| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 317/2025/00138/и |
| Дугаар | 223/МА2025/00034 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 223/МА2025/00034
2025 10 01 223/МА2025/00034
Ө.Т нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 317/ШШ20../00...дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ..................................,
Хариуцагч........................-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,431,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., Л.Пүрэвбямба,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Ө.Т миний бие .............Захиргаа удирдлагын албанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэлтсийн даргаар ажилд орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын газарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. 2022 онд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой шинэчлэн хугацаагүй байгуулсан. “...........” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж нэг хэлтэс болсон. Тус тогтоолын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэлтсийн дарга .............болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т миний бие мэдэгдэл хүлээн авч, ..........Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гүйцэтгэх захирлын дэргэдэх Зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралд Хуулийн хэлтсээс Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны 42 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдэж нийлсэн хэлтэс, нэгжийн удирдлагыг гүйцэтгэх захирлын 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тус шалгаруулалтыг уг журмын 6 дугаар зүйлд зааснаар зохион байгуулах нь хууль зүйн үндэслэлтэй талаар танилцуулж, ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэсэн. Гэтэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгээс дараах байдлаар холбогдох журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Үүнд,
1. Сонгон шалгаруулалтыг "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд бус 5.2 дэх хэсэгт заасан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
2. Журмын 3.2-т Компанийн сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан ажиллаж байгаа үндсэн албан хаагчдаас нөхөх, шилжүүлэн томилох, хавсран гүйцэтгүүлэх боломжтой бол олон нийтэд зарлахгүй гэсэн заалтыг зөрчсөн.
3. Ажлаас чөлөөлөгдөөгүй байхад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй зарлаж, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал болон ажлын хэсгийн даргад гаргасан миний хүсэлтээс санаа авч, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр авах шалгалтаа хойшлуулж, тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. /Энэ талаар 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал болон ажлын хэсгийн даргад хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Гүйцэтгэх захирал 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалаар намайг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс чөлөөлсөн шийдвэр гаргасан/.
.............гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно. .............Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 42 дугаар тогтоолоор Захиргаа удирдлагын газрын Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс нэгдэж Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болсон. Нэгж татан буугдаагүй, ажлын байр хасагдаагүй, ажлын чиг үүрэг байхгүй болоогүй. Тиймээс Захиргааны хэлтсийн дарга .............болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ө.Т нарыг дотоод сонгон шалгаруулалтад оруулах байсан. .............гүйцэтгэх захирлын 2023 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүрээнд дотоод сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 55,431,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажилтан миний Хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч .............итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мэдэгдэх хуудас өгч, зохих тэтгэмжийг олгож, Ө.Т хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ө.Т өөрөө мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулсан. 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ө.Т нь гүйцэтгэх захирал .......... хүсэлт гаргасан байсан. Энэ хүсэлт нь сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хамааралгүй, гүйцэтгэх захиралд гаргасан хүсэлт байсан бөгөөд ажлын хэсэг нь тухайн хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Өмнөх хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн Дотоод аудитын газрын хэрэгжүүлэх журам, баримтлах чиг үүргийг хэрэгт гаргаж өгсөн. Уг журмын дагуу тус нэгж нь хагас жил, жилийн эцэст төлөвлөгөөт аудитыг компанийн нийт газар, нэгжид хийх эрх бүхий этгээдүүд байдаг. Энэ нэгжээс гаргасан дүгнэлтээр Ө.Т нь хангалтгүй ажиллаж байсан гэдэг нь тогтоогддог. Компанийн албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, дотоод дүрэм, журамд заасны дагуу гүйцэтгэх захирлын гаргаж байгаа тушаал, шийдвэрийн үндэслэлийг хянах, зөвлөх үүрэгтэй. Гэтэл дотоод аудитын газрын дүгнэлтээр хүний нөөцийн чиглэлээр гаргасан 2280 ширхэг тушаалыг шалгахад тушаалын үндэслэл хүчин төгөлдөр бус, тушаалыг бүрэн гаргаагүй, хэвлэмэл хуудас, тамга, баталгааны тэмдгийг зохих ёсоор хэрэглээгүй, тушаалыг хадгалахад зөрчил үүссэн зэрэг Хөдөлмөрийн тухай хууль болон Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, журам, Компанийн дотоод журмын заалтыг зөрчсөн олон алдаа, дутагдал гарган ажиллаж байсан нь тогтоогддог. Гэвч компанийн зүгээс энэ хүний цаашдын хөдөлмөрлөх эрхийг бодож, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн үүднээс тухайн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан ч шийтгэл оногдуулахгүйгээр цаашид сонгон шалгаруулалтад оролцуулах талаар дүгнэлт гаргаж өгөхийг гүйцэтгэх захирал компанийн Дотоод аудитын хэлтсээс хүссэн. Мөн энэ үед нэхэмжлэгчид цалин хөлсийг нь олгосон байхад яагаад нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.
Ө.Т 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэх захиралд хандаж шинээр бий болсон нэгжийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж өгөх талаар хүсэлт гаргасан. Гүйцэтгэх захирал тухайн асуудлын хүрээнд нэгжийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Ө , Ө.Т нарын дунд сонгон шалгаруулалт явуулах талаар судалж, удирдах зөвлөлийн хуралд танилцуулахыг даалгаж, хуулийн хэлтэст шилжүүлсэн. Хуулийн хэлтсээс тухайн ажилд тус компанийн сонгон шалгаруулах журмын 5.1-д зааснаар сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулга хийсэн.
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр .............болон Ө.Т нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч .............нь цаашид ажиллахгүй, чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сонгон шалгаруулалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Харин Ө.Т нь бүтэц орон тоог цомхотгож ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг авсан байсан. Ө.Т-ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гарсан. Иймд хүсэлт гаргагч сонгон шалгаруулалтын журмын 5.1-д зааснаар сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд ажлын хэсэг сонгон шалгаруулалтын журмын 5.2-ыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
Ө.Т 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг авснаас хойш 30 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй. Ажлын хэсэг ажил горилогчдоос материал ирүүлэхийг шаардсан. Одоо ажил горилогчдоос ирүүлсэн материалыг задлаагүй байгаа бөгөөд журмын 4, 5-д зааснаар материалаа бүрэн ирүүлээгүй оролцогчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх талаар мэдэгдсэн. Энэ нь мөрдөж байгаа журмыг танилцуулсан үйлдэл гэж үзнэ. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны горилогчид тавигдах шаардлагад мэргэжлээрээ 5 жил, түүнээс дээш, тус мэргэжлийн чиглэлээр 3 жил ажилласан байх, урд өмнө болон одоо ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага татагдаж байгаагүй гэдэг шаардлага тусгасан байна. Энэ шаардлагыг ажил горилогч хангаж буй эсэхийг Е-Монголиа/E-Mongolia/ мэдээллийн сангаас урьд өмнө болон одоо ял шийтгэл эдэлж байгаа эсэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолтыг харах бүрэн боломжтой. Ажил горилогчид хүндрэл учруулахгүйн үүднээс өмнө нь ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт авахгүйгээр мэдээлэл лавлагааны бичиг баримт болох ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны томилсон, чөлөөлсөн, ажлын байрын тодорхойлолтыг нотлох баримт болно гэж үзэж тус 2 ажилтнаас шаардсан. Иймээс сонгон шалгаруулалтын журмын 5.1-т зааснаар дотоод сонгон шалгаруулалт зарлаагүй нь нотлогдож байна. Дотоод сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байгааг нэхэмжлэгчийн дугаарт ахлах хуулийн мэргэжилтэн С.Мөнхтуяа буюу ажлын хэсгийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Анхан шатны шүүх: “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар .............-ийг урьд эрхэлж байсан .............хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “........” ХХК-д даалгаж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 48,285,405 /Дөчин найман сая хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг хариуцагч “......” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ө.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,146,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “......” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 469,577 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвбямба давж заалдах гомдол тайлбар болон тус шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........ын тайлбарын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн заалтад нийцээгүй гэж хариуцагч тал үзэж байна. Тодруулбал,
1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь заалт, "..... ХХК-ийн "Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 3.2 болон 5.1.1, 5.1.2 заалтыг зөрчсөн гэх агуулгаар буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэх заалтыг хариуцагч зөрчсөн мэтээр буруутгаж байгаа тохиолдолд шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийх ёстой. Тодруулбал, шүүх дээрх зохицуулалтад хамаарах ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэл, энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр цуцалсан эсэх асуудалд бодит дүгнэлт хийсэнгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т "Ажлын байрыг хэвээр хадгалах" 13 тохиолдлыг хуульчилсан. Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл нь
"Ажлын байрыг хэвээр хадгалах" 13 тохиолдолд хамааралгүй буюу "бүтцийн өөрчлөлт хийгдэж, ажлын байр хасагдсан орон тоо цөөрсөн" тухай үндэслэл байсныг, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл буюу мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон тухай үйл баримт, түүнийг нотолсон баримтуудыг анхаарсангүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад ийнхүү хариуцагчийг буруутгасан нь хууль буруу хэрэглэсэн гэж хариуцагч тал үзэж байна.
2.Анхан шатны шүүх хариуцагчийг ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй гэж буруутгахдаа "......" ХХК-ийн "Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 3.2 болон 5.1.1, 5.1.2 заалтыг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, шүүх хариуцагчийг уг журмын дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн заалтад заасан нөхцөл буюу нэхэмжлэгч нь мэргэжил, мэдлэг, туршлагын болзлыг хэрхэн хангаж байгаа тухай асуудлыг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огт дүгнээгүй, хариуцагчийн татгалзалд дурдсан энэ талаарх үндэслэлийг ч баримтаар няцааж дүгнэсэнгүй.
"Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 5.1.1-т "...сул орон тоог ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэг, туршлагын болзол хангасан ажиллаж байгаа ... ажилтнуудад нээлттэй байдлаар сонгон шалгаруулалт явуулж болно", 5.1.2-т "...удирдах албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэдлэгийн шалгуур ханган ажилласан туршлагын 50-аас дээш хувийн болзол хангасан үндсэн ажилтныг шатлан дэвших зарчмаар албан тушаал дэвшүүлэн томилж болно" гэж заасан байхад шүүх ажил олгогчийн эрх хэмжээнд халдаж, уг журмын заалтыг заавал хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Ажил олгогч нь Ө.Т-ийг чөлөөлсөн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалыг гаргасан хууль зүйн үндэслэлдээ Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн бөгөөд “........” ХХК-ийн "Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам" нь зөвхөн ажилтныг ажилд томилох, сонгон шалгаруулахад зориулагдсан болохыг тус журмын 1 дэх хэсэгт тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ойлгомжгүй, уялдаа холбоогүй тодорхойлсон байхад шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь “........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж маргасан, эсхүл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэлгүй гэж маргасан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохгүйгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэж буруутган дүгнэсэн байна. Ажил олгогчийн хувьд хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийн талаар болон сонгон шалгаруулалтад оролцох боломжгой тухай асуудлаар түүнд хариу мэдэгдсэн, энэ талаарх тайлбар, баримт хэрэгт авагдсан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой эрх зүйн үндэслэлтэй тайлбарлаж дүгнээгүй атлаа ажил олгогчийн буруутгах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Ажил олгогчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл болох "Бүтэц орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн" шийдвэртэй нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд гагцхүү сонгон шалгаруулалтыг дотооддоо зарлаагүй талаар буюу өөр асуудлын хүрээнд маргасан. Энэ нь ажил олгогчийн "ажлаас чөлөөлсөн шийдвэртэй уялдахгүй тусдаа асуудал" болно. Хариуцагч тал Ө.Т-ийг сонгон шалгаруулалт явагдахаас өмнө чөлөөлөх шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгч тус шийдвэртэй маргаагүй. Хэрэв ажил олгогч сонгон шалгаруулалтыг “........” ХХК-ийн "Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам"-ын 5.1-т зааснаар дотооддоо зарласан бол сонгон шалгаруулалт явагдахаас өмнө хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон Ө.Т оролцох боломжгүй буюу компанийн дотоод нөөц, ажилтан биш болсон тул хязгаарлагдах байсан.
Ажил олгогчийн шийдвэрийн гол үндэслэл нь тус ажиллаж байсан хүний нөөцийн хэлтэс байхгүй болж өөр нэгжтэй нэгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Түүнээс ажилтныг ажилд томилдог компанийн дотоод "сонгон шалгаруулалтын журам”-ыг үндэслэж чөлөөлөх шийдвэр гаргаагүй.
Хариуцагч тал нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүх түүнтэй холбоотой үндэслэл тайлбар, эрхийн актууд, нотлох баримтуудад бүрэн дүүрэн, үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Түүнчлэн шүүх "...урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр" гаргасан. Гэтэл “...........” ХХК-д Хүний нөөцийн нэгж, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байр хасагдсан буюу ТУЗ-ийн шийдвэрээр хасагдсан. Тэрхүү шийдвэрийг үндэслэж ажил олгогч шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч ТУЗ-ийн бүтэц орон тоонд хийсэн шийдвэртэй маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг.
Шүүх шийдвэрээ гаргахдаа ажлаас чөлөөлөхөд үндэслэсэн тушаалын хууль зүйн үндэслэлд бус нэхэмжлэгчийн хоорондоо уялдаагүй "ажилтныг томилоход ашигладаг журмыг" үндэслэж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6.5-д "...сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр түүнийг ажлаас чөлөөлж..." гэжээ. Ажлын хэсэг Ө.Түмэн-Эрдэнийг ажлаас чөлөөлөөгүй, тийм шийдвэр гаргаагүй, тус ажлын хэсэг зөвхөн шинээр бий болсон нэгжийн даргын шинэ албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийх зорилготой байгуулагдсан. Ажлаас ажилтныг чөлөөлөх шийдвэрийг гагцхүү ажил олгогч гаргах эрхтэй болохоос ажлын хэсэг гаргах боломжгүй.
Шүүх мөн Ажлын хэсэг Ө.Т "дотоод сонгон шалгаруулалт зарлуулах тухай" хүсэлтийг шийдвэрлээгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсноор Ө.Т нь компанийн дотоод ажилтан, дотоод нөөц байх боломжгүй болсон. Харин ажил олгогч дотоодод зарласан бол нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажилтан бус болсон иргэн Ө.Т сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох нөхцөл үүсэх байсан.
Ажлын хэсэг Ө.Т хүсэлтийг шийдвэрлээгүй гэжээ. Нэхэмжлэгч хүсэлтээ ажил олгогч буюу Гүйцэтгэх захирал .........эн танаа хэмээн хандаж гаргасан бөгөөд гагхүү хувийг Ажлын хэсэгт ирүүлсэн байсан. Хувийг ирүүлсэн нь хүсэлт гаргасан тухай "Мэдээллийн чанартай" болохоос шийдвэрлүүлэх агуулга биш болно.
Иймд дээрх үндэслэлийг анхааран үзэж анхан шатны шүүхийн 20.. оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 317/ШШ20.../00... дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх хариуцагчийн байр суурийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулж, шүүхээс асууж, “ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр гаргасныг хэлэлцүүлгийн явцад бүрэн тодорхой болгосон. Энэ шаардлагыг өмнө нь ч бид дэмжиж оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргааныг тодорхой тэмдэглэсэн байгаа. Тухайлбал, хариуцагчийн зүгээс Ө.Т ур чадваргүй ажилласан, мөн ажлаа тасалсан гэсэн маргаан гаргасан ч энэ нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Давж заалдах гомдлын 2.1-т дурдсан “тушаалд мэдлэг, мэргэжил, туршлагын болзлыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнээгүй” гэсэн үндэслэлийг дурдъя. Гэтэл “...........” ХХК 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтыг сайтдаа зарлаж, шаардлагатай бүх бичиг баримтыг Ө.Тд танилцуулсан байдаг. Ө.Т нь өмнө нь компанийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн захирал буюу удирдах албан тушаалд ажиллаж байсан тул гомдлын 2.2-т заасан болзлыг хангахгүй байх нөхцөл байгаагүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх нягталж дүгнэсэн.
Мөн гомдлын 3 дугаар үндэслэлд дурдсанчлан 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учир сонгон шалгаруулалтыг дотооддоо явуулах боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь сонгон шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарлаж, 3 дугаар сарын 22-ны өдөр бичиг баримтыг хүлээн авч, ажлын хэсэг 3 дугаар сарын 30-ны өдөр шалгаруулалт явуулахаар тэмдэглэл хөтөлсөн нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байдаг. Гэвч 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн зүгээс Мөнхтуяа гэх ажилтан утсаар болон мессежээр тодорхойгүй хугацаагаар сонгон шалгаруулалт хойшлогдлоо гэсэн мэдээлэл өгсөн байдаг. Энэ талаар хариуцагч хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн ч түүнээс хойш сонгон шалгаруулалт хэрхэн явагдах талаар Ө.Тд дахин мэдээлэл өгөөгүй бөгөөд энэ тухай баримт хэрэгт байхгүй. Мөн хариуцагчийн зүгээс Ө.Тд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудсыг өгсөн, 3 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан ч 3 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлсөн тул харин ч нэмэлт хугацаанд ажил хийлгэсэн гэж тайлбарласан. Гэтэл мэдэгдэх хугацаа дуусгавар болсон ч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн учраас уг мэдэгдэл хүчин төгөлдөр бус болсон бөгөөд 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөх тушаал нь хуульд нийцээгүй. Үүнтэй холбоотойгоор дахин ажлаас чөлөөлөх мэдэгдэл ирээгүй нь хэрэгт бүрэн тусгагдсан байна. Ийм нотлох баримтууд хэрэгт цугларсан бөгөөд шүүх эдгээрийг тал бүрээс нь судалж, өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийн дагуу үнэлж дүгнэн шийдвэр гаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч “.......” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, талуудын маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүйгээс мэтгэлцэх үндсэн зарчим алдагдсан байгаа тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа дараах дүгнэлтийг хийлээ.
2. Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч “........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж марган, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 55,431,870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч “...........” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолын дагуу орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан. Энэ талаар болон ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч хуулийн хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн зохих тэтгэмжийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
3.1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...хариуцагч “.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ө.Түмэн-Эрдэнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...” гэж үзэж үйл баримтын талаар маргасан гэж тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “................гүйцэтгэх захирал болон “Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэс”-ийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг нь нэхэмжлэгч Ө.Т дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр түүнийг ажлаас чөлөөлж, албан тушаалын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон тус компанийн “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-д нийцээгүй тул түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй...” гэсэн үндэслэлээр үйл баримтыг үнэлсэн нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ө.-ийг “...........” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/426 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Харин ........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн А/120 дугаар тушаалын дагуу 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаар дүгнэлт хийж нэхэмжлэгч Ө.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болгосон байна.
3.2. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч Ө.Ттэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “...ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тайлбарлан хавтаст хэргийн 108-127, 131-132, 134-140 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан байхад анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрсөн гэж үзнэ.
4. Иймд анхан шатны шүүхийн 20.. оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 317/ШШ20../00... дугаар шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвбямбын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
5. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвбямбын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч .............улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,379 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 317/ШШ20../00... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвбямбын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч "......" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,379 /гурван зуун ерэн есэн мянга гурван зуун далан ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ