамжид 1,082,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх автомашиныг хариуцагчид шилжүүлсэн учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болон БНХАУ-ын иргэн нарын хооронд байгуулагдсан Уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг-ийн дагуу ******* маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлсэн. Энэхүү санамж бичгийн агуулга нь нь сумын нэртэй газар орших MV-015616 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшдэг ба БНХАУ-ын иргэн нь уг лицензийг худалдан авахаар урьдчилж тохиролцсон баримт бичиг бөгөөд нэхэмжлэгч ******* нь уг худалдан авах ажиллагаанд зуучлагчаар оролцож, санамж бичгийн 4-т заасан ******* маркийн автомашиныг өөрөөсөө төлбөрийн барьцаа болгон өгөхөөр тохиролцсон тул тухайн автомашиныг хариуцагч БНСУ-ын иргэн -ийн нэр дээр шилжүүлсэн. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч ******* нь уул уурхайн зөвлөгөө өгөх, уул уурхайн ордууд худалдах, худалдан авах харилцаанд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашиныг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авахаар тохирч гэрээний урьдчилгаа болгож шилжүүлсэн гэдгээ тодорхой дурдсан байдаг. Иймд хариуцагч нь автомашины үнийг төлөх үүрэг хүлээхгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авах харилцаа цаашид үргэлжлээгүй тул автомашиныг буцаан өгөх үүрэг хүлээнэ. ******* ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын иргэн -aac өөр бусад этгээдэд зуучилна, барьцаа болгож байлгаж байя, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө зарахгүй байлгаж байгаарай гэсэн тул автомашиныг буцаан шилжүүлээгүй.
4.2 Зохигч автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай ямарваа нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл үүсээгүй, худалдан авахаар амаар болон бичгээр хийсэн хэлцэл байхгүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн автомашиныг лиценз худалдан авах ажиллагааны урьдчилгаа төлбөрийн барьцаа болгон шилжүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн байна.
4.3 Талууд автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авна гэж тохирсон гэж үзэх үндэслэлгүй, үүнийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй байгаа нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь автомашины үнийг төлөхийг шаардах эрхгүй байна.
4.4 Мөн 185,000,000 төгрөгөөр автомашиныг зарах санал гаргаж, хариуцагч нь БНСУ-ын иргэн нь тэр саналыг хүлээж авсан гэдгийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагчид автомашиныг 185,000,000 төгрөгөөр авах хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс автомашиныг *******ын нэр дээр буцаан шилжүүлж, энэ хугацаанд автомашины элэгдэл хорогдлыг тооцож төлөхөд татгалзах зүйлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх боловч бодит байдалд ******* 185,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин авснаа мэддэг. Тухайн үед ******* нь автомашиныг өөр хүнээс аваад *******-д шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан.
5.2 Хариуцагч тал автомашиныг авсан мэтээр шийдвэрлэж хүчээр төлбөр гаргуулсан гэх боловч бодит байдалд автомашиныг буцааж өгөх бүрэн боломжтой байхад буцааж өгөөгүй. Тухайн автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдаж авъя, унаж байя гэдэг агуулгатай зүйл ярьдаг. Мөнгөө өгөхгүй байсаар байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа автомашиныг буцааж өгнө гэх агуулгаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт автомашины үнэ 185,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...******* болон БНХАУ-ын иргэн ******* ашигт малтмалын ашиглалтын тусгай лицензийг *******-оос худалдан авахаар болж нэхэмжлэгч нь өөрийн 185,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг барьцаа болгон өгсөн. Гэтэл гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийн зүгээс автомашиныг 130,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоогүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
4. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн *******-N280 маркийн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн автомашиныг *******-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 5-7/
4.1 Дээрх автомашиныг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч маргаагүй.
5. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Тайлбарлавал, худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл болон түүний үнэ байдаг. Гэтэл хэрэгт талууд автомашиныг худалдах-худалдан авах тухай бичгийн гэрээ авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг гэх автомашины үнийг шаардах эрхгүй.
5.1 Түүнчлэн, хэргийн 37-38 дугаар талд авагдсан *******, төсөл хариуцсан захирал ******* болон БНХАУ-ын иргэн нарын Уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 4-т урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх хүртэлх хугацаанд 185,000,000 /зуун наян таван сая/ төгрөгийн үнэтэй ******* TRD 2020/2022 маркийн автомашиныг барьцаа болгон өгөхөөр тохиролцов. Урьдчилгаа төлбөр худалдагч талд шилжүүлснээр барьцаанд өгсөн автомашиныг буцаан худалдан авагч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцов. гэсэн байгаа нь талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй.
6. Зохигчийн тайлбараар дээрх автомашин бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь тогтоогдсон. Хариуцагч нь тухайн автомашиныг талуудын хооронд ямар гэрээний үүргийн дагуу шилжүүлэн хүлээн авсан болохоо баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг барьцаанд өгсөн гэх татгалзал болон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг тухайн автомашинаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөв.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.
7.1 Дээрх автомашин нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаагийн улмаас нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнийг шаардсан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт харшлаагүй байна.
7.2 Нэхэмжлэгч нь тухайн автомашины үнийг хэргийн 37-38 дугаар талд авагдсан *******, төсөл хариуцсан захирал ******* болон БНХАУ-ын иргэн нарын Уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 4-т урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх хүртэлх хугацаанд 185,000,000 /зуун наян таван сая/ төгрөгийн үнэтэй гэсэн хэсэг болон ******* болон ******* хооронд байгуулагдсан гэх 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0573 дугаартай худалдах-худалдан авах гэрээний үнийн дүн болох 185,000,000 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас автомашины үнэ 185,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...үнийн дүнг зөвшөөрөхгүй, автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авна гэж тохирсон гэж үзэх үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрийн үндэслэл болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН