| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 136/2017/0031/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 25
Н.Х, Т.Н, Б.У,
Б.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Д,
Хохирогч: Б.М,
Шүүгдэгч: Н.Х, Б.У, Т.Н, Б.О,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Ж, Т.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Х, Т.Н, Б.У, Б.О нарт холбогдох, эрүүгийн 201610000364 дугаартай, 1 хавтас, 274 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Х, Т.Н нарын өмгөөлөгч Ж.Ж, шүүгдэгч Б.У, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х, У нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
Н /, О нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.У, Н.Х нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сум 1 дүгээр баг, *** гэх газарт орхиж явсан хохирогч Б.Мгийн 05-42 УНД улсын дугаартай, Toyota probox маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 569800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Н, Б.О нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сум 1 дүгээр баг, *** гэх газарт Б.У, Н.Х нар бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Х, Б.У нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Т.Н, Б.О нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт тус бүр эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.О нарт тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт оногдуулсан 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэмд бүхий байранд эдлүүлж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.О нар нь 960 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Х, Т.Н, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 284 900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 287 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 250х30 гэсэн бичигтэй пранцус багаж 1 ширхэгийг устгаж, Пробокс машины урд талын их гэрэл 1 ширхэгийг хохирогч Б.Мд буцаан олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Хын 26-87 ДГО улсын дугаартай, Nissan Wingroud маркийн автомашин, шүүгдэгч Б.Уы Samsung galaxy style dous маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт буцаан олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н, Б.О нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Х, Т.Н нарын өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийн гэм буруутай үйлдлийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд шинжлэн судалж тогтоож чадаагүй хэмээн үзэж байна. Үүнд: Нийн үйлдлийг буюу түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй хэмээн үзсэн нь учир дутагдалтай ба энэ нь хөдөлбөргүй нотлох баримтаар нотлогдон тоггоогдсоны эцэст хүний эрхийн асуудал хөндөгдөх зарчимтай зөрчилдөж байна хэмээн үзэж байна. Уг гэм буруугийн нотолгооны хэсэг нь зөвхөн яллагдагч нарын мэдүүлэг байдаг бөгөөд тиймээс ч прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэнд: Уг үйлдлийг сэжигтэн яллагдагч нарын мэдүүлгээр нотолж байна гэсэн нь ЭБШХ-ийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэсэн хуулийн шаардлагатай зүй ёсоор нийцэхгүй байгааг анхааран үзнэ үү. Н нь уг хэргийн холбогдогч Хын хууль ёсны эхнэр бөгөөд ЭБШХ-нд эхнэр, нөхөр, ах, дүү төрөл төрөгсөд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болох заалтыг зөрчиж түүнийг нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж энэхүү зүйлчлэлээр гэм буруутайд тооцож байгаа нь хуулийн ёсны шаардлагад нийцэхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Оийн мэдүүлгээс үзэхэд: Нийг тухайн үед нөхөртөө хандаж хүний машинаас юм авч болж байгаа юм уу гэхэд тэрээр чамд хамаагүй, дуугүй сууж бай гэсэн байдаг учраас энэ нь түүний уг үйлдлийг илтэд дургүйцэж өөрийнхөө санаа зорилгыг илэрхийлсэн нэг нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл Н нь уг үйлдлийг нь ямар нэгэн байдлаар хөхүүлэн дэмжих субъектив санаа зорилгын хэлбэр тогтоогдох боломжгүй болохыг анхаарах нэг үндэслэл юм. Иймд энэхүү үндэслэлээр Нт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэг гардаг өдөр би согтуу байсан, сайн санахгүй байгаа ч гэсэн Хын надад өгсөн хайрцагтай зүйлийг санаад байдаг юм. Учир нь намайг зөвхөн Хын мэдүүлгээр буруутай гэж үздэг. Харин миний бодлоор бол би тэр машин дээр очоогүй. Очсон бол санах л байсан. Хэрэг гарсан газрын үзлэгийн зураг дээр зөвхөн Хын өмсөж явсан гутлын мөр гарсан байсан. Мөрдөн байцаалтын явцад үүнийг сайн шалгаагүйн улмаас би буруутай болсон. Хын 2 ширхэг дугуй болон аккумляторыг зарсан газрыг би мэднэ гээд авсан хүнийх нь утасны дугаарыг хүртэл мөрдөн байцагч Ариунболдод өгсөн боловч түүнийг шалгаагүй. Дутуу шалгаснаас болж хохирч үлдлээ. Би Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Эвийн гэрээ ХХК-д ажил хийдэг. Улирлын байдлаас болоод амарч байх хугацаанд Таван толгой ХХК-д очиж том тэрэг барьж байгаад охин Ганболор төрөх болоод би ирсэн юм. Гэвч бичиг баримт шаардлагатай болоод буцаж явах болсон юм. Гэвч тэр өдөр Х дайралдаад би Өмнөговь аймаг явах ажилтай гэсэн. Тэгээд би 60000 төгрөгийн бензин хийгээд дайгдаад явсан. Би тэр үед хулгай хийх зорилгогүй, хулгай хийх ч шаардлагагүй байсан. Миний цалин болох 2000000 төгрөг дансанд орсон байсан. Би картаа Хын эхнэрт хадгалуулсан байсан. Иймд миний энэхүү гомдлыг дахин шалгаж мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэжээ.
Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: У хулгай хийгээгүй гэж байгаа боловч хулгай хийсэн болох нь Х нарын мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нар болсон хэргийн талаар маш тодорхой мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч Ж.Жаргалсайхын хувьд Нийг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугүй гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгийг мэдээлэх гэдгийг үл мэдээлэх, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хоёр чинь тэс өөр хоёр зүйл заалт байдаг. Өмгөөлөгч Т.Угийн хувьд эд хөрөнгө захиран зарцуулсан үйлдэл байхгүй байна гэж байна. тэд хулгайн гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн. Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээ хязгаарын хүрээнд хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгийн хүрээнд хохирлыг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд тухайн үед болсон зүйлийг үнэн зөвөөр нь ярьсан бөгөөд Н бид хоёрын мэдүүлгээс хэргийг гэрчлэх баримт хэрэгт байдаггүй. Иймд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгч Н.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. У энэ хэрэгт өөрийгөө ямар ч хамааралгүй гэж хэлээд байна. Данхраад байхгүй машины гакийг авчихсан тохиолдолд машин хувийн жингээрээ унах байсан. Тийм учраас У өөрөө, өөрийгөө өмгөөлсөн үг хэлж байна. Дээр нь намайг хувийн өс хонзон агуулсан гэж байна. У бид хоёр муудаж байсан уу гэвэл муудаж байсан. Энэ ч үүднээсээ намайг буруутгаж байна. Би гэмт хэрэгтэн байж болно, би машин руу халдсан байж болно гэхдээ би Уы хэлж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хамтдаа машин тэрэгнээс буугаад, хамт бие засчихаад, хамт машин руу явсан байж яваагүй гэж хэлж байгааг би ойлгохгүй байна. Нэг ширхэг ч дугуй миний машинд таарахгүй. Машины дугуйг зарсан хүн байж тэр зарсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг хэрэглээгүй гэж байна. У гомдол дээрээ надад 60000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан. Тамхи со дэлгүүр рүү орохдоо надад 40000 төгрөг өгсөн. Өөрт мөнгө дутлаа гээд надаас мөнгө авч байсан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уы хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ саналаа тавьж байсан. Уд захиран зарцуулсан зүйл байдаггүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас дугуй зарсан газраа мэдэж байна уу, очоод зааж өгч чадах уу гэхэд зааж өгч чадна гэсэн байхад үүнийг шалгаагүй байдаг. Эмийн сан болон галын хор зэрэг нь Хын машинд байгаа гээд байдаг. Эдгээрийг өгөх боломжтой учраас хохирлоос хасагдах ёстой. Нэгэнт биетээрээ байгаа учраас мөнгө төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгээр гутлын мөр гарсан байдаг. Үүн дээр зөвхөн Хын гутлын мөр гарсан байдгаас өөр гутлын мөр байдаггүй. О, Н нарын мэдүүлэг дээр сая Х хэлж байна. Хамт гарсан гэж байна. Хамт бие засаад, машин руу хамт явсан гэж байдаг боловч О, Н нарын мэдүүлгээр Х эхэлж буугаад, дараа нь У буугаад, буцаж түрүүлж ирэхдээ хайрцагтай зүйл авчирдаг гэж мэдүүлдэг. Түүнээс биш дугуй авчирсан, багаж, түлхүүр аваад буцаж явсан гэсэн асуудал байдаггүй. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, дахин энэ талаар шалгах нь зөв. Уы давж заалдсан гомдлыг хангаж өгнө үү. Ж өмгөөлөгчийн гаргасан саналтай нэг байгаа. О, Н нарын мэдүүлгээр л нотлогдож тогтоогддогоос өөр ямар нэгэн нотлох баримт хэрэгт байдаггүй учраас Оөд холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирсон учраас гомдолтой байгаа. Надаас их зардал гарсан. Би энэ хүмүүст намайг хохиролгүй болгоод өгчих гэж хэлж байсан. Х 300000 төгрөгийг битүүний өмнөх өдөр өгч шилжүүлсэн. У утсаа ч авдаггүй юм билээ. Одоо болохоор өөрийгөө өмөөрөөд хулгай хийгээгүй гэж байх шиг байна. Хүн ямар нэгэн хохирол гаргасан бол алдаагаа засч чаддаг байвал цаашдаа хэрэг төвөгт холбогдохгүй шүү дээ. Маш их гомдолтой байна, мөнгө төгрөгөө авмаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Х, Б.У, Т.Н, Б.О нар нь Н.Хын 26-87 ДГО улсын дугаартай Ниссан Вингроуд маркийн автомашинаар Өмнөговь аймаг руу явж байхдаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох *** гэх газарт Б.Мгийн орхиж явсан 05-42 УНД улсын дугаартай Тоёота пробох маркийн автомашинаас шүүгдэгч Н.Х, Б.У нар нь аккумлятор, их гэрэл, зүүн гар талын хойд дугуй, запас дугуй, ослын дохионы тэмдэг, галын хор, эмийн сан, архи, чихэр, ууттай боов зэрэг нийт 578.600 төгрөгийн эд зүйлийг бүлэглэж хулгайлсан тул Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Х, Б.У нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрд нь 5 сарын баривчлах ял оногдуулж, шүүгдэгч Т.Н, Б.О нарыг Б.У, Н.Х нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Н, Б.О нарт Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар тус бүрд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэжээ.
Хэргийг шүүгдэгч Б.У, шүүгдэгч Т.Н нарын өмгөөлөгч Ж.Ж, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлуудын дагуу хянан хэлэлцвэл шүүгдэгч Б.У, Н.Х нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь болон хохирогчийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Б.У нь хулгайн гэмт хэрэгт оролцоогүй тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Харин шүүгдэгч Т.Н, Б.О нар нь шүүгдэгч Н.Х, Б.У нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн боловч зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн, тэр тухайг зохих байгууллага албан тушаалтанд мэдээлэх боломжтой байсан атлаа мэдээлээгүй эс үйлдэхүйн хэлбэрээр илрэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын явсан газар, цаг хугацааны талаар тогтоогоогүй, гэмт хэргийн талаар хэн, хэдийд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь тодорхойгүй, энэ талаар тогтоогоогүйгээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нөхцөл үгүйсгэгдэж байна.
Улмаар шүүгдэгч Т.Н, Б.О нарыг дээрх хулгайн гэмт хэргийн талаар лавтай сайн мэдсэн, тэр тухайг зохих байгууллага албан тушаалтанд мэдээлэх боломжтой байсан атлаа мэдээлээгүй гэж үзэх үндэслэл нэгэнт тогтоогдоогүй байхад тэднийг гэмт хэргийн объект буюу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгуулага түүнд оролцогч байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Н.Х, Т.Н нар нь нэг гэр бүлийн гишүүд учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд бие биенийх нь мэдүүлэгт үндэслэж гэр бүлийн гишүүдийг эрүүгийн гэмт хэрэгт тус тус яллаж байгаа нь хүний эрх зөрчсөн нөхцөл байдал юм.
Иймд шүүгдэгч Т.Н, Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Н, Б.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч Ж.Ж, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Уы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 323 дугаар зүйлийн 323.1.2, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “... Боржигон овогт Төмөрхуягийн Н, Боржигон овогт Бат-Олонгийн О нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...“ гэснийг хасч,
2 дугаар заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн Н, Боржигон овогт Бат-Олонгийн О нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,
2 дугаар заалтыг 3 гэж дугаарлан, заалтаас “ ... мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн Н, Боржигон овогт Бат-Олонгийн О нарт тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар ... “ гэснийг хасч,
3 дугаар заалтыг 4 гэж дугаарлан, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч Ж.Ж, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Уы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
А.САЙНТӨГС