Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 176

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01167/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал,  С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1141 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогтой Амарын Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Сөгнөгөр хайрхан” ХХК-д холбогдох

          “6.662.250 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Т.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          2015 оны 04 дүгээр сарын сүүлчээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвд 9 давхар барилга барина гэсэн зарыг телевизээр болон гудамжинд наасан зараар олж мэдсэн. Ингээд уг зарын дагуу “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдтой уулзсан. Тухайн байгууллагын нягтлан бодогч Пүрэвсүрэнтэй ч уулзсан.  Ингээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт баригдаж буй 2 байрны 4 давхарт 2 ерөө 36 тоот 40,41 мкв талбай бүхий байрыг захиалж 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан юм. Байрны захиалгын урьдчилгаа төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4.441.500 төгрөгийг Т.Энхболд өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж жилийн гэрээ байгуулж, 0.5 хувиар алданги тооцно гэж нэмэлт гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус захиалсан барилга баригдаагүй байхгүй бөгөөд Т.Энхболдоос урьдчилгаа болгож өгсөн мөнгөө авах гэхээр олдохгүй өдийг хүрч байна. Нэмэлт гэрээний дагуу 0.5 хувийн алданги болон урьдчилгаанд өгсөн мөнгөө тооцож нийт 6.662.250 төгрөгийг “Сөгнөгөр Хайрхан” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Сөгнөгөр хайрхан” ХХК шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сөгнөгөр хайрхан ХХК нь иргэн А.Н-гаас байрны урьдчилгаа 4.441.500 төгрөг авсан нь үнэн. Харин алданги 2.220.750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 2016 оны 04 дүгээр сэрын 12-нд хийсэн гэрээг хүчинд автаж хийсэн. Одоо манай ажил зогссон байгаа. Газрын маргаан гарсан. Иймд манай дансанд орсон мөнгөн төлбөрийг төлнө” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1141 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас орон сууцны үнийн урьдчилгаанд төлсөн 4.441.500 төгрөг, алданги 2.220.750 төгрөг нийт 6.662.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Иргэн А.Н-тай гэрээ хийсэн боловч Хөтөлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж 2015 оны 8 дугаар сараас ажил зогссон. Энэ асуудлаар Захиргааны болон Хөтөлийн шүүхээр маргалдаж байсан юм. Энэ гэрээ нь хүчээр хийгдсэн гэрээ юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.200.750 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Н-,  хариуцагч “Сөгнөгөр хайрхан” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалсан урьдчилгаа төлбөр болон алданги 6.662.250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал иргэн А.Н-гаас байрны урьдчилгаа 4.441.500 төгрөг авсан нь үнэн манай дансанд орсон мөнгөн төлбөрийг төлнө харин алданги 2.220.750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй Засаг дарга буруутай гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас орон сууцны үнийн урьдчилгаанд төлсөн 4.441.500 төгрөг, алданги 2.220.750 төгрөг, нийт 6.662.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “иргэн А.Н-тай гэрээ хийсэн боловч Хөтөлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж ажил зогссон. Энэ гэрээ нь хүчээр хийгдсэн гэрээ юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.200.750 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар барих гурван талт гэрээ байгуулж,   Сайхан сумын 2 дугаар багт байрлалтай, 2 байрны 4 давхарт 2 өрөө 36 тоот 40.41 талбай бүхий  орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, байрны захиалгын урьдчилгаа төлбөрт 4.441.500 төгрөг төлсөн байна.

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А.Н- Т.Энхболд нар гэрээ байгуулж 4.441.500 төгрөгийг  2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Дурдсан хугацаанд дээрх мөнгийг өгөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирчээ.

Нотлох баримтыг үнэлж дүгнэхэд нэхэмжлэгч болон “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн  хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс болох 4.441.500 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч “Сөгнөгөр Хайрхан” ХХК гэрээнд заасан үүрэг болох орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д  “гэрээнээс татгалзах үндэслэл…илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй”, 226 дугаар зүйлийн 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууц бариулах ажлын хөлсөнд урьдчилан төлсөн 4.441.500 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нь алданги 2.220.750 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч зохигчид 4.441.500 төгрөгийг гэрээнд дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээгээр тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлж, нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.5-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй болно гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хариуцагч Т.Энхболд давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.482 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.АМАРСАНАА             

                                                 ШҮҮГЧИД                                           С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             С.ОЮУНЦЭЦЭГ