Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01964

 

 

 

 

********, ******** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, ********, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06727 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********, ******** нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********, ******* нарт холбогдох,

орон сууц албадан чөлөөлүүлэх, орон сууцны хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ********, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч ******** нь бидний өмчлөлийн Улаанбаатар хотын ******** дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Өлзийтийн зам гудамж ******* дугаар байрны 28 тоот дахь 2 өрөө орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хөлслөх гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа ба гэрээг 1 жилээр буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан. 2025 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрөө төлөөгүй гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй.

Иймд ******** дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, *******-р байр, 28 тоот, 39.3 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны хөлсөд хариуцагч ********ээс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ********ийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие гэрээ байгуулсан боловч өөрөө амьдарч байгаагүй. Энэ талаар ********д 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, сар бүрийн 13-ны өдөр өгдөг түрээсийн хугацаа нь 12 дугаар сарын 13-ны өдөр тул түүнээс өмнө байраа суллаж авахыг хүсч, түүнээс хойш түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тухай хэлсэн.

Иймд орон сууц чөлөөлүүлэх шаардлага нь надад хамааралгүй, одоогоор иргэн ******* гэх хүн амьдарч буй талаар нэхэмжлэгч мэдэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******** дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, *******-р байр, 28 тоот, 39.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар 113,000,000 төгрөгийг Б.Мягмарцэрэн, Ш.Энхжаргалд өгч залилуулсан. Энэ талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэхь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ********, ******** нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гийн эзэмшлээс ******** дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, *******-р байр, 28 тоот, 39.3 метр талбайтай орон сууцыг чөлөөлүүлж, хариуцагч ********ээс 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********, ******** нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70,200 төгрөг, хариуцагч ********ээс 28,550 төгрөг гаргуулан ********, ******** нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хөлслөх гэрээний зүйл болсон биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг хариуцагч хүлээн авч өөрөө оршин суух талаар хэлж гэрээг байгуулсан. Мөн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд гэрээний зүйл болсон орон сууцыг биет байдлын доголдолгүй бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг хуулиар хүлээнэ.

Хөлслөгч уг үүргээ биелүүлэхгүй өөр гуравдагч этгээдүүдийг орон сууцанд оруулж, улмаар тэдэнд худалдан борлуулсан гэж бусдыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн болох нь шүүх хуралдаанд өөрийнх нь өгсөн тайлбар, хамтран хариуцагч *******гийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон. Бид одоо ч орон сууцаа бүрэн бүтэн хүлээн авч чадахгүй хохирч байна.

Гэрээг 1 жилээр буюу 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгасан. Орон сууцанд өөр айл суулгаж байсныг бид мэдээгүй, мэдэх боломжгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ********т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ********ийн гаргасан тайлбарын агуулга:

Би орон сууцыг бусдад худалдаж залилсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчид орон сууцыг цаашид түрээслэх боломжгүй, өөр хүн амьдарч байгаа талаар гэрээнд заасан хугацаанд мэдэгдсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч *******д энэ төлбөр тооцооны асуудал хамаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ********, ******** нар нь ******** дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, ******* дугаар байр, 28 тоот хаягт байрших орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны хөлсөд 5,000,000 төгрөгийг хариуцагч ********ээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* нь залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон гэж, хариуцагч ******** нь гэрээг цуцалж байгаа болохыг урьдчилж мэдэгдсэн гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1. Анхан шатны шүүх хариуцагч ********т холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр ********, ******** нар нь өөрсдийн өмчлөлийн ******** дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, ******* дугаар байр, 28 тоот хаягт байрших орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хөлслүүлэхээр, ******** нь сарын 900,000 төгрөгийн хөлс төлөх, мөн барьцаа болгож 900,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон, гэрээний хугацааг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дахин 1 жилээр сунгахдаа 1 сарын хөлсийг 1,000,000 төгрөг болгож өөрчилсөн.

Мөн гэрээний хугацаанд ******** нь тухайн орон сууцыг *******д дамжуулан хөлсөлсөн бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэлх хугацааны хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй, хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх үед орон сууц *******гийн эзэмшилд байжээ.

Нэхэмжлэгч тал нь ********ээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний 3.4-т зааснаар 900,000 төгрөгийг барьцаа болгож хүлээн авсан.

Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.

 

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон ******** нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Харин хэрэгт авагдсан баримтаар гэрээг хариуцагч ********ийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Гэрээний 5.4-т хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хөлслөгч 2024 оны 12 дугаар сард энэ талаар мэдэгдсэн нь тогтоогдож байгаа ч уг мэдэгдэл нь гэрээг шууд цуцлах үр дагавар үүсгэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар хөлслүүлэгч тал хөлслөгчийн гэрээ цуцлах саналыг хүлээн авч, цуцлах хугацааг тогтоогоогүй тул гэрээ цуцлагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна.

Ийнхүү хөлслүүлэгч гэрээ цуцлах хугацаа тогтоогоогүйтэй холбоотойгоор хөлслөгч нь гэрээг цуцлах талаар дахин мэдэгдэж, гэрээний 7.2-т зааснаар орон сууцыг хүлээлгэж өгөөгүй.

 

3.2. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах гурван сарын хугацааг дагаж мөрдсөн үйл баримт тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч нь 2025 оны 1-5 дугаар сарын хөлсөнд 5,000,000 төгрөг шаардах эрхтэй. Үүнээс нэхэмжлэгчийн барьцаанд хүлээн авсан 900,000 төгрөгийг суутган тооцож үлдэх 4,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцнэ.

Хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар уг барьцааг суутган тооцох өөр төрлийн мөнгөн төлбөрийн үүрэг байгаагүй болно.

Нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдөж байгаа тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

 

4. Хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй.

 

4.1. Хэдийгээр хариуцагч ******* нь тухайн орон сууцыг худалдан авахаар 113,000,000 төгрөгийг Б.Мягмарцэрэн, Ш.Энхжаргал нарт өгч залилуулсан гэж маргасан боловч энэ нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг үүсгэхгүй.

 

4.2. Түүнчлэн ******** нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр дээрх орон сууцыг *******гийн эзэмшилд шилжүүлсэн болно.

Иймээс хариуцагч *******гийн маргааны зүйл болж буй орон сууцыг эзэмшиж буй нь хууль бус.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан гэрээ цуцлагдсан эсэх талаарх дүгнэлтийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, ********, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1,000,000 гэснийг 4,100,000, 4,000,000 гэснийг 900,000 гэж, 2 дахь заалтад 28,550 гэснийг 80,550 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ