Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 403

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, Булуут овгийн Чүлтэмийн Цэрэндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 9334755 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Сайн төгрөг 4 дүгээр багийн Засаг даргаар нэр дэвшиж тус багийн ИТХ-ын төлөөлөгчдийн 54.6%-ийн буюу олонхийн санал авч багийн ИТХ-ын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор сумын Засаг даргад уламжлагдсан. Гэтэл сумын Засаг дарга Б.Батбаяр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаар захирамж гаргасан боловч өнөө хүртэл ажил хүлээлцэхгүй намайг хохироож байна. Миний бие Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаярын хууль зөрчиж байгаа үйл ажиллагааны талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр намайг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилохыг үүрэг болгосон. Хариуцагч Б.Батбаяр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон болно. Гэтэл миний бие одоо хүртэл уул ажилд томилогдоогүй хохирч байгаа тул Иргэний хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасны дагуу надад учирсан хохирол буюу авах ёстой байсан цалин 9334755 төгрөгийг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж, хариуцагч Б.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс захирамж гаргасан. Түүнээс хойш багийн Засаг даргын үндсэн цалин 478705 төгрөг, онцгой нөхцөлийн 30 % болох 143612 төгрөг нийт 622317 төгрөгийг одоо хүртэл 9 сарын хугацаанд авах 5600848 төгрөгнөөс ашиг, нийгмийн даатгал суутгалыг хуулийн дагуу хасаж олгож өгөх боломжтой гэж үзэж байна. Энэ мөнгөн дүнгээр эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж нь Төгрөг сумын Засаг даргад холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин 9334755 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид ажилгүй байсан хугацааны цалин 5600848 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Төгрөг сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт зохигчид Ажилгүй байсан хугацааны цалин 5600848 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч байгууллагаас 82153 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 82153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 164306 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА