| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00405/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 405
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 9-14 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, Дандар овгийн Жигмэддоржийн Тайванжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох
Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Тайванжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, хариуцагч П.Шинэхүү, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тайванжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 07 дугаар сард Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машины жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл хариуцсан ажилдаа хариуцлагатай идэвхи зүтгэлтэй байж, ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалаар миний цалинг 5, 6, 7 дугаар саруудад 20 хувиар бууруулж олгох шийдвэр гаргасан байх юм. Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 тоот тушаалаар батлагдсан дотоод журмын 7.1-т заасныг тус тус үндэслэл болгожээ. Дээрх тушаал гарсан даруйд надад танилцуулаагүй бөгөөд миний бие 5 дугаар сарын цалин дутуу буусан учир нягтлан бодогчоос учрыг лавлан асуутал дээрх тушаал гарсан болохыг хэлсэн юм. Иймээс байгууллагын даргаас дээрх тушаал, дотоод журам, хурлын протокол, зэрэг бичиг баримтуудыг хувилан авах гэсэн боловч байгууллагын бичиг баримтыг гадагш гаргахгүй хэмээн надад өгсөнгүй. Миний бие Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир уг тушаалыг хүчингүйд тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Шинэхүү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Тайванжарал нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр чөлөөтэй байсан гэх боловч алдаа дутагдал их гаргадаг байсан. Албаны машинтай явж байгаад авто аваар гаргасан. Удирдлагын багийн гишүүн Бямбацогт эмчийг хэл амаар доромжилсон. Мөн замын хуудсаа цаг тухайд нь өдөрт нь бичдэггүй. Бичсэн замын хуудас нь он сартайгаа дандаа зөрдөг байсан. Би тухайн эмнэлэгт даргаар ирээд сарын эхний 7 хоногт бичиж өгч бай гэж удаа дараа хэлж байсан. 2016 оны 05 дугаар сарын 02-нд Ж.Тайванжаргал нь чөлөө авах гэж надруу ярьж чөлөөгөө авсан. Би тухайн үед нь чөлөө өгсөн. Тэр өдөр яамнаас шалгалт ирээд ажил их байсан. Өглөө 6 дуудлага, өдөр нь 4 нийт 10 дуудлага ирсэн. Үүнээс манайх машингүйн улмаас 3 дуудлагын хүн хүндэрч БОЭТ-д яаралтайгаар очиж хэвтсэн. Тэгээд жолооч Ж.Тайванжаргал руу залгаад машины түлхүүрээ авъя гэхэд хов хөөцөлддөг шигээ зохицуул гэж хэлсэн. Энэ бол маш том ёс зүйн зөрчил гэж үзэж байна. Би өөрт нь маргааш хурлаар орно шүү гэж хэлээд утсаа салгасан. Бид дуудлагандаа Баасанцогт эмчийн машинд бензин хийж Бямбацогт эмчийг явуулсан. Ард иргэдээс манай өрхийн эмнэлэгт маш их гомдол ирсэн. Тухайн үед ард иргэдээс эрхлэгч эмчийн хувьд уучлалт гуйгаад өнгөрөөсөн. Ж.Тайванжаргал нь удирдлагын багийн гишүүдийн болон даргын зөвшөөрөлгүй албаны машин байнга авч явдаг. Болохгүй талаар хэлэхэд өмнөөс хэл амаар доромжилж ёс зүйгүй харьцдаг байсан. Чөлөө авсныхаа маргааш ажил дээрээ ирсэн. Манай байгууллага 7 хоногийн 2 дахь өдөр болгон хуралддаг. Тухайн хурал дээр Ж.Тайванжаргалын гаргасан алдаа дутагдалыг авч хэлэлцээд 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар сахилгын арга хэмжээ авсан. Тэгээд арга хэмжээ авсан хурлын дараа таньд хэлж ярих санал хүсэлт гомдол байна уу? гэж асуухад ойлгосон миний буруу гээд гарсан. Би 3 удаа асуусан. Хурал дээр тушаалын талаар арга хэмжээ авахуулсанаа мэдсээр байж мэдээгүй гэж хэлж байгааг нь гайхаж байна. Мөн Ж.Тайванжаргалын эхнэр нь дээд албан тушаалтан намайг нөхрийнхөө бичиг баримтыг авах гэж ирэхдээ загнаж байгаад явсан. Намайг буруу тушаал гаргасан байна гэж Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хороонд гомдол гаргаад Ёс зүйн хорооноос ирж шалгалт хийсэн. Шалгалтаар миний гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гэж гарсан. Өөрийн алдаа дутагдалаа ухамсарлахгүй шүүхэд нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Энэ хүнтэй би хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тайвагжаргал нь Өвөрхангай аймгийн Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Өвөрхангай аймгийн Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Тайванжаргалыг Өрхийн эрүүл мэндийын төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 тоот тушаалаар батлагдсан Дотоод журмын хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох үндэслэлийн 4,5,8,9 заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хариуцагч П.Шинэхүү нь дээрхи тушаалынхаа үндэслэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ж.Тайванжаргал нь удирдлагатайгаа ёс бус харьцсан. Замын хуудас өдөр болгон бичдэггүй. Дарга болон удирдлагын багийн гишүүдийн зөвшөөрөлгүй хувьдаа машин хэрэглэсэн. Албаны автомашин унаж байгаад осол аваар гаргасан. Удирдлагын багийн гишүүдтэй ёс зүйгүй харьцсан. Чөлөө авсан хэрнээ машины түлхүүр авчирч өгөхгүй дуудлага оройтуулсан гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Тайванжаргал дээрхи зөрчлийг хэзээ гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлох чадаагүй байна.
Мөн нэхэмжлэгч Ж.Тайванжаргалд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цалинтай чөлөөг ажил олгогч байгууллагаас олгосон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байгаа боловч дээрхи чөлөөтэй байх хугацаанд автомашины түлхүүр авчирч өгөөгүйгээс дуудлага оройтуулсан үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/22 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА