Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/01909

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04556 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: 14,917,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******, ******* нартай 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгасан. Хариуцагч нар нь хүүгийн төлбөрт 700,000 төгрөг төлж, үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 300,000 төгрөг тус тус төлөөгүй.

Нэхэмжлэгчээс гэрээнд заасан хүүгийн хэмжээг 6 хувь болгон багасгаж, үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 600,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 700,000 төгрөгийг хасаж, үлдэх 900,000 төгрөгийг алданги 450,000 төгрөгийн хамт нийт 1,350,000 төгрөгийг гаргуулна.

1.2 ******* нь *******, ******* нартай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан. Хариуцагч нар нь хүүгийн төлбөрт 755,000 төгрөг төлж, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 7,245,000 төгрөг тус тус төлөөгүй.

Нэхэмжлэгчээс гэрээнд заасан хүүгийн хэмжээг 6 хувь болгон багасгаж, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,800,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 755,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,045,000 төгрөгийг алданги 4,522,500 төгрөгийн хамт нийт 13,567,500 төгрөгийг гаргуулна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт бүгд 14,917,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******т мөнгө зээлдүүлдэг байсан боловч заавал төрсөн ахынхаа дансаар дамжуулан зээлсэн нь анхнаасаа ахыгаа өөрийн дарамтад оруулах зорилготой байсан юм байна. *******ийн нийт зээлсэн мөнгө нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 300,000 төгрөг гэдгийг ******* маш сайн мэдэж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн *******ын данс мөн өөр бусад данс руу нийт 14,325,000 төгрөгийг *******ээс шилжүүлсэн.

2.2 *******ийг гэрчээр оролцуулах гэсэн боловч ах, дүү нар хоорондоо учраа ол надаа хамаагүй, би өвчтэй гэсэн. Мөн зээлийн гэрээнд ******* гарын үсэг зураагүй, яг ковид-19 цар тахлын үе байсан учраас гарын үсэг зуруулах боломжгүй байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 14,917,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,768 төгрөгөөс 232,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18,233 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэгт авагдсан нотлох баримт гэгдэх зээл, зээлийн гэрээний сунгалт, тооцоо нийлсэн гэрээ, зээл хаасан гэрээ, гэгдэх *******ын өөрөө зохиож маш их хэмжээний хүү, алданги авсан асуудлыг огт хэлэлцээгүй.

4.2 Шүүх хуралдаанд *******ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. ******* нь хавдрын эмчилгээний дараах нөхөн сэргээх эмнэлэгт яаралтай хэвтсэнээ шүүхэд бичгээр болон амаар мэдэгдсээр байхад хэт нэг талыг барьж хүчээр шүүх хуралдааныг явуулсан.

4.3 Мөн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******ын зохиосон зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд хүүг хасч үндсэн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална гэж зохиосон дүрэм байна.

4.4 Шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй байдаг гэдгээ хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж эрхээ эдэлж чадаагүй. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гарын үсэг шинжлэх боломж байгаа эсэхийг мэдэх боломжоор хангаж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь энэ зээлийн төлбөр нь *******ийн авсан зээлүүдтэй холбоотой гэх агуулгаар тайлбарласан. Гэтэл давж заалдах гомдолдоо энэ талаар дурдаагүй. *******ийн авсан зээлтэй холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэсэн.

5.2 Тухайн зээл нь хариуцагч *******ын дансанд орсон бөгөөд хариуцагч нар зээл авсан. Хариуцагч нар нь зээлийг аваад эргэн төлсөн талаар маргаагүй. Зээлийг ******* төлсөн эсэх талаар маргадаг. ******* нь зээлийг төлсөн эсэх талаар анхан шатны шүүхэд тодорхой тайлбарлаж, энэ талаар нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн.

5.3 Гэрчийг ямар үндэслэлээр асуулгах хүсэлт гаргасан талаар шүүгч асуухад энэ зээлийг ******* төлсөн гэж хэлсэн, ******* тухайн зээлийг анхнаасаа *******тай ярьж авсан үйл баримтыг тогтоолгоно гэж хариулсан. Хариуцагч нь *******т энэ мөнгийг дамжуулж өгсөн гэж тайлбарладаг боловч буцаагаад аваач гэхээр ******* хорт хавдартай, энэ хүнээс авахгүй, би өөрөө төлөх боломжгүй гэх агуулгаар *******ийг гэрчээр асуулгая гэх хүсэлт гаргадаг. Энэ асуудлыг *******ийг оролцуулах шаардлагагүйгээр шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Мөн *******ийг гэрчээр асуулгах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлаар оролцоогүй. ******* нь *******ийг оролцуулах шаардлагагүй гэх тайлбар гаргасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,045,000 төгрөг, алданги 4,522,500 төгрөг, нийт 13,567,500 төгрөг буюу бүгд 14,917,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. ******* болон *******, ******* нар нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ЗГ201907 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 1,000,000 төгрөгийг зээлдэгч *******, ******* нарт 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, 30 хоногийн 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 4/ Улмаар, талууд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, сунгалт-ийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 5 сарын хугацаагаар сунгажээ. /1хх 7/

4.1 Мөн талууд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ201919 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, зээлдүүлэгч ******* нь 5,000,000 төгрөгийн зээлдэгч *******, ******* нарт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай, 30 хоногийн 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 11-12/ Улмаар, талууд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ201919-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, сунгалт-ын гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгажээ. /1хх 13-14/

5. Дээрх зээлийн гэрээнүүдийн мөнгөн хөрөнгө болох 1,000,000 төгрөгийг zeel гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 5,000,000 төгрөгийг зээл гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 9, 15/

5.1 Мөн хариуцагч нь зээлийн гэрээнд зурагдсан *******ын гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09044 дугаар захирамжаар хангаж Шүүх Шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилсон. /1хх 166-168/

5.2 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2119 дугаар шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн хавсралт материалын 12 дугаар талд авагдсан 2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/201919/ тоот гэрээний хавсралт 1, Зээлийн эргэн төлөх хуваарь гэсэн баримтын Зээлдэгч: ******* гэсний ард байх, 13 дугаар талд авагдсан 2020 оны 01 сарын 02-ны өдрийн ЗГ201919-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, сунгалт гэсэн баримтын Зээлдэгч: гэсний доор байх, 14 дүгээр талд авагдсан 2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ201919 тоот нэмэлт гэрээний хавсралт 1, Зээлийн эргэн төлөх хуваарь гэсэн баримтын Зээлдэгч: гэсний доор байх гарын үсгүүд нь тус бүр харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн. /1хх 170-172/

6. Анхан шатны шүүх дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзээд талууд зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үндэслэлээр тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн ...Хэрэгт авагдсан нотлох баримт гэгдэх зээл, зээлийн гэрээний сунгалт, тооцоо нийлсэн гэрээ, зээл хаасан гэрээ, гэгдэх *******ын өөрөө зохиож маш их хэмжээний хүү, алданги авсан асуудлыг огт хэлэлцээгүй гэх гомдлыг хангахгүй.

6.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

6.2 Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 700,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 755,000 төгрөгийг тус тус төлсөн, улмаар гэрээний хугацаа дууссан боловч үлдэх үүргийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүүгийн төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн ...зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд хүүг хасч үндсэн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална гэж зохиосон дүрэм байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт харшлаагүй байна.

6.3 Дээрх 2 зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг 30 хоногийн 10 хувь гэж талууд гэрээгээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүгийн хэмжээг 30 хоногийн 6 хувь гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

6.4 Гэрээний 2.6-д Анз: Зээлдүүлэгч хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 700,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 755,000 төгрөгийг тус тус хариуцагч нар төлсөн гэх тайлбарт үндэслэн анхан шатны шүүх нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 600,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 700,000 төгрөгийг хасч, үлдэх 900,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,800,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 755,000 төгрөгийг хасч, үлдэх 9,045,000 төгрөг, алданги 4,522,500 төгрөг, нийт 13,567,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/00427 дугаар шийдвэрээр *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,705,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. /1хх 35-37/

7.1 Хариуцагч нь зээлийн төлбөрийг ******* *******д төлсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байхаас гадна дээрх шүүхийн шийдвэр нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй хамааралгүй болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

8. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2024/19564 дугаар захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг ...*******ын гарын үсэгтэй тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэх баримт байхгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /1хх 207-208/ Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн ...шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй байдаг гэдгээ хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж эрхээ эдэлж чадаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

8.1 Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09044 дугаар захирамжаар *******ийг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. /1хх 57, 166-168/ Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2024/19565 дугаар захирамжаар гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. /1хх 209-210/ Гэрчийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар дуудсан. /1хх 212/ Улмаар, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2024/21212 дугаар захирамжаар гэрч *******ийг албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. /1хх 218-219/

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаар гэрч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэх тодорхойлолт авагдсан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Илтгэх хуудаст ...би группт байдаг хавдартай химийн хортой эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж байна тус хаягт амьдрахаа байгаад 2 жил болж байна нөхрөөсөө салаад тэнд амьдрахаа байсан гэх тайлбарыг утсаар өгсөн, мөн эмнэлэгт байх магадлагаа viber-р ирүүлсэн тул уг хаягаас *******ийг албадан ирүүлэх боломжгүй байна гэжээ. Мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас гэрч асуулгах хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/24233 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн ...******* нь хавдрын эмчилгээний дараах нөхөн сэргээх эмнэлэгт яаралтай хэвтсэнээ шүүхэд бичгээр болон амаар мэдэгдсээр байхад хэт нэг талыг барьж хүчээр шүүх хуралдааныг явуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

М.БАЯСГАЛАН