Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01327

 

“К М ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “К М ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 542 437 404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч "К М ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзоригийн тайлбарт: Зээлдэгч У.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг, мөн өдөр ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээ байгуулж 983 000 000 төгрөгийг тус тус бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн үүргийг хангуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БГ1111/14/04/04, БГ1111/14/04/05 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, "Монголын Санхүү Хөгжлийн Корпораци" ББСБ-ын зээлийн багц, "Монголын Санхүү хөгжлийн корпораци" ББСБ-ын 600 ширхэг энгийн хувьцаа, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 374.9 м.кв талбайтай, /13130/ 133-3 тоот амралт сувилалын зориулалтай хувийн сууц зэрэг хөрөнгийг барьцаалахаар тохиролцож гэрээ байгуулсан. "К М ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч У.Эаас зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч У.Э үндсэн зээлээс 84 222 489 төгрөг, зээлийн хүүд 75 844 108 төгрөг төлж, 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийг төлөх үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч У.Эаас үндсэн зээлд 1 898 777 510 төгрөг, үндсэн зээлийн хүүд 536 528 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 107 114 482 төгрөг, бүгд 2 542 420 604 төгрөгийг нотариатын зардал болох 16 800 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайжаргал, Б.Баднайсүрэн нарын тайлбарт: Зээлийн тооцоог 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар гаргасан. ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 41 780 600 төгрөг, үндсэн зээлийн хүүд 38 264 654 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үүрэгт 42 441 889 төгрөг, үндсэн зээлийн хүүд 37 579 453 төгрөг төлсөн байгаа. ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд төлөгдөөгүй 958 219 400 төгрөг, үндсэн зээлийн хүүд 270 741 892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54 054 115 төгрөг, бүгд 1 283 015 408 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд төлөгдөөгүй 940 558 110 төгрөг, үндсэн зээлийн хүүд 265 786 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 53 060 367 төгрөг, бүгд 1 259 405 196 төгрөг болон нотариатын зардал 16 800 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан сүүлчийн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон бодсон байгаа. Манайх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 334 003 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 525 933 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 474 286 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 074 700 төгрөг, бүгд 13 408 922 төгрөг төлснийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. У.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 111/14/04/04 дугаартай гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 111/14/04/05 дугаартай гэрээ байгуулан 983 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн бөгөөд тухайн нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү 78 278 380 төгрөг болон 107 114 482 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дах хэсэгт зааснаар У.Эаас 2 542 437 404 төгрөгийг гаргуулж "К М ББСБ" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "К М ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 408 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Эаас 13 408 922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "К М ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 563 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Магадлалын хяналвал хэсэгт:...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн хүүгийн хэмжээнд маргаагүй ба нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон гэх боловч гэрээний дагуу бодогдсон үндсэн хүү болох 536 528 611 төгрөгийн 20 хувиар нэмэгдүулсэн хүүг тооцвол 107 114 482 төгрөг болж байх тул түүний энэ талаар бичсэн гомдол үндэслэлгүй...гэж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүүг шаардахаас гадна, графикт хугацаа зөрчсөний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг тооцож, шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна. Нэмэгдүүлсэн хүү бол зээлдэгчийн үндсэн зээлээ төлөх хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх хариуцлагын хэлбэр бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ нь зээлийн үндсэн хүүгийн 20%-аас хэтрэхгүй байхаар хуульчилж өгсөн байдаг. Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан 2013 оны “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.9-д “Нэмэгдүүлсэн хүү” гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг” 1.3.4 “Хүүгийн хувь” гэж хүүг хувиар илэрхийлсэн дүнг тус тус ойлгоно гэж тодорхойлж өгсөн байдаг. Мөн уг журмын 2.3-т нэмэгдүүлсэн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж тодорхой зааж өгсөн байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг үүсээгүй байгаа үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хууль бус юм. Учир нь 2015 оны 3 сарын 9-нд зээлийн гэрээг цуцлах хүртэл хугацаанд У.Э нь гэрээний хавсралт болох эргэн төлөх хуваарийн дагуу төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрт ногдох нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээж байсан. Гэрээ цуцлагдсан, гэрээ дуусгавар болсон тул 2015 оны 3 сарын 9-нөөс хойш хугацаанд төлөх ёстой байсан үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй юм.

            2.Тус Магадлалын хянавал хэсэгт: ...шатны шүүх хуралдааныг хойшлуулах хусэлтийг Улсын дээд шүүхийн хуралдаад С.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн өмч газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Н.Цэнд-Аюушийн өмгөөлөгчөөр оролцох тухай хуралдаан давхацсан шалтгаан зааж ирүүлснийг шүүх энэ байдал нь нотлогдоогүй үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна хэмээн шийдвэрлэжээ. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд тус өдөр давхцаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал нь УДШ-ийн захиргааны хэргийн тэнхимийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх тус хүсэлтийг үл харгалзан хариуцагч талыг оролцуулалгүй, талуудыг мэтгэлцэх боломж олголгүй хэргийг хянан хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч талаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хүсэлтүүдийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан ба үүнтэй холбогдуулан шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Уянга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал нар тус тус гаргасан байдаг. Анхан шатны шүүх хэрэг маргаанд хувийн сонирхлоор хандаж хариуцагч талын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх дээрх байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан эрх хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр буцах ёстой атал хууль зөрчөөгүй хэмээн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь тус магадлал хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1391 тоот магадлалыг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал миний бие уг маргаанд давж заалдах гомдол гаргасан боловч Д.Цогтсайхан шүүгч тус гомдлыг авахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэт нэг талын байр суурийг барьж хэрэгт хандсан тул шүүгч Д.Цогтсайханд холбогдуулан “Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хороонд” гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн байдаг. Уг шалтгаанаар Д.Цогтсайхан шүүгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн, тухайн хэлэлцэж буй гомдлыг өмнө нь хүлээн авахаас татгалзаж байсан зэрэг шалтгаанаар, ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-д заасан үндэслэлээр Д.Цогтсайхан шүүгчийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцэн хангахаас татгалзаж, ИХШХШТХ-ийн 92 дугаар зүйлийн 92.4 “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ гэж заасан хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчин шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байдаг. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 1391 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “К М ББСБ” ХХК нь хариуцагч У.Эд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үүрэгт 2 542 437 404 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.

            Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2 зээлийн гэрээ хууль зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ байх ба шүүх гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцүүлэн тодорхойлжээ.

            2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийг, бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр, мөн өдөр байгуулсан ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний дагуу 983 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон, зээлийг хариуцагч У.Э хүлээн авсан, ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 41 780 600 төгрөг, зээлийн хүүд 38 264 654 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 42 441 889 төгрөг, зээлийн хүүд 37 579 453 төгрөг төлсөн баримтууд хэрэгт авагдсан, зохигчид энэ үйл баримтыг маргаагүй байна.

           Зээлдэгч У.Э нь 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээл, түүний хүүг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болсон, шүүх гэрээг цуцлах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т нийцнэ.

           Нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлдэг бөгөөд талууд энэ талаар гэрээний 3.2.1 Б-д тохирсон байна. Зээлдэгч нь зээл буцааж төлөх хэмжээ, хуваарийг харилцан тохирч, гэрээний хавсралтаар баталгаажуулсан байх ба уг хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг зөрчсөн гэж үзнэ. Иймд нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

            Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтаар хариуцагчийн биелүүлэх зээлийн үүргийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх мэтгэлцэх эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх шүүгчийг татгалзан гаргах тухай тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарласан...” гэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хангахгүй орхих үндэслэлтэй байна.         

          К М ББСБ-ын гаргасан нэхэмжлэлд шүүх 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг танилцуулсан, хэргийн материалыг танилцуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн/хх-239/, шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, нотлох баримтыг бүрдүүлсэн ажиллагаанаас үзэхэд зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

         Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал “шүүгчийг татгалзах” хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “...тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д нийцээгүй боловч уг тогтоолын улмаас хариуцагчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргах эрхтэй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг татгалзсан явдал нь хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эдлэх эрхийг агуулгаараа үүсгэхгүй юм. Давж заалдах журмаар уг хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгч Д.Цогтсайханыг татгалзахдаа “...өмнө нь давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж байсан...” гэх үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан аль ч үндэслэлд хамаараагүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн уг тогтоолд гомдол гаргах талаар хүсэлт гаргаагүй байв.

         Шүүх уг хэргийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 11 сарын дараа шийдвэрлэсэн, хариуцагч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж, анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн, шүүх хариуцагчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хангасан байна.

         Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1391 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА