| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/01623/И |
| Дугаар | 210/МА2025/01942 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01942
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 7,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагчтай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ******* нэвтрүүлгийн 30 удаагийн дугаар дундуур нийт 1,800 секундын зар сурталчилгааг дамжуулах болон бусад ажил үүргийг гүйцэтгэсний хөлсөнд 16,500,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон, хариуцагчийн зүгээс урьдчилгаа төлбөрт 11,550,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,950,000 төгрөг төлөөгүй тул 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг, нийт 7,425,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн бол,
хариуцагч нь ...талуудын байгуулсан гэрээний 1.5-д үлдэгдэл төлбөр 30 хувь буюу 4,950,000 төгрөгийг тайлан авснаас хойш ажлын 3 хоногт төлнө гэж заасан, нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний хэрэгжилтийн талаар манайд аливаа тайлан ирүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь ******* нэвтрүүлгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 удаагийн дугаар дундуур хариуцагч компанийн талаар сурталчилгаа, шторк, аман сурталчилгаа болон нэвтрүүлгийн төгсөлд титрт лого байршуулах, мөн зочноор оролцуулах, хариуцагч ******* ХХК нь гэрээний төлбөрт 16,500,000 төгрөгийн 70 хувь буюу 11,550,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор, үлдэх 30 хувь буюу 4,950,000 төгрөгийг тайлан авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 9-14/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь биежсэн, материалжсан үр дүн байдаг бөгөөд талуудын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид зар сурталчилгаа, мэдээ, контент бэлтгэн өгөх үүрэг хүлээгээгүй, харин хариуцагчийн бэлэн болгосон зар сурталчилгаа, мэдээ, контентыг олон нийтэд түгээх үүрэг хүлээжээ.
4. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг гэж, 3.1.4-т зар сурталчилгаа түгээгч гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг гэж, 3.1.5-д мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ гэж тус тус заасан.
Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг хэлнэ гэж заажээ.
Зохигчийн гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн бус, харин хариуцагчийн бизнесийн үйл ажиллагааны талаар бэлэн болсон зар сурталчилгаа, мэдээ, контентыг олон нийтэд түгээх үйлчилгээ байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж, 360.2-д Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж тус тус заасан.
Талууд ажлын хөлсийг урьдчилгаа 70 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор, үлдэх 30 хувийг тайлан хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон нь дээрх хуульд нийцсэн ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлнө.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бид төлөхгүй гэх хариу өгөөгүй, алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тайлангаа хүргүүлчихвэл үндсэн төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй... гэх тайлбар өгснөөс гадна давж заалдах гомдолдоо ...тайлан ирсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэх боломжтой... гэжээ. /х.х-ийн 88, 96/
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хариуцагчийн зүгээс маргаагүй, ажлын хөлсийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 4,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
6. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэнэ. Учир нь,
Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 2022 оны 12 дугаар сард хариуцагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн гэсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж,
Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д ...үлдэгдэл төлбөр 4,950,000 төгрөгийг тайлан авснаас хойш ажлын 3 хоногт төлнө... гэж тус тус заажээ.
7. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч энэ талаарх ажлын тайланг хариуцагч ******* ХХК-д өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгчийн үндсэн үүрэг бол зар сурталчилгаа, мэдээ, контентыг олон нийтэд түгээх, хариуцагчийн үүрэг бол төлбөрийг төлөх боловч олон нийтэд түгээсэн ажлын гүйцэтгэлийн тайланг хүлээн авсны дараа үлдэх 30 хувийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Энэ тохиолдолд хариуцагч нь зар сурталчилгаа, мэдээ, контентыг түгээсэн тайланг нэхэмжлэгчээс хүлээн авах хүртэл Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар үлдэх төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.
Тиймээс нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул дээр дурдсан хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ гээд 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар алданги шаардах эрхээ алдсан байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй зохицуулалт буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 болон 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд уг алдааг засна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/07314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...113,950 гэснийг 94,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР