Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0260

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.23 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Э.Т давж заалдах гомдолдоо: “...хэрэгт холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хуулиар олгосон хяналт шалгалтыг хуулийн дагуу зөв явуулсан эсэх, хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулсан нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас нь хуулийн дагуу үйлдэгдсэн эсэх, шалгуулагчийн эрхийг зөрчөөгүй байх гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нотлох баримтуудыг зөв тодорхойлоогүй тул давж заалдах гомдол гаргах эхний үндэслэл болж байна. Нэхэмжлэлийн шаардлага болсон 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсыг үйлдсэнээс хойш шүүхийн хүсэлтээр ирүүлсэн албан бичиг нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамаарахгүй нотлох баримт гэж үзэж байна.

Улсын байцаагч нь төрийн хяналт шалгалтыг явуулахдаа “хяналт шалгалтыг эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд...” гэсэн заалтын дагуу одоо ч хавтаст хэрэгт улсын байцаагчийн удирдамж, хяналтын хуудас авагдаагүй байна. Харин хэрэгт авагдсан 4 хуудас албан бичгийг үйл ажиллагаандаа баримталсан удирдамж гэж байгаа боловч нотлох баримт нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд үнэлэхгүй байхыг хүссэн. Уг албан бичгийг хүлээн авсан цаг хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх магадлалтай байна. Бичилтээс харахад 9 гэсэн тооны эхний хэлбэр нь харагдаж байгаа бөгөөд энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоос хойш ирсэн албан бичиг байна.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдснаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгджээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч тал удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн гэсэн байгаа нь зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолтой зөрүүтэй тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн. Мандал сумын Засаг даргын албан хүсэлтийг хүлээн авсан өдрийнхөө маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шууд зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж байгаа нь хуульд зааснаар хяналт шалгалтыг явуулаагүй болно.

 

Анхан шатны шүүх нь маргаан бүхий шийтгэлийн хуудас нь баримтлах хуулийн холбогдох заалтыг баримталсан эсэх дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг ийнхүү буруу дүгнэж, улсын байцаагчийн хяналт шалгалтыг явуулахдаа удирдамжгүйгээр, шийдвэргүйгээр, хяналтын хуудасгүйгээр, зохих нотлох баримтгүйгээр, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын аль нь болохыг мэдэхгүйгээр хяналт шалгалтыг явуулсан нь хууль зөрчжээ.

 

Улсын байцаагч нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх хуудас үйлдэхээс өмнө, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэхээс өмнө болон дараах цаг хугацаанд улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад үйлдсэн тэмдэглэл байхгүй, тэмдэглэлд шалгуулагч, оролцогч, байлцсан хүний гарын үсэгтэй тэмдэглэл байхгүй, хяналт шалгалтыг явуулсан гэх улсын байцаагчийн гарын үсэгтэй тэмдэглэл хэрэгт байхгүй.

Зөрчил шалгалт шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын зөвшөөрлөөр байгууллагын нууцтай холбоотой баримт бичгийг гаргуулан авах гэсэн байхад прокурорын зөвшөөрөлгүй, мөн хуулийн 4.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ....хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана гэсэн байхад тэмдэглэл байхгүй, мөн зүйлийн 6 дахь хэсэгт... хураан авсан баримт бичгийн жагсаалт тэмдэглэлд гарын үсэг зуруулж, хувийг гардуулж... гэсэн байхад ийм тэмдэглэлгүйгээр гэрээ болон албан бичгийг гаргаж өгч байгаа нь хууль зөрчсөн нотлох баримтыг буруу дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаад гомдолтой байна.

Энэ хэрэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шийтгэлийн хуудсын эх сурвалж болсон, шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний обьект болсон “Нартын хаяа” ХХК-тай байгуулсан гэрээ, албан бичиг нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримт дээр үндэслэж шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан байгааг хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

Барилгын тухай хуульд эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах ажил гүйцэтгэхтэй холбоотой магадлан итгэмжлэгдсэн ажлын зургийг гүйцэтгэгчид өгөх, хяналт тавих эрхийг захиалагч тал буюу Эрчим хүчний яаманд олгосон бөгөөд Эрчим хүчний яам нь захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвийн хуулиар хэрэгжүүлэх захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэгч талд хүлээлгэж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй. Эрчим хүчний барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах үүрэг нь Эрчим хүчний яаманд хамаарах асуудал болно.

 

“Э” ХХК нь эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй боловч барилга барих тусгай зөвшөөрөлгүй тул барилга барих тусгай зөвшөөрөлтэй “Нартын хаяа” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэвч уг компани нь гэрээний төлбөрийг авсан атлаа ажлаа зохиох ёсоор гүйцэтгээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс гүйцэтгэгчийг туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан тул захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдож байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримт тул нотлох чадваргүй нотлох баримт дээр үндэслэж шийдвэр гарсан, Барилгын тухай хууль, захиалагчийн чиг үүрэгт хамаарах асуудлыг гүйцэтгэгчид хамааруулан шийтгэл оногдуулсан байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоогүй, нэхэмжлэгч тал захиалагч, гүйцэтгэгчийн аль алиных нь үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн.

Улсын байцаагч хяналт шалгалт явуулах удирдамжгүй, шийдвэргүйгээр явуулж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтаар торгууль оногдуулсан, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах үүрэг нь Эрчим хүчний яаманд хамаарч, Эрчим хүчний яам зөвшөөрөл өгсөн байхад тухайн орон нутгаас зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн, “Нартын хаяа” ХХК-ийн доголдолтой, дутуу барьсан барилгад “Э” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлгүй, барилга барьдаггүй тул хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд мэргэжлийн алдаа гарсан гэж үзсэн бол захиалагчийн бус гүйцэтгэгчийн чиг үүрэгт хамаарахаар байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон  нотлох баримтууд  нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тогтоол болон 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудас бичигдсэн, тухайн цаг хугацаанд шийтгэл оногдуулахад хэрэглэсэн нотлох баримт биш тул шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй эсэхэд хамаарахгүй нотлох баримтууд юм.

Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий улсын байцаагчийн хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулаагүй алдааг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нөхөн явуулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч, хянан хэлэлцэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Э” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Эрчим хүчний яамтай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны /Сэлэнгэ аймаг, Мандал сум/ ажлыг гүйцэтгэхээр ЭХА-034/2018 дугаартай гэрээ[1], мөн “Нартын хаяа” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 дугаартай[2] шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны /Сэлэнгэ аймгийн Мандал сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ.   

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/24 дүгээр “...Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулах” хүсэлтийн[3] дагуу холбогдох мэдээллийг шалган “Э” ХХК нь “Нартын хаяа” ХХК-тай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр байгуулсан гэрээний дагуу ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлүүлэх зөвшөөрөл бусад шаардлагатай бичиг баримтыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш 5 хоногийн дотор хүлээлгэн өгнө” гэж тусгасан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй.

“Ноёдын туурь” ХХК-ийн боловсруулсан зураг төслийг шаардлага хангахгүй тул өөрчилсөн байна. Одоогийн байдлаар шинэчлэн боловсруулсан барилын зураг төсөл байхгүй, зураггүйгээр угсралтын ажлыг эхлүүлсэн, захиалагчийн хяналт хийгдээгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх ба үргэлжлүүлэх зөвшөөрөл байхгүй. Барилга угсралтын ажил 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлсэн болох нь фото зураг, гэрээ, албан тоот зэрэг баримтаар тогтоогдож байна” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээжээ.

Уг хэргийг хянан шалгах ажиллагааны явцад илэрсэн зөрчил буюу “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-д зааснаар барилгын захиалагчийн чиг үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 0063829 дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Э” ХХК-ийн барилын зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлэх ба үргэлжлүүлэх зөвшөөрөл байхгүйгээр угсралтын ажлыг эхлүүлсэн” зөрчил тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулжээ.    

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “Барилгын ажлын захиалагч” гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.23-д “Гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1.3-д “Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23[4], 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримт болох “Нартын хаяа” ХХК-ийн захирал Д.Золбаярын “...гэрээ хийн ажил хийгдэж эхлэхэд барилгын зураг төсөл өгөөгүй, одоо ч өгөөгүй байна” гэх мэдүүлэг[5], 2020  оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “...”Э” ХХК хуваарилах төвийн барилгын зурагт өөрчлөлт оруулж, “Мод арч” ХХК-иар барилгын зургийг зуруулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №257/2019 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан” гэсэн шинжээчийн дүгнэлт[6], Барилгын  хөгжлийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №21 дүгээр албан бичиг[7], зөрчлийн хэрэг нээх үеийн хяналт шалгалтын фото зураг[8] зэргээс үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК нь захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барилгын зураг төсөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны акт болох 0063829 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх үеийн нөхцөл байдал, нэхэмжлэгч захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр дүгнэлт хийж, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Мөн нэхэмжлэгч нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шийтгэлийн хуудас гарснаас хойших баримт тул хэрэгт шууд хамааралтай нотлох баримт биш гэж маргаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийхийн тулд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулж, тал бүрээс нь дүгнэлт хийх нь шүүхийн үүрэг тул уг гомдол нь үндэслэлгүй юм.   

Үүнээс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-д “Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар мэдээлсэн” бол 2.4-д “Зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасан. Эндээс үзвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/24 дүгээр албан бичгийн /мэдээлэл/ дагуу зөрчлийн хэрэг нээсэн байх тул нэхэмжлэгчийн маргаж буйгаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжийн дагуу хяналт шалгалт хийнэ гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагчид зөрчлийн талаар мэдээлэл ирсэн тохиолдолд хэрэг нээн, зөрчлийг шалган тогтоож, шийтгэл оногдуулах бүрэн эрхтэй юм.  

Түүнчлэн нэхэмжлэгч Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвийн хуулиар хэрэгжүүлэх захиалагчийн чиг үүргийг гүйцэтгэгч талд хүлээлгэж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлах боловч “Э” ХХК нь Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний хувьд гүйцэтгэгч боловч “Нартын хаяа” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд захиалагчийн үүргийг хэрэгжүүлж байх тул шийтгэлийн хуудсаар оногдуулсан захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 158-162 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 56-58 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 48 хуудас

[4] Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлБарилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

[5] 1 хавтаст хэргийн 60 хуудас 

[6] 1 хавтаст хэргийн 222 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 249-250 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 49 хуудас