Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2025/00029

 

Бид гялс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/00907 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Бид гялс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9 635 184.04 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Бид гялс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт  холбогдох иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 9 635 184.04 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч нар эс зөвшөөрч маргадаг.

 4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2024 оны 07 сарын 17-ны өдөр Бид гялс ББСБ ХХК-иас Намжин овогтой Тунгалагтуяад 6 500 000 төгрөгийн зээл олгосон. Гэвч тус зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй бөгөөд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй болно. 2025 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч нарын төлөх ёстой нийт өр төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 8 445 288.03 төгрөг, үндсэн хүүний өр 1 093 676.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 219.67 төгрөг, нийт 9 635 184.04 төгрөг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

... ******* нь манай байгууллагаас өмнө нь 2 удаа зээл авч байсан. Тэрээр 6 500 000 төгрөгийн зээлийг авахдаа охин *******тай хамт ирээд “зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрэлт гаргаж удаан хугацаагаар явсан тул гэрээгээ шинэчилж зээл авмаар байна, дахин хугацаа хэтрэлт гаргахгүй, картаа хураалгаж, сар бүр татуулна, зээл олгож өгөөч” гэсэн хүсэлт гаргасны дагуу бид зээл олгосон. Тунгалагтуяа нь манайхаас өмнө авсан 4 800 000 төгрөгийн зээлийг төлөөгүй байсан тул уг зээлийн үлдэгдлийг 6 500 000 төгрөгийн зээлээс нь төлүүлсэн тул өмнөх зээлээс үлдэгдэл байхгүй. Өмнө нь авсан байсан 3 500 000 төгрөгийн зээлийг ч мөн 4 800 000 төгрөгийн зээлээс нь төлүүлж байсан. Халамжийн мөнгө авдаг картаа бидэнд үлдээж зээлээ төлнө гэдэг боловч картаа хаясан гээд хүчингүй болгуулаад шинэ карт аваад мөнгөө өөрөө авчихдаг байсан учраас халамжийн мөнгөнөөс нь бид зээл төлүүлээгүй. ...” гэж тайлбарласан.

 5. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Би анх 2022.08.22-ны өдөр 630 дугаартай гэрээг ******* гэх хүнтэй 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь 2022.12.21-ний өдөр 4 800 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ хугацаанд 2022.12.21-нээс 2023.04.14-ний өдрийг хүртэл 3 120 500 төгрөг төлсөн. Дахин 2023.05.16-наас 2023.07.06-ны өдөр хүртэл 1 173 000 төгрөг төлсөн. 2023.08.08-наас 2024.01.15-ны хооронд 5 425 000 төгрөг төлсөн. Гэтэл Бид гялс ББСБ-ын ажилтан намайг дуудан манайд хяналт шалгалт ирж байгаа юм хоёулаа дахин гэрээгээ шинэчлэн хийе гэж дуудсан. Би гайхаад очтол танд хамаагүй хуучин гэрээгээ шинэчлэх гэж байгаа юм гээд 2024.07.17-ны өдөр шинэ гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй гэж тооцсон. Энэ мөнгийг миний дансанд оруулаад буцаагаад авсан тул уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж тайлбарлан маргасан.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 9 049 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 839 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах журмаар “... Бид гялс ББСБ-ын ажилтан надтай 2024.07.17-ны өдрийн зээлийн гэрээ хийхдээ хуурч мэхлэх замаар гэрээ байгуулсан. ... Өмнөх гэрээний үүргээ би биелүүлсэн. ...гэрээний үүргээ биелүүлээгүй гэж надаар 9 049 345 төгрөг төлүүлэх гэж байгаа нь шударга бус байна. ... Миний охин хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан болохоос биш нэг төгрөг ч аваагүй. ... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

7. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарын дунд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон хариуцагч нар нь хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх үүрэгтэй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

8. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар  хариуцагч *******, ******* нар нь Бид гялс ББСБ-аас 2024 оны 7 сарын 17-ны өдөр №ЗГ 1252130106000342 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 6 500 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр, тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй бол зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцон зээлж авсан /хэргийн 9 дүгээр тал/, нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн ХААН банкин дахь 5422673641 тоот дансанд 2014 оны 7 сарын 17-ны өдөр 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн /хэргийн 11 дүгээр тал/ үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлд тус тус зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээдийн нэхэмжлэлээр шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог.

Гэвч хариуцагч талаас дээрх зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаагүй байхаас гадна нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нарыг хууран мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд хариуцагч *******гийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талын гэрээ юм.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл, түүний хүүг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцоолж гаргасан байхад энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэлд дурдаагүй үйл баримтыг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагч нараас тэдний 2024 оны 7 сарын 17-ны өдөр авсан 6 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээлийг 8 445 288.03 гэж тодорхойлсон байхад энэ талаар тодруулаагүй, мөн хариуцагч *******гийн урьд өмнө нь авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж, түүний 2022, 2023 онд тус тус авсан зээлийн үлдэгдлийг тооцон 2024 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 5 626 300 төгрөг, үндсэн хүүнд 2 852 538 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд  570 507 төгрөг буюу нийт 9 049 345 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар дүгнэсэн нь буруу байна.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 2022 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлдэг байсан, өмнө авсан зээлийн үлдэгдлийг шинээр зээл авч төлдөг байсан талаар үгүйсгээгүй, улмаар 2024 оны 7 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс авсан 6 500 000 төгрөгийн зээлээс өмнө авсан зээлийн үлдэгдэл болох 5 798 700 төгрөгийг мөн өдөр төлж “зээл хаав” гэсэн утгатайгаар нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн /хэргийн 47 дугаар тал/ болохоо үгүйсгээгүй.

Гэвч тэрээр “... ББСБ-ын ажилтан миний картыг хурааж авч, картнаас мөнгө авдаг байсан тул энэ хугацаанд 5 сая гаруй төгрөгийг төлсөн. Би өмнөх зээлээ төлсөн. 6 500 000 төгрөгийн зээлээс 5 798 700 төгрөгийг төлүүлсэн. Би зээлээ төлсөн гэж бодож байна. ... охин ******* зээлийг хариуцаж төлөх үндэслэлгүй... ” гэх өөрийн татгалзлын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т тус тус зааснаар хариуцагч ******* талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурснаар зээлийг авч хэрэглэсэн эсэхээс үл хамааран үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэг хүлээх тул тэрээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******гийн хамт хариуцах үүрэгтэй.

11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 7 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6 500 000 төгрөг, үндсэн хүү 1 093 676.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 219.67 төгрөг буюу нийт 7 689 896.01 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл 6 500 000 төгрөгөөс тооцсон талаар маргаагүй тул шүүх үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

13. Шүүх хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаан бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан тул энэ шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг зохигч талуудад мэдэгдэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 309/ШШ2025/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 9 049 345 ...” гэснийг “... 7 689 896.01 /долоон сая зургаан зуун наян есөн мянга найман зуун ерэн зургаан төгрөг нэг мөнгө/...” гэж, мөн заалтын “... 585 839 ...” гэснийг “... 1 945 288.03 /нэг сая есөн зуун дөчин таван мянган хоёр зуун наян найман төгрөг гурван мөнгө/ гэж, 2 дахь заалтын “... 159 739 ...” гэснийг “ ... 137 988 ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ

                           Г.УРТНАСАН