| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 127/2024/0002/З |
| Дугаар | 001/ХТ2026/0042 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2026/0042
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0046 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0139 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-г оролцуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.“Н” ХХК-д анх 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х*** дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, улмаар Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр *** дугаартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг байгуулсан байна.
2.2.Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 08 дахь хэсэг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсэгт “Г-ий г э” нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрүүдийг тус тус гаргажээ.
3.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр:
1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан *** дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу нөхөх олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Г-ий г э” хэсгийн Х*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
5.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/0112 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
6.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Н” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох талаар албан бичиг хүргүүлж, удаа дараа шаардсан. Энэ талаар хойшилсон хурлуудад ч анхааруулж, шүүгчийн туслахаас утсаар ярих, шүүх хуралдаанд эхлэхийн өмнө ч тодруулах боломжийг мөн олгосон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, зөрчилдөөнтэй байдлыг арилгуулах талаар өөрийн зүгээс боломжит бүхий л хэлбэрээр арга хэмжээ авч хамгийн сүүлд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгчид зөвлөн тусалдаг нэхэмжлэгчийн алдааг засдаг зөвлөн туслах чиг үүрэгтэй байгууллага биш.
6.2.Гэтэл давж заалдах шатны шүүхээс дахин энэ талаар тодруулах арга хэмжээ авах ёстой байсан хэмээн анхан шатны шүүхийг буруутган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тодруулах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хоёр дах удаагаа дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцааж буй нь шүүх нэхэмжлэгч талд олон удаа хэт давуу байдал боломж олгож нэг талыг барьж хариуцагчийн хувьд хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх боломж зөрчигдөж хуулийн зарчмууд тухайн тохиолдолд эвдэгдсэн гэж үзэхээр байна.
6.3.Магадлалын хянавал хэсгийн 6.4-д “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, ялангуяа энэ ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатайг давж шатны шүүхээс дүгнэсэн байхад түүнийг хэрэгжүүлээгүй нь учир дутагдалтай болжээ. Зүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хугацаанд багтаан нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг тодруулах хугацааг нэхэмжлэгчид олгох, тогтоосон хугацаанд ирүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж саад учруулсан бол хариуцлага хүлээлгэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, тасралтгүй бөгөөд үр дүнтэй удирдан явуулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг болно" гэж заасан нь нэхэмжлэгчийг хуульд заасан эрхээ эдлэх эсэхэд шүүхээс боломж олгох бус харин шүүх тус эрхээ хэрэгжүүлэхийг албадах үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь зарчмын ноцтой зөрчил юм.
6.4.Иймд, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0139 дүгээр хэлэлцүүлэх тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч “Н” ХХК-аас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, тухайн компанийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан *** дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.5-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Г-ий г э” хэсгийн Х*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.5 га талбайг хүчингүй болгуулахаар маргасанд анхан шатны шүүх дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаж байгаа зүйлийг тодруулаагүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан” гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
12.Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0121 дүгээр магадлалаар “...хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсгийг хүчингүй болгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа эсхүл тусгай хамгаалалтад авсан талбайг хүлээлгэн өгч, цаашид үйл ажиллагаа явуулахгүй, зохих нөхөх олговрыг олгуулахаар шаардсаны аль нь болох нь тодорхой бус, маргаантай байдлаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байхад тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, маргаан бүхий талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайн аль хэсэгт яг ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах, уг талбай нь усан сан бүхий газартай давхцалтай эсэх, тийм бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхацсан болохыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
13.Тухайн магадлалыг биелүүлж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахыг нэхэмжлэгч талд албан бичгээр болон бусад байдлаар анхааруулсан боловч нэхэмжлэгчээс тодорхой болгоогүй байна.
14.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг өмнө нь хянан шийдвэрлэж байсан, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахыг удаа дараа хүссэн боловч тодорхой болгоогүй тохиолдолд шүүхээс тухайн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу биш. Өөрөөр хэлбэл, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн маргааны хүрээ, шаардлага, үндэслэл, цар хүрээгээ тодорхойлох эрхийнхээ хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэг байдлаар өөрчлөхийг хүсээгүй тохиолдолд шүүхээс тухайн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэснийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
15.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэх заалтуудыг үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийсэн ажлын тайлангийн жагсаалт, хайгуулын төлөвлөгөөний жагсаалт, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хураамж төлсөн баримтууд, тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан зардлууд холбоотой баримтуудыг нэхэмжлэгчийн хувьд өөрөө гаргаж өгөх боломжтой”, “хайгуулын талбайд шүүхийн журмаар үзлэг хийх нь нотолгооны ач холбогдолгүй”, “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримтуудыг гаргуулах, уг өргөдөлд заасан талбайн зургийг давхцалтай хэсгүүдээр гаргуулж авах бүхий хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй” гэж үзэн тус тус хангахаас татгалзсан.
16.Давж заалдах шүүх тийнхүү шийдвэрлэснийг буруутгаж “шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх боловч тухайн нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.
17.Үүнээс гадна “... хайгуулын талбайн тодорхой хэсэгт түүх соёлын дурсгалт зүйл байгаа эсэх” нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байвал хэрэгт цугларсан “маргаан бүхий талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.5 га талбайгаар, ... орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай 279.15 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай” талаар тусгасан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***, “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай 279.15 га талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын www.rich.mongoluv.mn программд дурсгал бүртгэгдээгүй” талаарх Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *** дүгээр албан бичиг[1]-үүд болон бусад баримтуудын хүрээнд дүгнэлт өгөх боломжтой.
18.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т нийцээгүй байна.
19.Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0046 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал.