Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-д холбогдох 1921005870278 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Ч. /РД: .................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 16-01 тоотод хамтран амьдрагч Б.Наранчимэгийг бусадтай хардаж, маргалдан улмаар нүүр рүү нь цохиж биед нь “эрүү ясны зүүн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 16-01 тоотод хамтран амьдрагч Б.Наранчимэгийг бусадтай хардаж, маргалдан улмаар нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921005870278 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...гэртээ ирэхэд манай эхнэр хаалгаа тавихгүй байхад нь цонхон дээрээ очоод эхнэртээ хаалгаа гэхэд хаалгаа тавихгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь би цонхоороо гэрэл тусгаад харахад эрэгтэй хүн унтаж байхад нь эхнэрийгээ араар тавьж байгаад гардуулаад хаалгаа тавихгүй байгаа юм байна гэж бодоод цонхоороо гэр рүү орсон. Тэгээд гэртээ ороод гэрлээ асааж унтаж байгаа залуугийн хөнжлийг сөхөхөд тэр залуу чармай нүцгэн хэвтэж байсан. Тэгэхэд нь би уурлаад “чи банзалдах газраа банзалдаарай” гэж хэлээд эхнэрийнхээ хацар руу нэг удаа цохиж согтуу залууг нэг удаа гараараа алгадаж нүцгэн хөөж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гаднаас цонх руу хэн нэгэн нь гэрэл тусгаад байсан бөгөөд цонхоор хамтран амьдрагч Ч согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би сэрээд “чи яаж байгаа юм бэ” гэхэд Ч “энэ хоёр хэн юм бэ, манайд хонодог хэн бэ” гэж хэлээд Батчимэг, Гантулга хоёрын хөнжлийг хуу татсан. ...тэгэхэд нь Гантулга “Ч ахаа та яаж байнаа” гэтэл Ч Гантулгын хацар руу алгадаж гартаа отверка бариад Гантулга руу дайрсан. ...тэгэхэд би Ч-ыг “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд Ч зангидсан гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохисон. ...би ярих гэсэн боловч ярьж чадахгүй байсан... надад гомдол санал байхгүй, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...найз нартайгаа нэг шил архи хувааж уугаад байж байхад хамт ажилладаг найз Батчимэг намайг Ивээлийн 16-01 тоотод дуудахаар нь очиход Батчимэг, Наранчимэг хоёр байж байсан. Тэгээд тэндээ юм ярьж байгаад амарцгаасан. Гэтэл шөнө 04 цагийн орчим Наранчимэгийн хамтран амьдрагч Ч цонхоор орж ирээд намайг Наранчимэгтэй хардаж нүүр рүү нэг удаа алгадаж отверка бариад дайрахаар нь би гараад зугтсан. ...миний биед учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б.Наранчимэгийн биед эрүү ясны зүүн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

     3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Наранчимэгийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921005870278 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 16-01 тоотод хамтран амьдрагч Б.Наранчимэгийг бусадтай хардаж, маргалдан улмаар нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Наранчимэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/, гэрч Л.Гантулга /хх-ийн 17 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 538 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Ч нь хохирогч Б.Наранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Ч.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Ч-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Ч-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТСАЙХАН