Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 233

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.С-т холбогдох эрүүгийн 194 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1984 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ81 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Б овогт Б.С.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Их яруу” гэх газарт өөрийн малд байсан “Түрүү Таван Эрдэнэ” ХХК-ийн 1 /нэг/ тооны улаан эрээн зүсмийн шүдлэн эр үхрийг бусдаас хонины хаамган 10 ширхэг хашаа худалдан авсны төлбөрт өгч завшихыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

-Хохирогч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 08-09/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23/

-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг “Их яруу” гэх газарт өөрийн малд байсан “Түрүү Таван Эрдэнэ” ХХК-ийн 1 /нэг/ тооны улаан эрээн зүсмийн шүдлэн эр үхрийг бусдаас 10 ширхэг хонины хаамган хашаа худалдан авсны төлбөрт өгч завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 04 дүгээр сарын сүүлээр байх манай гэрт Баян-Уул сумаас танихгүй хүн манай хөдөө гэрт ирээд малын хашаа зарна гэхэд нь би тухайн хашааг худалдаж авахаар болоод өөөрийн үхэрнээс 1 тооны үхэр өгөхөд нөгөө хашаа зарж байгаа хүн миний өгсөн үхрийг голоод байхаар нь Одбаярын хариуцуулж өгсөн 2 тооны үхрээс улаан эрээн зүсмийн шүдлэн үхрийг нь өгсөн. Тэр хүн миний өгсөн үхрийг ачаад явж байгаад Одбаярын хадам ахтай таарсан юм. ... би хашаа худалдаж авч байгаа хашааны өртөгөнд нь өгч байгаа талаар Одбаяр болон Батжаргал нарт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/ түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Т.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би “Түрүү Таван Эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутагт манай мал байдаг юм. Одбаяр буюу өндөгөө гэж дууддаг залуу 2017 оны намраас 2018 оны намар хүртэл хугацаанд манай малчнаар ажиллаж байсан бөгөөд Одбаяр анх 117 үхэр хүлээж аваад тэрнээс бид өөрсдөө захиран зарцуулсан. Түүнээс 10 орчим үхэр өгөөгүй байсан юм. Одбаяр 2 бяруу өгөх үлдсэн байсан ба тэр 2 бяруу нь манай малчин Сынд байсан юм. 2019 оны 03 сард билүү 4 дүгээр сард Сынд тавьсан байсан Одбаярын үлдээсэн байсан хоёр бярууны нэгийг С гэх хүнд өгөөд ачуулсан байсныг тэнд байсан манай малчинд мэдээд замаас нь авсан гэсэн. Улмаар надад мэдэгдсэн. ... Одбаярын үлдээсэн хоёр бярууг С захиран зарцуулах эрх байхгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Н.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би “Түрүү Таван Эрдэнэ” ХХК-ийн малыг харж байгаад 2018 оны 12 дугаар сарын сүүлээр малыг нь буцааж өгсөн. ... Сын компаний улаан алаг шүдлэн эр үхэр, халтар зүсмийн эр шүдлэн үхэр нийт 2 тооны үхэр байсан. ...хадам ээж утсаар Сын мал дээр байдаг 2 үхрийн нэг болох улаан алаг шүдлэн эр үхэр мөн шиг байна. Баян-Уул сумын хүн машин дээрээ ачаад Саас модоор сольсон гээд явж байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч В.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хөрш С гэх айлд манай хүргэн Одбаярын 2 тооны үхэр байдаг юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09-10 цагийн орчим “Бонго” маркийн машинтай танихгүй бүдүүн залуу мөн Цагаан-Овоо сумын Даваадорж нар ирсэн, тэгээд харахад Одбаярын Сынд орхисон цавь цагаан хүрэн хашраг насны эр үхрийг ачсан байсан. Улмаар би Даваадоржоос энэ үхрийг хаанаас ачсан юм бэ? гэж асуухад С өгсөн эхнэр хүүхэд нь байсан, хаамаг хашаа түүнд зарсан юм түүнийхээ оронд авсан үхэр юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.С-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид ял оногдуулбал зохино.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.С-ын ЖЛ8 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Б.С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.С-т  хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.С-т  мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЛ дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР