| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0118/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Д.Д
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Н-т холбогдох эрүүгийн 1920002050129 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Б.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт хохирогч Б.Б нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө гэртээ байж байтал гаднаас А, Б нар орж ирсэн. Тэгээд бид тэдэнтэй танилцаад бид нар хамтдаа архи уусан. Архи ууж байхдаа би Б.Б-тэй маргалдаж чамайг хутгалж ална шүү гээд хоорондоо муудалцаад бид гэрээс гарсан. Гэрээсээ гарахдаа би цагаан эрээн иштэй хутгаа аваад гарсан. Тэгээд маргалдаж байхдаа би Б.Б нуруун тус газар нь хутгалсан. Хутгалсны дараа бид 2 эвлэрч эргээд гэртээ ороод хутгалсан газрыг нь боосон. Дараа нь Б.Б эмнэлэг рүү явсан сурагтай байсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болж би цагдаад баригдсан. Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хамт нэг газар ажилладаг А, Ц, Л, У нартай мөнгөө нийлүүлж байгаад дэлгүүрээс А нэртэй 0,75 гртай нэг шил архи хувааж ууж дуусаад Ц, Л, У гэртээ харьсан. Харин А бид хоёр хамт гэртээ харьсан. А-н эхнэр, А бид гурав орой харанхуй болсон байхад явган алхаж хойшоо явж байгаад нэг жижиг байшинтай айлд ороход нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн хоёр ногоон шилтэй архи уугаад сууж байсан. Тэгээд бид гуравтай нийлээд 5-лаа ногоон шилтэй архи хамт уусан. Тэгээд уугаад сууж байхдаа нөгөө гэрийн эзэн гэх залуу хоёулаа хамт гараад бие засчихаад ирэх гэж хэлээд бид хоёр хамт гэрээс гараад бие засаж байхдаа тухайн залуу над руу түрэмгий ааш авир гараад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд бид хоёр гадаа маргалдаж байгаад хоорондоо эвлэрээд гэр лүү буцаад орсон. Тэгээд дахин архи ууж сууж байхад над руу нөгөө залуу муухай хараад суугаад байсан. Тэгээд архи уугаад сууж байхад гэрийн эзэн гэх залуу бүгдээрээ гараад гадаа архи уух уу гэж хэлээд би гэрийн эзэн гэх залуутай хоорондоо гэр дотор маргалдаж байгаад гэрээс гараад би салхинд цохиулаад тэрнээс хойш яг юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/
Гэрч Ё.Н-н мэдүүлэг /хх-ийн 29-30/
Гэрч С.А-н мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг “Н-н гэрт очиход Н, О гээд хүүхэнтэй 2-уулаа архи уугаад сууж байсан ба бид 3 нэгдээд тавуулаа болоод 3 шил архи хувааж уусан. Тэр үед шөнө дунд болчихсон байсан. Ингээд архи уугаад сууж байхад Б онгироод Н луу янз янзын ааш гаргаад байсан. Тэгээд Б, Н 2 гадаа гарсан ба удаагүй эвлэрсэн бололтой ороод ирсэн. Энэ үед Уянга явлаа гээд барилга руугаа яваад өгсөн. Бид нар юм яриад сууж байтал Н, Б 2 ахиад маргаад эхэлсэн. Ахиад Н, Б гадаа хамтдаа гарсан. Би гайгүй биз гэж бодоод дотор сууж байтал тэр 2 гадаа зодолдоод эхэлсэн. Би гарч очоод салгах гэсэн чинь дийлдээгүй. Б-н нуруунаас тэврээд салгаж холдуултал Б нуруу цус болчихсон байсан. Тэгэхээр нь Н луу хартал Н цагаан оруулгатай, улаан иштэй, нилээн том эрээн хутгыг газар хаячихаад гэрлүүгээ ороод явчихсан. Нэгнийгээ хутгалчихсан байна шдээ гээд Б дээгүүр хувцсыг тайлаад цусыг нь арчсан. Н ус гаргаж ирээд угааж өгсөн. Ингээд би Б-г дагуулаад барилга руугаа явсан. Н гэртээ үлдсэн. Дараа нь Н Б-с уучлалт гуйгаад байсан ба Б бид 2 эвлэрчихлээ гэж байсан. Ямар ч байсан тэр шөнө Н согтуудаа Б нуруунд хутгаар хатгасан гэдгийг бол мэдэж байна. Н хаанаас хутга авсныг бол мэдээгүй, харанхуй байсан ба анзаараа ч үгүй. Хэрэг гарснаас 2 хоногийн дараа Н, Б 2 өдөржингөө хамт гадуур явсан ба архи уусан байсан. Эвлэрсэн л гэж байгаа бололтой байсан...” /хх-ийн 33/
Гэрч Э.У мэдүүлэг /хх-ийн 35/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар 16-ны өдрийн 02/0412 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Б биед нурууны зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Материалыг үндэслэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 4. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 53/
Шүүгдэгч Б.Н-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 54-58/
Шүүгдэгч Б.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд хохирогч Б.Б нуруун тус газарт хутгалж хөнгөн гэмтэл учруулжээ.
Шүүгдэгч Б.Н-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд уугаад сууж байхдаа нөгөө гэрийн эзэн гэх залуу хоёулаа хамт гараад бие засчихаад ирэх гэж хэлээд бид хоёр хамт гэрээс гараад бие засаж байхдаа тухайн залуу над руу түрэмгий ааш авир гараад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд бид хоёр гадаа маргалдаж байгаад хоорондоо эвлэрээд гэр лүү буцаад орсон. Тэгээд дахин архи ууж сууж байхад над руу нөгөө залуу муухай хараад суугаад байсан. Тэгээд архи уугаад сууж байхад гэрийн эзэн гэх залуу бүгдээрээ гараад гадаа архи уух уу гэж хэлээд би гэрийн эзэн гэх залуутай хоорондоо гэр дотор маргалдаж байгаад гэрээс гараад би салхинд цохиулаад тэрнээс хойш яг юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Н-н гэрт очиход Н, О гээд хүүхэнтэй 2-уулаа архи уугаад сууж байсан ба бид 3 нэгдээд тавуулаа болоод 3 шил архи хувааж уусан. Тэр үед шөнө дунд болчихсон байсан. Ингээд архи уугаад сууж байхад Б онгироод Н луу янз янзын ааш гаргаад байсан. Тэгээд Б, Н 2 гадаа гарсан ба удаагүй эвлэрсэн бололтой ороод ирсэн. Энэ үед У явлаа гээд барилга руугаа яваад өгсөн. Бид нар юм яриад сууж байтал Н, Б 2 ахиад маргаад эхэлсэн. Ахиад Н, Б гадаа хамтдаа гарсан. Би гайгүй биз гэж бодоод дотор сууж байтал тэр 2 гадаа зодолдоод эхэлсэн. Би гарч очоод салгах гэсэн чинь дийлдээгүй. Б-н нуруунаас тэврээд салгаж холдуултал Б нуруу цус болчихсон байсан. Тэгэхээр нь Н луу хартал Н цагаан оруулгатай, улаан иштэй, нилээн том эрээн хутгыг газар хаячихаад гэрлүүгээ ороод явчихсан. Нэгнийгээ хутгалчихсан байна шдээ гээд Б дээгүүр хувцсыг тайлаад цусыг нь арчсан. Н ус гаргаж ирээд угааж өгсөн. Ингээд би Б-г дагуулаад барилга руугаа явсан. Н гэртээ үлдсэн. Дараа нь Н Б-с уучлалт гуйгаад байсан ба Б бид 2 эвлэрчихлээ гэж байсан. Ямар ч байсан тэр шөнө Н согтуудаа Б нуруунд хутгаар хатгасан гэдгийг бол мэдэж байна. Н хаанаас хутга авсныг бол мэдээгүй, харанхуй байсан ба анзаараа ч үгүй. Хэрэг гарснаас 2 хоногийн дараа Н, Б 2 өдөржингөө хамт гадуур явсан ба архи уусан байсан. Эвлэрсэн л гэж байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар 16-ны өдрийн 02/0412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Н нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Н нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц