Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0247

 

“С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, Ч.У, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Т.Ж, хариуцагч Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Г.Ж нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “С и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаартай шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С и” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбатын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн Кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Галба-Өөш Долоодын сав газрын  захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг буюу 1669 га талбайг усны сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тооцож бүртгэсэн бүртгэл, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулсан бүртгэл, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Г.Ж нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч тал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/1879 дугаар албан бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаа шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрээр нотолсон. Тухайн өдрөөс хойш нэхэмжлэлээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18/019 дугаар албан бичгээр гаргасан нь хөөн хэлэлцэх 18 хоногоор хугацааг хэтрүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэл мөн 14.3-т заасан үндэслэлийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх дараах нөхцөл байдал тогтоогдсон байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С и” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 дугаар албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмын 1669 га талбайг усны сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тооцож бүртгэсэн бүртгэл, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулсан бүртгэл, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Доргоновь аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/786 дугаар захирамжаар[1] “Тус аймгийн Хөвсгөл сумын иргэн Л.Батмөнхийн өргөдлийн дагуу “С и” ХХК-ийн Дадын хар толгой нэртэй газарт байрлах МҮ-020738 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан болон ойн сан бүхий газарт хамаарах газрын байршлыг тогтоох, баталгаажуулахаар ажлын хэсэг байгуулсан” байна.

Энэхүү ажлын хэсгийн шалгалтаар[2] “С и” ХХК-ийн 4312,46 га тусгай зөвшөөрлийн талбай Гөлөөн манхны тойромтой 1669 га талбайгаар давхцалтай гэж үзэн хасалт хийлгэж, кадастрын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж өгөх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэж дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актууд болох Галба-өөш Долоодын говийн сав газрын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09[3], “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 дугаар албан бичгүүд[4] тус тус гарч, нэхэмжлэгч “С и” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас 1669 га талбайг усан сан бүхий газрын мэдээллийн санд бүртгэсэн байна.  

Нэхэмжлэгч “Хариуцагчийг хуулиар олгогдоогүй эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж, усан сан бүхий газарт тусгай зөвшөөрлийн 1669 га талбайг бүртгэсэн” гэж маргаж байгаа бол хариуцагч “Өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг усан сан бүхий газарт хамааруулсан” гэж тайлбарлаж байна.  

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром..., тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хэлнэ”, 3.1.9-д “Онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр..., тогтоосон зурвас газрыг хэлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1.17-д “Улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхтэй”, 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрхийг тусгасан байх бөгөөд 17.1.4-д “Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж,  усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах” гэж тус тус заасан.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ журмын 3.1.2[5], 3.2.1- 3.2.3, 3.2.5, 3.3.1- 3.3.3, 3.4.1, 3.4.2, 3.5.3, 3.5.4, 3.8, 3.9-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны мэдээллийн санд төвлөрүүлнэ” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь усны сан бүхий газар болон түүний онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг усны мэдээллийн санд төвлөрүүлэхээр заасан боловч анхан шатны шүүх энэхүү эрх нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоохоос бус усны сан бүхий газрыг тогтоох эрх хуулиар олгогдоогүй.

Мөн түүнчлэн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд[6] “...2018 онд хур бороо элбэгтэй жил байсан тул тус тойромд тал бүрээс нь хур борооны усны урсац хүрэлцэн ирж, доорх тойром нийт талбайн хэмжээгээр усаар дүүрч байсан...” гэх тайлбар, мөн гөлөөн манханы тойром нь “С и” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн газартай бүхэлдээ давхцалтай[7], энэхүү газар нь усан сан бүхий газарт хамаарч[8] байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан албан бичгүүд болон усны сан бүхий газрын мэдээллийн санд “С и” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн 1669 га талбайг оруулан бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй, хариуцагч нарын хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзэхээр байна.   

Түүнчлэн хариуцагчаас “С и” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1879[9] дугаартай албан бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр[10] хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар 30 хоногийн дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Тодруулбал “С и” ХХК шүүхэд анх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 14 хоногийн хугацаа тогтоосны дагуу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хянаад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.9, 10 дугаар зүйлийн 10.1.17, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С и” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Галба-Өөш Долоодын сав газрын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Энхбатын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн Кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Галба-Өөш Долоодын сав газрын  захиргааны дарга Б.Ялалтбаярын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Г.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 81 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 83-90 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 27 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 80 хуудас

[5] “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, холбогдох мэдээлэл”

[6] 1 хавтаст хэргийн 84 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 96 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 101 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 92 хуудас

[10] 1 хавтаст хэргийн 12 хуудас