Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/01910

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05046 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, эд хөрөнгө хураах тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш2022/03725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00546 дугаар магадлалаар *******оос 246,712,500 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

1.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23410891/01-221 дугаар тогтоолоор *******ын ******* *******, *******, ******* дугаар байр, хаягт байршилтай орон сууцыг битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23410891/221-2 дугаар тогтоолоор хураан авсан. -ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4-221/2158 дугаар үнэлгээний мэдэгдлээр дээрх орон сууцыг 301,690,000 төгрөгөөр үнэлсэн.

Тухайн орон сууц нь дээд зэрэглэлийн герман тоноглол, хийцтэйгээр баригдсан. Мөн хотхон дунд автомашины зогсоол сайтай, дунд голын ойролцоо, утаанаас хол, агаар сайтай гэх зэрэг давуу талтай байсан тул эрэлт их, анх 2014 онд захиалга өгөхдөө 1 м.кв-ын үнийг 2,100,000 төгрөг, нийт 202,671,000 төгрөгөөр захиалж байсан. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны дундаж үнэ 3,500,000 төгрөгийн үнэ, ханштай байхад үнэлгээчин нь 1 м.кв үнийг 3,125,998 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнээс доогуур үнэлж, үнэгүйдүүлж байна. Үнэлгээ хийсэн шинжээчид хүчин төгөлдөр бус болсон хуулийг тайлбарласан тул шинжээчийг хуульд нийцүүлэн үнэлгээ хийсэн гэж үзэхгүй. Иймд үл хөдлөх хөрөнгийг 301,690,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч ******* болон түүний охин , хүү нарын амьдардаг дээрх орон сууцыг битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410891/221-2 дугаар тогтоолоор хураасан. Эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хүүхдүүдийн хамт амьдардаг байрыг хураасан нь хуульд нийцээгүй, тус байранд хүүхдүүд амьдардаг болох нь хүүхдийн асрамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан. Иймд эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00546 дугаар магадлалаар *******оос 246,712,500 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгч *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23410891/01-221 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410891/221-2 дугаар тогтоолоор хураасан.

2.2 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул -ийн шинжээч ийг томилсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгч *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон. Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, *******, *******, ******* дугаар байр, хаягт байршилтай, 96.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 301,690,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн.

2.3 Эд хөрөнгийг битүүмжилсний дараагаар эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоол нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ажиллагаанууд. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулж байна, хуулийн дагуу шинжээчээр томилогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс хөрөнгийг 301,690,000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой, шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураасан болон үнэлсэн ажиллагаанууд хуульд нийцсэн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410891/221-2 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд... хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах...-аар, 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх, 44.2.9 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах-аар тус тус заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан үнийн дүн болох 246,712,500 төгрөг нь тухайн ажиллагааг явуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хөрөнгө байсан. Иймд албадан ажиллагаанд худалдан борлуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэж тус ажиллагаа явагдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тус хөрөнгийг хүүхэд амьдардаг гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хүний эрхийн зарчмыг баримтлаагүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хүний эрхийг хүндэтгэх асуудал нь бусад зарчимтайгаа уялдах ёстой бөгөөд мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шуурхай явагдах ёстой. Тухайн асуудалд хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байх бөгөөд ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оноос хойш удаа дараа хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй нөхцөл байдалд байна гэжээ.

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03725 дугаар шийдвэрээр , нарыг эцэг *******ын асрамжид үлдээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 1,533,823,314 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 52-62/

3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2023/00546 дугаар магадлалаар *******оос 246,712,500 төгрөг гаргуулж *******д олгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 1,287,110,814 төгрөг болон өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх 63-74/

3.2 Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2023/11960 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 183/ГХ2023/01023 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. /1хх 48-51/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23410891 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /1хх 75/

4.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23410891/138 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******, *******, ******* дугаар байр, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, зоорийн давхрын хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлсэн. /2хх 1/

Мөн өдрийн 23410891/138 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , ын дугаар гудамж, хаягт байрлах, мөн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , гудамж, тоот хаягт байрлах, мөн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , дугаар гудамж, тоот хаягт тус тус байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. /2хх 2/

4.2 Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч *******ын өмчлөлийн, маргааны зүйл болох дээрх орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23410891/01-221 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410891/221-2 дугаар тогтоолоор хураан авсан байна. /1хх 82-85/

4.3 Шинжээч -ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр дээрх орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 301,690,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт үйлдэж шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт үйлджээ. /1хх 91/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна. гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зааж өгсөн. Тайлбарлавал, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулахдаа эхний ээлжинд мөнгөн хөрөнгөөс, дараа нь үнэт цаас, улмаар үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөс, эцэст нь бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт журамласан байна. Харин, төлбөр төлөгчид мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1 дэх хэсэгт заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар зохицуулсан байна.

5.1 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгийг олж тогтоох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх тухайн орон сууцыг хураан авсан тогтоол болон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

5.2 Түүнчлэн, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул дээрх хуульд заасан журмыг зөрчин явуулсан төлбөр төлөгчийн өмчлөлийн тухайн орон сууцыг хураан авсан ажиллагаа болон үнэлгээг мөн хуульд нийцсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зарчмын дагуу явуулсан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23410891/221-2 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын .../Шинэчилсэн найруулга/-ийн гэсний дараа ...44 дүгээр зүйлийн 44.4, гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

М.БАЯСГАЛАН