| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 116/2025/0038/З |
| Дугаар | 001/ХТ2026/0027 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2026/0027
“Б с т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/М А2025/0779 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0***/ШХТ2026/0063 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагч Г.Б- нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
1.1.Гомдол гаргагч нь “Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б-гийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1“Б с т” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Хил хамгаалах газрын Хилийн цэргийн *** дугаар ангитай хамтран Дорнод-Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай гэрээг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулжээ.
2.2.Улмаар “Б с т” ХХК гэрээнд заагдсан хугацаанаас өмнө “Улсын тусгай хэрэгцээний газар буюу Дорнод аймгийн Матад сумын хил орчмын нутаг дэвсгэр, Дорнод Монголын Дархан цаазат газарт гэр барьж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгалийн хадлан бэлтгэсэн гэж эрх бүхий албан тушаалтнаас холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, Зөрчилд шийтгэл ногдуулах тухай “шийтгэлийн хуудас”- ыг үйлдсэн байна.
2.3.“Б с т” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргаж, үндэслэлээ “...дархан цаазат газар, хилийн бүсэд “дур мэдэн” нэвтрээгүй, хамтран байгуулсан захиргааны гэрээний талаар ямар нэгэн эрх зүйн үнэлэлт өгөлгүйгээр зөвшөөрөлгүй газар ашиглаж, хадлан бэлтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэж,
2.4.хариуцагчаас “... гомдол гаргагчаас гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээнд зааснаар “хадлан бэлтгэх хугацаа 2025 оны 08 дугаар сарын 29-нөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэх” заалтыг зөрчсөн, улсын тусгай хэрэгцээний газарт “дур мэдэн” үйл ажиллагаа явуулсан ...” гэж тус тус маргасан байна.
3. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасныг баримтлан, “Б с т” ХХК-ийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №*** тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.1.Мөн дүгнэлтдээ дээрх 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэрээ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах эрх олгох зохицуулалтад нийцээгүй бөгөөд газар ашиглах, хадлан бэлтгэх эрхийг хуулийн дагуу үүсгээгүй байна.
3.2.Иймд, гомдол гаргагчийн тайлбарлаж буй “гэрээ байгуулсан”, “нэвтрэх зөвшөөрөл олгосон” үйл баримтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, хадлан бэлтгэсэн үйл ажиллагааг зөвтгөхгүй бөгөөд нарийвчлан зохицуулсан дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.
3.3.Түүнчлэн улсын хил орчмын нутаг, Дорнод Монголын дархан цаазат газарт эвдэж орхисон 1899 га талбайн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргаж ирүүлсэн бөгөөд, үнэлгээний нэгдсэн дүгнэлтээр "Хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцоход газрын хохирлын нөхөн төлбөр нь 9,428,710,527 төгрөг, 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн хохирлыг 5 дахин нэмэгдүүлж тооцоход ургамлын хохирлын нөхөн төлбөр нь 39,***6,259,650 төгрөг болж байна.” гэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/М А2025/0779 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б с т" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №*** тоот “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
5.Хариуцагч Г.Б-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
5.1.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “..Нэхэмжлэгчийн хувьд хадлан бэлтгэх хугацаанаас өмнө Дорнод Монголын дархан цаазат газарт нэвтэрч үйл ажиллагаа явуулсан, гэрээний заалт зөрчсөн, үүний улмаас 3 талт гэрээ, хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт байгаа, энэ гаднаасаа зөрчил мэт харагдавч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх нөхцөлүүд дээрх байдлаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл “Б с т” ХХК-ийг улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
5.1.2.“Б с т” ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд гэрээний үйлчлэх хугацаа болоогүй, мөн хадлан бэлтгэх газрыг зааж өгөөгүй байхад, өөрөөр хэлбэл ашиглах газрын хэмжээ, байршил хил заагийг тогтоогоогүй талбайн зураглал гараагүй байхад дур мэдэн хадлан бэлтгэсэн. Ингэж дур мэдэж хадлан бэлтгэхдээ бүр улсын тусгай хамгаалалттай газар болох Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Дорнод Монголын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй хадлан бэлтгэсэн үйл ажиллагаа нь дур мэдсэн, үйлдэл, зөрчил юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйл. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:1/ онгон бүс; 2/ хамгаалалтын бүс; 3/ хязгаарлалтын бүс. 10 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж, үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.”, 11 дүгээр зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно” гэж тус тус заасан.
5.1.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа 2/ “байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;”, 39 дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа 1. “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:,” 2/ “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах.” гэж заасныг харахад хамгаалалтын бүсэд дур мэдэн үйл ажиллагаа явуулсан байна.
5.1.4.Газар ашиглагчийн улсын тусгай хамгаалалттай газрын Дархан цаазат газарт хадсан талбайд хэмжилт хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хэмжилт болон шинжээчийн дүгнэлт, боловсруулсан зурган мэдээллээс харахад нийт 1728.5 га газар хадсан. Үүнээс 1110.08 га газрыг хамгаалалтын бүсэд, 618.5 га газрыг хязгаарлалтын бүсэд хадсан нь дур мэдсэн үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрөлгүй газар ашигласан үйлдэл юм. (Шинжээчийн дүгнэлтийг хавсаргав.)
5.1.5.Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн *** дугаар анги, “Б с т” ХХК нарын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №*** дугаартай “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээ”-ний холбогдох нөхцөл, эрх үүргийг биелүүлээгүй дур мэдэн үйл ажиллагааг явуулсан байна. Гэрээний 4.2 Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх, 4.4 Ашиглуулах хадлангийн талбайн зураглал нь гэрээний салшгүй нэг хэсэг болно., 5.1 Хууль, журмын хүрээнд орон нутгаас зааж, олгосон талбайгаас үйлдвэрлэлийн зориулалтаар хадланг бэлтгэх, 5.7.5 Зөвхөн гэрээнд заагдсан хадлангийн талбайг ашиглана. Тогтоогдсон талбайгаас илүү газарт хадлан хадсан тохиолдолд хурааж улсын орлого болгоно., 7.1. Хадланг 2025 оны 08 дугаар сарын 29-нөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 15-ний өдрөөр дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэнэ. гэж заасан.
5.1.6.Тэгэхэд 5.1 дэх хэсгийг зөрчиж хамгаалалтын бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэсэн нь дээрх хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан, дур мэдсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан ноцтой зөрчил юм. Хадлан хадах гэрээний үйлчлэл хугацаа болоогүй байхад хадлан хадсан үйлдэл нь дур мэдэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл мөн, бас зөвшөөрөлгүй газар ашигласан үйлдэл ч мөн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.
5.1.7.“Б с т” ХХК-ийн үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр ... эзэмшүүлнэ.ашиглуулна”, 34 дүгээр зүйлийн 34.6.”Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, 34.6.3.”газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг..” 36.3.Газар эзэмшигч ашиглагч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1.”газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.2.”газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. Зөрчил 1.’Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зөрчил гэж тооцохоор байна.
5.1.8.Дархан-Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 84 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хадлан бэлтгэх хугацаа эхлэх болоогүй, эргэлтийн цэг координатыг тогтоож тэмдэгжүүлж хадлангийн зураглалыг гаргаж өгөөгүй байхад хадлангийн ажлыг эхлүүлэх гэрээг зөрчсөн нь мөн тогтоогдож байна.
5.1.9.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх нөхцөлүүд дээрх байдлаар тогтоогдож, өөрөөр хэлбэл “Б с т” ХХК-ийг улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 “улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан;"-т заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Тийм ч учраас шийтгэл, хохирол, нөхөн төлбөрийг шинжээчийн дүгнэлтийн дагуу ногдуулсан.
5.1.10.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм, Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсөж, үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ. Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг “биотехникийн арга хэмжээ” гэж хэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандын мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлдэг.
5.1.11.Гурвалсан гэрээний нийтлэг үндэслэл Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын гэрээний: 18 дугаар зүйл. Талууд хил орчмын нутагт гарсан ой, хээрийн түймэр хил давахаас урьдчилан сэргийлэхийн тулд гал түймэр байнга гардаг бүс нутагт хилийн шугамын хоёр талд галын аюулаас хамгаалах зурвас байгуулж болно заасан байдаг. Тухайн хадсан хадлангийн байршлаас харахад хилийн шугамаас хэт хол Хамгаалалтын бүсэд ургамал, амьтны аймгийн өсөж, үржих нөхцөлийг алдагдуулж, ургамалд хохирол учруулсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд дурдагдсан.
5.1.12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж гомдол гаргасан.
5.1.13.Иймд гэрээний хугацаа, газрын байршил, гэрээний гол нөхцөлүүдийг нэгийг нь зөрчихөд л зөвшөөрөлгүй гэж үзнэ. Гэтэл хоёуланг нь зөрчөөд байгаль орчинд асар их хохирол учруулсан байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзээд байгаа нь хэргийг бодит нөхцөл байдалд огт нийцээгүй, нэг талыг барьсан илт үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0***/ШХТ2026/0063 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
9.“Б с т” ХХК нь Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн *** дугаар ангитай 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ болон бусад хууль тогтоомжийн дагуу “Дорнод Монголын Дархан цаазат газар, хилийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэрээ” байгуулсан.
10.Гэрээгээр Газар ашиглуулагч “Дорнод Монголын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 10000 га талбайг ашиглуулах, Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатын тогтоож, тэмдэгжүүлэх, /ДЦГ-ын байгаль хамгаалагч/ ашиглуулах хадлангийн талбайн зураглал нь гэрээний салшгүй нэг хэсэг болох”-оор, Газар ашиглагчийн зүгээс “Хууль, журмын хүрээнд орон нутгаас зааж, олгосон талбайгаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хадланг бэлтгэх, хадлан бэлтгэх технологийн горимыг мөрдөж ажиллах, зөвхөн гэрээнд заагдсан хадлангийн талбайг ашиглах” эрх, үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон байна.
11.Мөн гэрээний 7.1-д Хадланг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгаж, хутга зогсоож, талбайг цэвэрлэхээр хадлан бэлтгэх хугацааны талаар тухайлан тусгасан.
12.Хэрэгт цугларсан баримтаар Улсын хил хамгаалах байгууллагаас 2025 оны 07 дугаар сарын 18, 21-ний өдрүүдэд олгосон Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл”-ийн дагуу “Б с т” ХХК хилийн бүсэд нэвтэрч, улмаар гэрээнд заасан хугацаанаас өмнө эргэлтийн цэг, координатыг тогтоож тэмдэгжүүлэх, хадлангийн талбайн зураглалыг гаргаж өгөөгүй байхад ажлыг эхлүүлж, 1899 га газраас 2279 тонн хадлан бэлтгэсэн нь тогтоогджээ.
13.Хариуцагчаас дээрх үйл ажиллагааг “улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасны дагуу хариуцлага оногдуулсан байна.
14.Гомдол гаргагчаас “гэрээ болон холбогдох байгууллагаас олгосон нэвтрэх зөвшөөрлийг үндэслэсэн, дур мэдэн тусгай хэрэгцээний газарт үйл ажиллагаа явуулаагүй” гэж маргажээ.
15.Монгол Улсын хилийн тухай хуульд зааснаар улсын хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах бүрэн эрхийг хэрэгжүүлж, энэ хүрээнд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг олгодог бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 291 дүгээр зүйлд тусгай хамгаалалтай газар нутагт хадлан бэлтгэх ажлыг байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулж, харьяалах хамгаалалтын захиргаатай хамтран гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 27 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18, 5.6 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас /тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн байгууллага/ сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тус тус хуульчилсан байна.
16.Эндээс дүгнэвэл Улсын хил хамгаалах байгууллагаас 2025 оны 07 дугаар сарын 18, 21-ний өдрүүдэд “Б с т” ХХК-д олгосон Хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл” нь зөвхөн улсын хилийн зурваст нэвтрэхийг зөвшөөрснөөс бус тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглан хадлан бэлтгэх зөвшөөрлийг, ялангуяа гурван талт гэрээгээр тохирсон хугацааг өөрчилж, тогтоосон хугацаанаас өмнө хадлан бэлтгэхийг зөвшөөрсөн агуулгагүй байна.
17.Тиймээс гэрээнд заасан хугацаанаас өмнө, газар ашиглуулагч буюу Дорнод Монголын дархан цаазат газраас газрын эргэлтийн цэг, координатыг тогтоон тэмдэгжүүлж, хадлангийн талбайн зураглалыг гаргаж өгөөгүй байхад хадлан бэлтгэсэн “Б с т” ХХК-ийг тусгай хэрэгцээний газарт “дур мэдэн” үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн хариуцагч болон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
18.Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлэлгүй зөвхөн гэрээ байгуулсан болон Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл олгосон үйл баримтад тулгуурлан гомдол гаргагчийг “дур мэдэн үйл ажиллагаа явуулаагүй” гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэл болно.
19.Хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасны дагуу зөрчил гаргагчаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “газарт хохирол учирсан” гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
20.Хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэх зорилгоор газар ашиглахыг хориглоогүй бөгөөд тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд энэ нь зөвшөөрөгдөх үйл ажиллагаа байна. Маргаан бүхий тохиолдолд гомдол гаргагчид тусгай хамгаалалттай газар нутагт хадлан бэлтгэхийг зөвшөөрч гэрээ байгуулсан, гагцхүү түүнийг хадлан бэлтгэх газрыг тэмдэгжүүлж өгөөгүй байхад болон гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаа явуулсанд буруутгасан энэ тохиолдолд түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж газарт бодит, нөхөн сэргээгдэхгүй хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна.
21.Харин ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн “... тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж сонгох боломжгүйгээр зохицуулсан, мөн гомдол гаргагчаас “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээтэй маргаагүй байна.
22.Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг тооцож гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй бөгөөд ургамлын нөмрөгт нөлөөлж, хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
23.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт шийтгэлийн хуудасны газарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/М А2025/0779 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 116/ШШ2025/0042 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т заасныг баримтлан “Б с т” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудасны хохирлын нөхөн төлбөрт 48,444,970,177 төгрөг гаргуулснаас 9,428,710,527 төгрөг гаргасан хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР