| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0251/э |
| Дугаар | 2019/ШЦТ/256 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Б.З
Шүүгдэгч Х.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ү-д холбогдох 1921000000225 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Ү. /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Ү нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт байрлах “Энх” зуслан гэх амралтын газрын байранд Б.З-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж биед нь хамрын хянга ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Ү нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт байрлах “Энх зуслан” гэх амралтын газрын байранд Б.З-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921000000255 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ү-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би байшинд ороод З-гийн сууж байсан залгаа орон дээр суусан. Тэгээд удалгүй З өмнө нь даргаар ажиллаж байхдаа 2015 онд байх “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл авалгүй алба хаагч нараа аваад Сүхбаатар аймгийн “Алтан-Овоо” сум руу аялал зугаалгаар явсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан бөгөөд тэр үед би жолоо барьж яваад зугаалганд явж байсан УАЗ маркийн 24-29 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг унагааж байгууллагадаа хохирол учруулж байсан бөгөөд гэтэл энэ талаар тухайн үед Улаанбаатар хотоос урилгаар ирсэн “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн хэлтсийн дарга Баярмагнайд хандаж хэлээд намайг ажлаас нь хал /харин би өмнө нь үндэслэлгүй халагдсан/ гэх мэтийн зүйл хэлж байснаа сүүлдээ намайг “эргүү мал” гээд загнаад байхаар нь би өөдөөс нь “би мал бол та өөрөө мөн мал” гэж хэлээд маргаж байгаад дух орчимд нь гараараа нэг удаа цохиод шууд байшингаас гарч явсан. Намайг гарахад З, Баттулга, Ариунтунгалаг, Баярмагнай нар үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Шөнө яг цаг хэд болж байсныг санахгүй байна ямар ч байсан удирдлагууд байрлаж байсан байранд Л.Баярмагнайгийн хамт юм яриад сууж байхад хажууд нярав Баттулга, үйлчлэгч Ариунтунгалаг хоёр хамт байсныг санаж байна. Ингээд сууж байтал гэнэт хажуунаас өмнө нь надтай хамт ажиллаж байсан жолооч Ү ямар нэгэн шалтгаангүй толгойн тус газарт цохисон бөгөөд миний хувьд Ү-г байшинд орж ирснийг хүртэл мэдээгүй, ямар шалтгаанаас болж яах гэж намайг цохисныг одоо хүртэл ойлгохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч А.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дарга Баярмагнай болон өмнө нь манай “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн даргаар ажиллаж байсан З нар нэлээн халамцуу хоорондоо юм ярьж сууж байсан бөгөөд нярав Баттулга шатны ойролцоо сууж байсан. Ингээд Загдсүрэн нь надад хандаж “чи Ү-г дууд” гэж хэлсэн. ...Би Ү-д “чамайг Загдсүрэн дарга дуудаж байна” гэж хэлэхэд “би орохгүй дарга нартай юу ярих юм бэ, би орохгүй” гээд байсан. Тэгээд би Ү-г дагуулаад байшин руу оруулахад З-гийн хажуу талд буюу орон дээр нь хамт суусан. Тэгээд тэд нар хоорондоо юм ярьж байсан бөгөөд сүүлдээ дуу нь нэлээн чангараад байсан. Миний хувьд хоорондоо ярьж байсан зүйлийг анзаарч сонсоогүй. Тэгэхэд Ү “тиймээ би мал ш дээ” гээд З-гийн өөдөөс үг хэлж байгаад түүний дух орчимд гараараа нэг удаа цохиод шууд байшингаас гараад явсан. ...миний ойлгосноор өмнө нь Загдсүрэн дарга нь байсан. Х.Ү жолооч нь байсан болохоор хоорондоо өмнөх юмаа яриад тэрнээс болж Загдсүрэнг зодох болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хоёр хоорондоо ярьж байснаа дуу нь чангарч миний сонссоноор өмнө нь З нь даргаар ажиллаж байхдаа Ү-г албаны тээврийн хэрэгслийг согтуу жолоодож яваад унагаасан биз дээ гэхэд өөдөөс нь Ү “тухайн үед би ээлжийн амралттай гэртээ согтуу унтаж байхад та намайг сэрээж машин бариулж явуулсан биз дээ” гэх зэргээр ярилцаж байгаад сүүлдээ хэрүүл болж З нь Ү-г “чи мал минь, мал ш дээ” гээд загнаад байсан тэгэхэд нь Ү гэнэт уурлаад З-гийн дух орчимд гараараа нэг удаа цохиод шууд байшингаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаартай:
1. Б.З-гийн биед хамрын хянга ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдий няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын ясны хугарал, духны шарх гэмтэл нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 38, 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921000000255 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Ү нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт байрлах “Энх зуслан” гэх амралтын газрын байранд Б.З-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.З /хх-ийн 12-13 дугаар хуудас/-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Ариунтунгалаг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Б.Баттулга /хх-ийн 22-23 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.З нь өөрт учирсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х.Ү нь гэм хорын хохиролд 378.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Х.Ү-г хохирогч Б.З-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохын дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Х.Ү-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Ү-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Ү нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ү-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ү-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ү-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Ү-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Б.Загдсүрэн нь шүүгдэгч Х.Ү-с гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН