| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 151/2024/01196/И |
| Дугаар | 223/МА2025/00033 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 223/МА2025/00033
2025 9 30 223/МА2025/00033
С.З, З.О нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 317/ШШ20../00... дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.З,
Нэхэмжлэгч: З.О,
Хариуцагч: А.У,
Нэхэмжлэлийн шаардлага: С.З болон А.У нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.Зийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээний зөрүү 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, А.У-с С.Зид холбогдуулан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчид шилжүүлэхийг С.Зид даалгах, С.Зийн гэм буруугийн улмаас учирсан хохирол болох түрээсийн төлбөр, өмгөөлөгчийн хөлс гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нансалмаа, Г.Буян, Б.Цэнгүүн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Чулуунцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Иргэн С.З, -ийн нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1380 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн өдрөө гэрээний 2.1-т заасны дагуу С.З нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 75 тоот орон сууцыг А.У-н өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч А.Унь Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр баруун баян өлзий 12-1202 тоотод байрлах үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 ширхэг хувийн сууц, газрыг С.Зийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний 3.3, 3.4-т заасны дагуу гэрээний үүргээ гэрээ байгуулагдсан өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр биелүүлсэн. Харин А.Унь тухайн өдрөө гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан ч ...орон нутгийн сонгууль болж байх тул шилжилт хөдөлгөөн зогссон, шилжилт хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор Төв аймгийн Борнуур сумын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох гэж байгаа учраас заавал Төв аймгийн харьяат байх ёстой. Гэвч орон нутгийн сонгууль болж байгаа учраас шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй... гэж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан. Дараа нь буюу ирэх 7 хоногийнхоо нэг дэх өдөр нь Борнуур сумандаа бүртгүүлэх байсан боловч тус сумын Засаг дарга нь цэрэг татлагатай байх тул боломжгүй юм байна гээд мөн л гэрээгээ биелүүлээгүй. Энэ нөхцөл байдлаас харахад А.У-н хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэл, сонирхолгүй юм байна гэх үүднээс С.З нь гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцаахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь тухайн худалдаж байгаа орон сууцныхаа талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн хувийн сууцуудыг худаг, хүүхдийн сургуулиас холгүй гэж тайлбарлаж байсан ба тухайн нөхцөлийг тодруулахаар шүүхээс шинжээч томилоход А.У-н орон сууц нь сургууль, худгаас 1 километр 400 метр, /1.4 км/ 1 километр 200 метрийн /1.2 км/ зайтай байсан. Өөрөөр хэлбэл хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй, мөн заавал унаа тэрэгтэй явж ундны усаа зөөх шаардлага бий болсон. Тийм учраас дээрх байдал нь гэрээнээс татгалзах эхний үндэслэл болсон. 2 дугаарт, С.З нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд нүүж очсон. Тухайн үед хашаанд 3 сууц байсан ба тэрний 2 нь гэрчилгээтэй, нэг нь гэрчилгээгүй байсан. Нэг гэрчилгээтэй орон сууц нь төмөр каркас хийцтэй байсан. Ийм байшинд настай хүн болон хүүхэд амьдрах боломжгүй, хэт хүйтэн хананы зузаан нь 10 см байсан тул анх энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаж, нэхэмжлэлээ гаргасан. Ингээд ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээчин нь Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр баруун баян өлзий 12-1202 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөд хэмжилт хийсэн. Гэтэл тухайн 76 м.кв, 49 м.кв орон сууцууд тухайн хашаанд байхгүй гэх тайлбар хэлсэн. Тэгэхээр нь нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан гэрээгээр 59 дугаартай 49 м.кв байшин, 649 дугаартай байшин 76 м.кв сууцуудыг шилжүүлэхээр тохиролцсон байхад яагаад байдаггүй юм бол гэж бодоод Мон-Асар ХХК-аар хэмжилт хийлгүүлсэн. Хэмжилтээр 76 м.кв байшин нь дотор талын хэмжээгээрээ 52 м.кв, гадна талаараа 58 м.кв байсан. Мөн 49 м.кв гэх байшин нь дотор талдаа 39 м.кв, гадна талын хэмжээ нь 52 м.кв байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсгээ эд хөрөнгийн доголдолтой гэх үүднээс гэрээнээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч А.Уболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр, Баруун-Өлзий 12-1202 тоотод байрлах, .............. дугаартай гэрчилгээ бүхий газар, хувийн сууцыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 1380 дугаартай гэрээний дагуу шилжүүлж өгөхийг С.Зид даалгаж... С.Зийн байрыг авахаар болсон боловч надад тус байрыг суллаж өгөөгүй. Би хөлсний байрандаа үргэлжлүүлэн амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Иймээс миний охин Г.Эгийн байгуулсан гэрээний дагуу бид хоёр 1 сарын 1,200,000 төгрөг ээлжилж төлсөн төлбөр буюу 2024 оны 10 сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл 3 сарын хугацааны төлбөр 3,600,000 төгрөгийг мөн хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 2,0 сая төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...миний ээж А.Унь 2024 оны 10, 11, 12, 01, 02 дугаар сарын байрны түрээсийн төлбөр төлсөн. Түрээсийн төлбөрт 6,000,000 төрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 2,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна...” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ "Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр, Баруун-Өлзий 12-1202 тоотод байрлах, .............. дугаартай гэрчилгээ бүхий газар, хувийн сууцыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 1380 дугаартай гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэхийг С.Зид даалгах" гэжээ.
Талууд нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч С.Зийн шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн хариу төлбөрт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэ гэрээ нь тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.
Мөн уг гэрээний 3-р зүйлийн 3.1 -т гэрээний зүйлийн үнийг 60,000,000 төгрөгөөр худалдах бөгөөд 3.2-т С.Зийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот орон сууцыг худалдах, энэ гэрээний төлбөрт Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг өгөөмөр Баруун Баян-өлзий 12-1202 тоотод байрлах ........... дугаартай хувийн сууц болон газрыг оруулж төлөхөөр харилцан тохиролцсон тул гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан гэж заасан.
Гэтэл хариуцагч гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрт дээр дурдсан хувийн сууцуудыг худалдагч талд шилжүүлж өгөөгүй. Гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй шалтгаанаа 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа "орон нутгийн сонгууль болж бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй, мөн заавал тухайн орон нутгийн иргэний бүртгэлтэй байж орон сууцыг шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан". Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад тухайн орон нутгийн бүртгэлтэй иргэн байх хуулийн шаардлага байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь гэрээ байгуулах үед хариуцагч нь гэрээний төлбөрт хувийн сууцаа шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй мөн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл болохыг харуулж байна.
Түүнчлэн хариуцагчийн шилжүүлэх гэж байсан хөрөнгө болох Төв аймгийн Борнуур суманд байрлах хувийн сууц нь нэхэмжлэгчид анх танилцуулж байснаас зөрүүтэй буюу худаг, хүүхдийн сургуулиас маш хол, тухайн хувийн сууц нь зөөврийн сууц шиг төмөр карказан хийцтэй өвөл амьдрах боломжгүй, ашиглахад хүндрэлтэй, тав тухтай амьдрах боломжгүй байна.
Иймд хариуцагч нь гэрээ байгуулах үндэслэл болсон хувийн сууцыг гэрээ байгуулах үед худалдагч талд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, тухай орон сууцны талаарх мэдээллийг үнэн зөв өгөөгүй байх тул хууль болон гэрээнд заасны дагуу маргаан бүхий хувийн сууцыг нэхэмжлэгч шилжүүлэн авах үүрэггүй юм. Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ "...өөрийн өмчлөлд шилжүүлэхийг С.Зид даалгах" гэсэн байх бөгөөд шилжүүлэх үүрэг нь хариуцагчийн үүрэг юм.
2. Хариуцагч нь С.Зийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч А.Унь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхыг шаардахаас гадна С.Зийн эзэмшил хууль бус байх тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой. Хэдийгээр нэхэмжлэгч С.З нь 2024 оны 10-р сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч А.У-н өмчлөлд шилжүүлэн өгснөөр А.Унь өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч энэхүү маргааны хувьд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв гэх зарчмаар түүнийг өмчлөгч гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч өөрийн өмчлөлийн хувийн орон сууцыг нэхэмжлэгч талд гэрээ байгуулах үед буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул С.Зийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэгэнт байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаах харилцаа үүсэж байгаа тул С.Зийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. С.Зийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байх тул албадан чөлөөлүүлэх шаардлага нь үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч С.З нь хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж байгаа энэ тохиолдолд хариуцагчид учирсан хохирлыг хариуцах
үндэслэлгүй. Учир нь аливаа хохирлын асуудал нь үүрэг зөрчсөнөөс бий болох
хариуцлагатай холбоотой асуудал бөгөөд нэхэмжлэгч С.Зоос гэрээний
үүргийн зөрчил гаргаагүй байгаа тохиолдолд хариуцагчид учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэггүй болно.
Мөн хэргийн оролцогч бус этгээд болох Г.Эгийн бусадтай байгуулсан гэрээний төлбөрийг хариуцагч нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогддог тул өмгөөлөгч авах нь хариуцагч А.У-н эрхийн асуудал тул өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авснаас үүдэн гарах зардлыг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэггүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн 2024 оны 11 сарын 25-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Анхан шатны шүүх: “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар нэхэмжлэгч С.З, З.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ууганцэцэгт холбогдох С.З болон А.Унарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.Зийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээний зөрүү 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.У-с нэхэмжлэгч С.Зид холбогдуулан гаргасан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчид шилжүүлэхийг С.Зид даалгах тухай сөрөг нэхэмжлэл, С.Зийн гэм буруугийн улмаас учирсан хохирол болох түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч
А.У-н Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр
хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг эзэмших, ашиглах эрхийг
хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч С.Зид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.З, З.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 607,100 төгрөгийг, хариуцагч А.У-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 351,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Зоос 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Ууганцэцэгт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3520 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамжаар авагдсан арга хэмжээ нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нансалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтыг нотлох баримттай харьцуулан дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:
1. Хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүй тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах хэргийн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч А.Унь Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг өгөөмөр баруун Баян-Өлзий 12-1202 тоотод байрлах ......... дугаар бүхий 49 мкв, ........ дугаар бүхий 76 мкв үл хөдлөх хөрөнгө болон ........... дугаартай газрыг 129 000 000 төгрөгөөр худалдахаар зар тавьсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгч С.З нь гэрээний төлбөрт өөрийн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот орон сууцыг 125 000 000 төгрөгөөр тооцож, гэрээний зөрүү төлбөрт 4 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу С.З болон А.Унарын хооронд 2024 оны 10-р сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.
Уг гэрээний гол нөхцөл нь С.З нь өөрийн орон сууцыг худалдаж, тус орон сууцны төлбөрт А.У-н өмчлөлийн хувийн сууц, газрын төлбөрт тооцон авч байгаа хэрэг бус харин А. Ууганцэцэгийн өмчлөлийн .......... дугаар бүхий 49 мкв, ......... дугаар бүхий 76 мкв үл хөдлөх хөрөнгө болон ....... дугаартай газрыг худалдан авах зорилгоор өөрийн орон сууцыг төлбөрт тооцож байгаа нь гэрээний гол нөхцөл болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн худалдан авч байгаа Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг өгөөмөр баруун Баян-Өлзий 12-1202 тоотод байрлах ......... дугаар бүхий 49 мкв, ....... дугаар бүхий 76 мкв үл хөдлөх хөрөнгө болон П411000028 дугаартай газрыг 129 000 000 төгрөгөөр худалдан авах нь гэрээний гол нөхцөл болно.
Иймд гэрээний гол нөхцөл болох тухайн хувийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан хэмжээнд хүрсэн эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Хэрэв гэрээний дагуу худалдах үл хөдлөх хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолтой бол нэхэмжлэгч тухайн доголдлыг мэдсэн үеэс шаардлага гаргах шаардах эрхийг дүгнэх боломжтой байсан. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийгээгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шүүхээс буруу тогтоож, хэргийн бодит байдлыг үнэн зөв дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгчийн биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тухайд: Шүүхээс Иргэний хуулийн 274.1, 251.1-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд биет байдлын доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255.1.1-д заасныг баримтлан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл биш гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 255.1.1-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь УДШ-ийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн Зөвлөмжид Иргэний хуулийн 255.1.1 дэх зохицуулалт нь орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл гэж тохирсон тохиолдолд ач холбогдолтой байхаар дурджээ. Өөрөөр хэлбэл талууд орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 255.1.1 дэх зохицуулалт үүнд хамаарахаар байна. Гэтэл шүүхээс орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл гэж тохирсон нөхцөл байдал харагдахгүй байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 255.1.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.
Мөн шүүхээс хувийн сууцны метр квадратыг гол нөхцөл болгож байсан бол тухайн үедээ мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх боломжтой байсан гэжээ. Нэхэмжлэгчийн хувьд хувийн сууцны талбайг гэрээнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан хэмжээгээр байгаа гэдэгт итгэсэн бөгөөд гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх нь худалдагчийн гол үүрэг байдаг тул тухайн үедээ хэмжүүлэх боломжтой байсан гэдгээр худалдагчийн дээрх үүргийг няцааж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийг доголдолтой эсэхийг шалгах зорилгоор худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийг хэмжүүлэх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт хуульд байхгүй болно.
Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн хувьд амьдрах, ашиглах орон зайн хэмжээг тухайн хөрөнгийн гол шинж чанар гэж үзэх бөгөөд талбайн хэмжээнээс бусад зүйлс болох сургууль, цэцэрлэгээс ойр байдал, байршил, гадаад орчин зэрэг нь гол нөхцөл гэхээс илүүтэйгээр үнэ тогтоох хүчин зүйл болно. Иймээс гэрээнд тухайн 2 хувийн сууцны м.кв хэмжээг тусгаагүйг талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь гэрээнд 2 орон сууцны м.кв -ыг тусгайлан заагаагүй боловч гэрээний хавсралтад маргаан бүхий 2 хувийн сууцны хувьд 76 м.кв, 49 м.кв талбайтайгаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 76 м.кв, 49 м.кв хувийн сууцыг худалдан авах зорилгоор гэрээний төлбөрт өөрийн үл хөдлөх хөрөнгөөр гэрээ байгуулсан болно.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар талбайн хэмжилт хийлгэхэд худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд нь 52.40 м.кв болон 39.86 м.кв болох нь тогтоогдсон.
Шүүхээс тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээж авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь нотлох үүргийн хуваарилалтыг зөвхөн нэхэмжлэгчид өгч, нэг талд давуу байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчийг доголдлыг мэдэх боломжтой байсан гэдгийг худалдагч нотлох үүрэгтэй байтал энэ үйл баримтыг шүүхээс анхаарч үзээгүй.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хувийн сууцны талбайн хэмжилтийг хийсэн үйл баримттай маргаагүйгээс гадна худалдан авагч доголдлыг мэдэх боломжтой байсан гэдэг үйл баримтыг ч нотлоогүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс мэдэх боломжгүй доголдол байсан гэдгийг нотлох зорилгоор шүүх хуралдааны явцад хариуцагчаас тухай хувийн сууцыг гэрчилгээнд заасан хэмжээнээс бага байх боломжтой эсэхийг хараад мэдэх боломжтой юу гэхэд боломжгүй гэж хариулсан байдаг.
Мөн хариуцагч нь маргаан бүхий хувийн сууц болох ............ дугаартай 49м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 42м.кв талбай хэмжээтэйгээр мэдүүлж байсан бөгөөд 2022 онд м.кв хэмжээг өөрчилж бүртгүүлэхдээ 49м.кв -аар бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад тухайн маргаан бүхий 49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 42м.кв талбайтайгаар анх мэдүүлснээс хойш тус хувийн сууцанд нэмж баригдсан зүйл байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж хариулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн хувийн сууцыг анх 42м.кв-аар улсын бүртгэлд мэдүүлснээс хойш талбай хэмжээг нэмэгдээгүй болохыг мэдсээр байж 49м.кв-аар гэрчилгээг гаргуулсан нь худалдаж буй хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 255.1.1-д заасныг баримтлан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох УБ хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.З-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бие даан тодорхойлох эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд "нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг гаргуулах"гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хариуцагч сөрөг нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад шүүгчээс асуулт асуух байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь "эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардаж байгаа юу" гэх зэргээр шүүгч хөндлөнгийн байх зарчмаа алдаж, хариуцагчийн өмнөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг шийдвэрлэсэн.
Мөн Иргэний хуулийн 92.1 дэх зохицуулалтыг хэргийн үйл баримтад буруу тайлбарласан хэрэглэсэн бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг ямар үндэслэлээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаар эрх зүйн үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаагүй байна.
Аливаа хөрөнгийг эзэмших эрхийг хуулийн эсхүл хэлцлийн үндсэн дээр олж авах бөгөөд Иргэний хуулийн 92.1 дэх зохицуулалтын дагуу эд хөрөнгө нь шударга эзэмшигчийн эзэмшилд байхаар зохицуулсан. Гэтэл хэргийн үйл баримтаар тухайн маргаан бүхий орон сууц нь зохигчдын хэн алины эзэмшилд байхгүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг ямар журмаар хариуцагч олж авах эрхтэй болох, ийм эрх байгаа эсэх талаар дүгнэж тодруулалгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Энэхүү хэргийн хувьд харилцсан солилцсон хөрөнгийн хувьд нэг тал нь гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарсан, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн зэрэг нь сөрөг нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болохгүй юм.
Гагцхүү хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч мөн эсэхийг дүгнэсний эцэст дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 317/ШШ20../00... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан С.З болон А.Унарын хооронд 2024 оны 10-р сарын 09-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот ........ дугаартай орон сууцыг нэхэмжлэгч С.Зийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, мөн зөрүү үнэ 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн 20.. оны 7 сарын 02-ны өдрийн 317/ШШ20../00... дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.2, тогтоох хэсгийн 1 дэх заалтад буюу сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Тодруулбал, тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн шалтгаатны улмаас эмнэлгийн тогтмол хяналтад байх шаардлагатай болж, Төв аймгийн Борнуур суманд байрлах үл хөдлөх хөрөнгө, байр сууцаа зарж, Улаанбаатар хотод оршин суух гарцаагүй шаардлага үүссэн. Холбогдох баримт хэрэгт авагдсан.
Ингээд Төв аймгийн Борнуур суман дахь хашаа байшинг худалдан борлуулах зар өгч, үл хөдлөх хөрөнгийн зуучтай гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулаад, дараа нь хотод нэг өрөө байр авч амьдрахаар болсон. Тухайн үед миний үйлчлүүлэгч А.У-н өмнөөс түүний төрсөн охин Г.Э нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БЗД-ийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол |13343| Б доржийн гудамж 57в байр, 159 тоот 44.57 мкв нэг орон сууцыг 3 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөг байхаар тохиролцон түрээслэх гэрээг иргэн Ганболдын Бямбажаргалтай байгуулсан байдаг. Тус гэрээ хавтаст хэргийн 107, 108 дугаар хуудаст авагдсан.
Орон сууц түрээслэх гэрээ нь 10 сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байгуулсан нь энэ хугацаанд А.Унь Төв аймгийн Бор нуур сум дахь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаад, Улаанбаатар хотод байр авах боломжтой гэж тооцсон. Тооцооллын дагуу үл хөдлөх хөрөнгийг 10 сарын 09-ний өдөр худалдсан байдаг. Нэхэмжлэгчтэй гэрээ хийгээд, нэхэмжлэлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, түлхүүрийг аваад, тус байранд засвар хийгээд орж амьдрахаар төлөвлөж байтал нэхэмжлэгч тодорхой бус шалтгааны улмаас гэрээнээс татгалзахаа мэдэгдэж, А.У-н өмчлөлд шилжүүлсэн өөрийн орон сууцны хаалганы гол сольж, шүүхэд өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч тодорхой шалтгааны улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэр дээр нь шилжүүлж өгч амжаагүй ч эзэмших эрхийг буюу түлхүүрийг нэхэмжлэгч С.Зид өгсөн. Хашаа байшингаасаа бүх юмаа авч нүүгээд 7 сард хотод ирсэн. Худалдаж авсан байранд амьдрах боломжийг нэхэмжлэгч С.З олгохгүйгээр, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах талаар ярьж, шүүхэд хандсан. Миний үйлчлүүлэгч энэ нөхцөл байдалд хаалгыг эвдэн орж, засвар хийж, суух боломж, ёс суртахуун байхгүй. Цагдаад хандсан боловч шүүх дээр асуудалтай бол манайх ажиллагаа хийхгүй гэсэн хариу өгөөд гомдлыг хүлээн авахгүйгээр буцаасан байдаг. Энэ нөхцөл байдалд миний үйлчлүүлэгч гудамжинд амьдрахгүй нь ойлгомжтой, түрээсийн гэрээний хугацааг сунгаж үргэлжлүүлэн амьдрахаас өөр аргагүй болсон.
Шүүх миний үйлчлүүлэгчийн 2024 оны 11, 12 cap, 2025 оны 1,2,3,4,5,6 cap, нийт 7 сарын түрээсийн төлбөр болох 8 400 000 гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй юм. Миний үйлчлүүлэгч одоо ч түрээсийн байрандаа амьдарсаар байгаа болно. Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үндэслэл шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсан, хариуцлагагүй үйлдлээс болж, хариуцагч хохирох нь шударга ёсны зарчим, Иргэний хуульд нийцэхгүй юм.
Мөн хангалттай, тодорхой баримт хэрэгт авагдсан байхад үнэлэхгүйгээр нотлох баримтгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой огт санал нийлэхгүй байна. Учир нь түрээсийн гэрээгээ сунгасан баримтыг шүүхэд хүргүүлсэн. Мөн Орон сууц хөлслөх гэрээг хариуцагч А.У-н охин Г.Э, хөлслүүлэгч Ү.Ганболдын төрсөн хүүхэд болох Г.Б нар хийсэн. Гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, Г.Б-ын эцэг болох Ү.-ын ХААН банкны ..... дугаартай дансанд төлбөрийг шилжүүлж байхаар харилцан тохиролцож, гэрээнд тусгайлан заасан байдаг.
Мөн миний үйлчлүүлэгч А.Унь дээрх орон сууцны түрээсийн төлбөрийг гэрээнд заасан дансанд өөрийн эзэмшлийн данснаас cap бүр төлсөн баримт, тус байрны СӨХ, гэрэл цахилгаан гээд бусад бүх төлбөр хураамжийг тогтмол төлж байсан баримтыг cap сараар нь гаргаж, өгсөн болно. Тус орон сууцанд амьдардаг болохыг тодорхойлсон засаг даргын тодорхойлолт, хариуцагчийн охин болох Г.Э нь өөр хаягт, өөр байранд оршин суудаг болохыг ч тодорхойлсон баримтыг ч хуулийн шаардлага хангуулан шүүхэд өгсөн, хэрэгт авагдсан байхад үнэлээгүйд гомдолтой байна. Өөр ямар баримт шүүх шаардаад байгаа нь ойлгомжгүй бас тодорхойгүй байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэсэн үүргийн ерөнхий шаардах эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж, 8,400,000 төгрөгийг С.Зоос гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б , Б.Ц нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны болоогүй, маргааны үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа, гэрээний гол нөхцөлийг шүүх хуралдаанд тодруулахдаа гэрээний үнийг м2-р бус тухайн байр, газар, хувийн орон сууцны нийт мэдээллийг үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна...Төв аймгийн Борнуур суманд байрлах хувийн 2 орон сууцны дотор болон гадна зургийн хамт харьцуулаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзүүлээд мэдээлэл өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 76м² болон 49м² гэсэн хэмжээтэй байсан. Нэхэмжлэгч энэхүү мэдээллийг үндэслэн худалдан авах шийдвэр гаргасан...Хувийн орон сууцны метр квадрат нь нүдээр хараад дүгнэх боломжтой, далд доголдол биш гэж шүүх дүгнэсэн. Гэтэл шүүх “мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгээгүй учраас нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх ёстой гэж дүгнээд байгаа юм бол энгийн хүн нүдээрээ хараад хэмжих боломжгүй гэдэг дээр мөн шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан боловч арилжааны гэрээний зарим зохицуулалтад Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд дурдсан хэмжээнд хүрсэн эсэхийг шалгах шаардлагатай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь гэрчилгээнд дурдсан хэмжээнд хүрээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Иймд мэдэх боломжтой байсан доголдол гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн гомдлын шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д зааснаар худалдагч үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. Хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 42 м² байсан байрыг 49м² болгож өөрчлөх хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байдаг. Уг хүсэлтийг гаргахдаа ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөлгүйгээр хүсэлтээ өгч өөрчлүүлсэн байдаг. Үүнээс үзвэл худалдагч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгө хэмжээндээ хүрэхгүй гэдгийг мэдсээр байж доголдлыг нууж, худалдан авагчид шилжүүлсэн нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэмжилт хийлгээд хэмжээндээ хүрэхгүй байна гэдгийг мэдээд гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Шүүх гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус эзэмшлээс албадан гаргуулах гэж тодорхойлсон. Гэтэл шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд шүүгч асуулт асууж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн шаардлагаа тодорхойлно уу гэхэд хариуцагч цоожны гол сольсон болохоор орж чадахгүй гэж тайлбар хэлсэн болохоос сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон, үндэслэл бүхий зүйл огт яриагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс “эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах” гэж өөрчлөөгүй байхад шүүх өөрийн санаачилгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг зөрчиж бие даасан байдлаа алдагдуулсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээс татгалзах, мөн гэрээнээс татгалзсантай холбоотой 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
...Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөрчилтэй, хэргийн үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн шаардлагын бодит дүгнэлтийг тус бүрд нь хийгээгүй. Гэрээнээс татгалзах асуудлыг шүүх дүгнэхдээ гэрээг хүчин төгөлдөр эсвэл хүчин төгөлдөр бус гэдэгт дүгнэлт хийж, татгалзлын асуудлыг шийдвэрлэх ёстой байтал үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй...Талуудын хооронд 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Нэг нь 125,000,000 төгрөгөөр үнэлсэн, нэг нь 129,000,000 төгрөгөөр үнэлсэн. Татварын асуудлаар 60,000,000 төгрөгөөр дүйцүүлсэн гэрээ хийсэн асуудлыг талууд хүлээн зөвшөөрдөг...129,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн хашаа, байшин нь бодит байдал дээр 94,000,000 төгрөгөөр үнэлэгдэж 14 м.кв хэмжээний зөрүү гарч ирдэг. Нэхэмжлэгч Улсын бүртгэл үнэн зөв хэмжээ тавьсан байх гэж итгээд гэрээ хийсэн...Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өөрт байхгүй давуу байдлыг бий болгож 4,000,000 төгрөг илүү авсан...С.З гэрээний үнэ цэнэ, утга агуулгыг бүрэн ойлгож гэрээ хийсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нансалмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зүйлгүй, зохигчийг мэтгэлцэх эрхээр хангасан, хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байх ч холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй, үндэслэх хэсэг, тогтоох хэсэг зөрүүтэй байгаа тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт дараах дүгнэлтийг хийж өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.З, З.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч маргасан үндэслэлээ "...Хариуцагч А.Унь худалдаж буй эд хөрөнгийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, биет байдлын доголдолтой байсан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Борнуур сумын 1-р баг, Өгөөмөр, Баруун Баянөлзий 12-1202 тоотод байрлах ........... улсын дугаартай газар болон хувийн сууц нь худаг, цэцэрлэг, сургуулиас хол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 хөрөнгийн 1 нь төмөр карказан хийцтэй, зөөвөрлөх боломжтой, хүн амьдрах боломжгүй сууц байсан. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талбайн бодит хэмжээ нь гэрчилгээ дээр бичигдсэнтэй зөрүүтэй байгаа тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус гэрээний дагуу шилжүүлсэн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, үнийн зөрүүд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч С.Зийн шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн хариу төлбөрт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрт дээр дурдсан хувийн сууцуудыг худалдагч талд шилжүүлж өгөөгүй. Мөн өөрийн орон сууцанд амьдарч байгаа ба хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй тул албадан чөлөөлүүлэх шаардлага нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь хариуцагч А.У-н эрхийн асуудал. Гэтэл өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авснаас үүдэн гарах зардлыг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэггүй. Орон сууц хөлслөн суусан гэж байгаа ч гэрээг эрх бүхий этгээд хийгээгүй, орон сууцны хөлс төлсөн гэх зүйл баримтаа нотолж чадаагүй ...” гэж тайлбар гарган мэтгэлцсэн байна.
Хариуцагч А.Унь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, "...Нэхэмжлэгч С.З, хариуцагч А.Унар нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа байрны талбайн хэмжээгээр тохиролцоогүй, аль аль талаасаа үл хөдлөх эд хөрөнгөөр солилцож, зөрүү мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Түүнчлэн нэхэмжлэгч С.З худаг, сургууль, цэцэрлэгийг очиж үзсэн. Худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь зөөврийн байшин биш, газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр талбайн хэмжээ нь тусгагдсан. Бид ямар нэгэн байдлаар худал мэдээлэл өгөөгүй. Байгуулагдсан гэрээний дагуу хашаа байшингаа С.Зийн нэр дээр шилжүүлэх гэтэл орон нутгийн сонгууль таарсан тул 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэтэл уг тохиролцсон хугацаанаасаа өмнө С.З гэрээнээс татгалзсан. Бид биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдаагүй" гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...гэрээний дагуу шилжүүлэн авсан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч С.Зид даалгах, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцын хаалганы голыг С.З нь сольсон тул бидний эзэмших ашиглах эрхийг хязгаарлаж байгаатай холбогдуулан С.Зийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг гаргуулах, С.З нь Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас хариуцагч А.У-т учирсан хохирол болох түрээсийн байрны төлбөр, өмгөөлөгчийн төлбөрийг гаргуулна...” гэж шаардан маргасан байна.
Харин зохигчид “...нэхэмжлэгч С.З өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч А.Унар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр бус эсэх талаар болон С.З нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 125,000,000 төгрөгөөр, А.Угазар болон хувийн сууцаа 129,000,000 төгрөгөөр арилжихаар харилцан тохирсон, гэрээний дагуу нэхэмжлэгч С.З нь орон сууцаа хариуцагч А.У-н өмчлөлд шилжүүлж өгсний дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, мөн үнийн зөрүү 4,000,000 төгрөгийг С.Зийн охин З.Отгонхишиг нь А.У-т Хаан банкны дансаар шилжүүлсэн...” гэх үйл баримтын талаар маргаагүй байна.
3. Үндсэн нэхэмжлэлийн талаарх үйл баримтын дүгнэлт:
3.1. Хариуцагч А.Унь өөрийн өмчлөлийн Төв аймгийн Борнуур сумын 1-р баг, Өгөөмөр, Баруун Баянөлзий 12-1202 тоотод байрлах .............. улсын дугаартай газар болон хувийн сууцыг худалдан борлуулах зар тавьсны дагуу нэхэмжлэгч С.З нь холбогдож өөрийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот 32.12 м.кв талбайтай орон сууцаар солих санал тавьсан байх ба талууд арилжааны гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон.
Ингэхдээ хариуцагч А.Уөөрийн газар, хувийн орон сууцыг 129,000,000 төгрөгөөр, нэхэмжлэгч С.З орон сууцаа 125,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүү 4,000,000 төгрөгийг С.Зоос А.Ууганцэцэгт өгөхөөр тохирсон байдаг.
Гэхдээ нэхэмжлэгч С.З өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч А.Ууганцэцэгт шилжүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн үнийг 60,000,000 төгрөг гэж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1380 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээнд зааж, татварыг ногдох хэмжээгээр төлсөн байх ба уг орон сууны өмчлөгчөөр А.Убүртгэгдэн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 001269057 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээ олгогдсон талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна.
3.2.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “...Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.” гэж зааснаар зохигчдын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн марааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх боловч бодит байдал дээр нэхэмжлэгч С.З нь өөрийн өмчлөлийн орон сууцыг борлуулах, хариуцагч А.Унь өөрийн өмчлөлийн газар хувийн орон сууцыг худалдан борлуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг харилцан тохиролцон солилцсон байгаа тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болж байна.
3.3.Нэхэмжлэгч З.З арилжиж авахаар тохирсон үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэсэн үндэслэлээр А.У-тэй байгуулсан гэрээнээс татгалзсан.
3.4. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д "Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна" гэж, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д "Эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана", Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ" гэж, 251.2-д "Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж заасан.
Нэхэмжлэгч С.З нь Төв аймгийн Борнуур сумын 1-р баг, Өгөөмөр, Баруун Баянөлзий 12-1202 тоотод байрлах газар болон хувийн сууц нь худаг, цэцэрлэг, сургуулиасаа хол эсэх, тус үл хөдлөх эд хөрөнгө нь ямар хийцтэй, зөөвөрлөх боломжтой эсэх, хүн амьдрах боломжтой эсэх болон хувийн сууцны талбайд хэмжилт хийлгэж доголдлын талаар мэдэх боломжтой байхад худалдан авч буй хувийн сууцны талбайн хэмжээг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн байна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд зааснаас дутуу тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасны дагуу худалдан авагч тал нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Дээрх эд хөрөнгийн доголдлын талаар хүлээж авахаас өмнө, эсвэл хүлээж авах үедээ мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Өөрөөр хэлбэл орон сууцны талбайг нүдэн баримжаагаар бус зориулалтын багаж, хэрэгсэл ашиглан хэмжих бололцоотой тул уг орон сууцны талбайн хэмжээг тухайн эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх эрхээ эдлэн хариуцагч А.У-н тавьсан зар мэдээлэл бодитой, үнэн зөв эсэх талаар шалгаж үзэх эрхийг хязгаарласан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч С.З нь авч буй хувийн орон сууцны талбайн бодит хэмжээ нь уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээтэй тохирч буй эсэхийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэн шалгах эрх нээлттэй байхад шалгуулалгүй, эс үйлдэхүй гаргасан байна.
Мөн хариуцагч А.Угэрээнд заасан хөрөнгийг хуульд заасны дагуу шилжүүлэн өгөхөд гуравдагч этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байсан ч нэхэмжлэгч С.Зид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогддог. Иймд гэрээний үүрэг хэлбэрийн төдий зөрчигдсөн нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул хариуцагч А.У-н нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах боломжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар:
Хариуцагч А.Унь хэд хэдэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдалд үндэслэн С.З, А.Унар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө харилцан бие биенийхээ өмчлөлд шилжүүлж гэрээ байгуулсан, улмаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ. Үүнээс үзвэл хариуцагч А.Унь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж 43 байр, 75 тоот орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй байхад нэхэмжлэгч С.З уг орон сууцны хаалганы цоожны голыг сольсон нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасны дагуу А.Удээрх орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээний хуулбар /1хх-8/ болон ........... дугаарт бүртгэгдсэн А.У-н нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-109/ зэрэг баримтаар тогтоогдсон.
Иймд хариуцагч А.Уөмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч С.Зоос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхтэй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.2.Мөн С.Зийн гэрээнээс татгалзсан татгалзлын улмаас худалдаж авсан орон сууцандаа амьдарч чадахгүй нөхцөл байдал үүсч улмаар бусадтай орон сууц түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээний төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.3. А.Унь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй, энэ нь түүний хүсэл зориг дээр үндэслэгдсэн тул өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэгч тал төлөх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь зохигч аль нэг тал сайн дураар, өөрийн хүсэлтээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, хөлслөх гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулж байгаа нь нөгөө талд уг өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэл болох учиргүй.
4.4. Харин анхан шатны шүүх хариуцагч А.У-н нэхэмжлэгч С.Зид холбогдуулан гаргасан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчид шилжүүлэхийг С.Зид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Зийн шүүхэд гаргасан С.З болон А.Унарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.Зийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл болсон гэж дүгнэсэн атлаа уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасан.
Иймд гэрээний нэг тал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т "Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авах үүргийн дагуу нэхэмжлэгч С.З нь хариуцагч А.У-с худалдан авсан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг хүлээн авахыг даалгаж сөрөг нэхэмжлэлээс уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
5. Хууль хэрэглээний талаар:
5.1. Мөн анхан шатны шүүх дээрх үйл баримтаас гадна зохигч талуудын шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан хуулийн заалтыг баримтлаагүй, хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно.
6.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Нансалмаа болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул тэдний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 317/ШШ20../00... дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар нэхэмжлэгч С.З, З.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.У-т холбогдох С.З болон А.У-ын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.Зийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээний зөрүү 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.У-с нэхэмжлэгч С.Зид холбогдуулан гаргасан Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчид шилжүүлэхийг С.Зид даалгах тухай сөрөг нэхэмжлэл, С.Зийн гэм буруугийн улмаас учирсан хохирол болох түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож...” гэснийг
“..Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.З, З.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ууганцэцэгт холбогдох С.З болон А.Унарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг С.Зийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, гэрээний зөрүү 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч С.Зид холбогдуулан гаргасан гэм буруугийн улмаас учирсан хохирол болох түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.У-н сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
2 дахь заалтад “...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч А.У-н Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг эзэмших, ашиглах эрхийг
хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч С.Зид даалгасугай...” гэснийг,
“...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.У-н Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 75 тоот орон сууцыг хууль бус өмчлөлөөс чөлөөлж, Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 12-1202 тоотод байрлах газар, хувийн сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахыг нэхэмжлэгч С.Зид даалгасугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч А.У-н 149,350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавин мяанга/ төгрөгийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-ийн 677,300 /зургаан зуун далан долоон мянга гурван зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ