Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01920

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/07196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8420 дугаартай Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00213 дугаартай захирамжаар *******ХХК-аас 846,485,295 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

1.2. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 215,000,000 төгрөг төлсөн ба боломжит бүхий л аргаар төлбөрөө төлж барагдуулсаар байна. Гэтэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1-д тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийг хязгаарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт юм. Гэтэл тухайн гүйцэтгэх баримт бичигт нэхэмжлэгчийг эрэн сурвалжилсан баримт байхгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэнтэй холбоотой нотлох баримт байдаггүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Харин ч төлбөрийн үүргээ гүйцэтгэсээр ирсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийг дуудсан хугацаанд очиж хөрөнгийн талаарх мэдүүлгийг үнэн зөвөөр өгөх зэргээр ажиллагаанд оролцсон.

1.3. Мөн нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8420 дугаартай тогтоолыг танилцуулаагүй. Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасны дагуу тухайн тогтоолыг танилцуулаагүй. Тогтоол гарсан даруйд танилцуулах ёстой байсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

1.4. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-д илгээсэн. Нийтэд илэрхий баримтаас үзэхэд, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шуудан гардан авсан нь нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчин болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00213 дугаартай захирамжаар *******ХХК-аас 846,485,295 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал *******од шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

2.3. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталгаат шуудангаар илгээсэн. Төлбөр төлөгч нь мэдэгдлийг хүлээж аваагүй, мэдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байгаа нэг хэлбэр юм. Тогтоолыг утсаар танилцуулсаныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, шүүхэд хандах хугацаандаа гомдлоо гаргаагүй байна. *******ын гадаадад зорчих эрхийг хуульд заасны дагуу түдгэлзүүлсэн нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8420 дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ...хэргийн 54 дэх талд авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсанаар шийдвэр гүйцэтгэгч нь *******од дээрх 8420 дугаартай тогтоолын талаар түүний гар утас руу холбогдож мэдэгдсэн байна. Иймд тухайн тогтоолтой 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх тогтоолын талаар мэдсэн байх бөгөөд эс зөвшөөрсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байна гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн 54 дэх талд авагдсан баримт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд байгаагүй баримт бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүх хуралдаан товлогдсон өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн зөвхөн нэг талын баримт бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс шүүхэд өгөх зорилгоор хийж өгсөн баримт байдаг болно.

4.2. Нэхэмжлэгчээс *******т 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан гэх боловч мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй, энэ талаар ганц ч удаа утасдаагүй, ирж тайлбар өгөх талаар мэдэгдээгүй байж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнд гомдолтой байгаа ба гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг танилцуулж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхээр хангуулах талаар гомдол гаргасан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх гомдолд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариу өгсөн бөгөөд хариуг хүлээн авахдаа 8420 дугаарын тогтоолтой танилцсан болно. Нэхэмжлэгчээс гаргасан гомдолд хариу өгөхөд хэргийн 54 дэх талд авагдсан баримт байсан бол энэ талаар гомдлын хариуд бичих байсан ба энэ талаар огт дурдагдаагүй нь тухайн баримт байгаагүйг нотолж байна.

4.3. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23280683-151/05 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан атлаа 8420 дугаартай тогтоолыг шуудангаар явуулаагүй байгаа нь тогтоолыг танилцуулаагүй болохыг давхар нотолж байна. Гомдол гаргах эрхтэй тогтоолыг холбогдох этгээдэд танилцуулахгүй, ийм тогтоол гаргасныг мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй байхад зөвхөн нэг талын баримтаар танилцуулсан гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Харин анхан шатны шүүхээс ... төлбөр төлөгч нь ашиг орлогоо мэдүүлээгүй, бусдад шилжүүлсэн, хөрөнгөө нуун дарагдуулах зэргээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна ... гэж зөв дүгнэсэн.

4.4. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8420 дугаартай Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан эрэн сурвалжлагдаж байгаа болон төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэл байхгүй, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад үндэслэлгүйгээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолоо танилцуулж Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхээр хангаагүй гэж тайлбарласан байна.

 

3. Хариуцагч ******* нь ...төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал *******од шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталгаат шуудангаар илгээсэн, тогтоолыг утсаар танилцуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасанд нийцсэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр заажээ.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8420 дугаар тогтоолоор *******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байх ба нэхэмжлэгч нь уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг татсан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

6. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, тухайн төрлийн маргаанд оролцвол зохих этгээдийг бүрэн оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, ажиллагааг нөхөн гүйцээх боломжгүй гэж үзэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. Иймд энэ талаар зохигчдод тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, дүгнэлт хийсний эцэст шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/07196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.УУГАНБАЯР