Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 404

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэний нэхэмжлэлтэй Өндөр сант хайрхан ХХК-д холбогдох 103223000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өндөр сант хайрхан ХХКомпани нь Монгол улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол мал хөтөлбөрийн 3.5.1 дэх зорилт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ТЭ2011/12 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100000000 төгрөгийг 72 сарын хугацаатайгаар хүүгүй зээлсэн. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээг цуцажл Өндөр сант хайрхан ХХКомпаниас үндсэн зээлийн үлдэгдэл 68800000 төгрөг, алданги 34400000 төгрөг, нийт 103223000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баасанжав шүүхэд гаргасан тайлбартаа: Өндөр сант хайрхан ХХКомпаниас 103223000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч нь нэхэмжилсэн дүнгийн 35600000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ нь Өндөр сант хайрхан ХХКомпаниас 103223000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баасанжав нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баасанжав нь Өндөр сант хайрхан ХХКомпаниас 103223000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА