| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/01399/И |
| Дугаар | 210/МА2025/01933 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01933
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие ******* үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын оны 10-ны өдөр хүүхэд төрүүлж, чөлөө авсан. Чөлөөний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусах байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан.
Миний хүсэлттэй холбогдуулан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч ******* 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзахдаа өмнөх ажлын байр буюу үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирал албан тушаалд ажиллуулах боломжгүй, харин салбарын захирлаар ажиллах санал тавьсан.
Би уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирал албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэйгээ дахин илэрхийлж, хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах бөгөөд ажилтан ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байхад банк хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Иймд ******* үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг үндэслэн *******той 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр контракт байгуулж Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд контрактын хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж тухайлан заасан.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно гээд, 37.1.3 дахь заалтад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус заасан бөгөөд *******той байгуулсан контракт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1999 оны Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн *******ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн хувьд хүүхэд асрах чөлөөний хугацаагаа зохих журмын дагуу сунгуулсан, энэ талаар ажил олгогчоос шийдвэр гарсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэвийн төлөгдөж байсан. 1999 оны болон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулиар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах талаар заасан байхад шүүхээс дүгнэлт хийгээгүй.
Иймд нэхэмжлэгчийн ажил, албан тушаал хуульд заасны дагуу хадгалагдаж байсан болохыг, хариуцагч тал ажилтны ажил, албан тушаалыг хадгалах ажил олгогчийн үүргээ биелүүлж байгаа, энэ талаар хүлээн зөвшөөрдөг баримтад зөв дүгнэлт өгөх ёстой.
4.2. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж байгаа тохиолдолд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна., 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай; 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн заалтуудыг хэрэглээгүй.
Мөн контрактын 8.3-т Контрактын хугацаа дуусмагц талуудын аль нэг Контрактыг цуцлах санал тавиагүй ба Ажилтан ажлаа гүйцэтгэсэн хэвээр байгаа тохиолдолд Контрактыг анх байгуулсан хугацаагаар адил нөхцөлтэйгөөр сунгасанд тооцно гэж заасан.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Контрактын хугацаа нь 2021 оны шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хуучин болон шинэ Хөдөлмөрийн тухай хуульд хамаарч байх тул шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхдээ ажилтанд илүү таатай нөхцөл олгосон зохицуулалтыг хэрэглэх учиртай.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Контрактыг хугацаатай байгуулсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар ч контрактын хугацааг дууссанд тооцно. Энэ талаарх шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэдийгээр гэрээний хугацаа дуусгавар болсон ч банкны зүгээс нэхэмжлэгчид салбарын захирлаар ажиллах санал тавьсан нь боломж олгосон үйлдэл.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь контрактын хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхэд хамаарах үйл баримтыг зөв тогтоогоогүй, эрх зүйн дүгнэлт өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Уг алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой байна.
3. ******* гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-20/1550 дугаар тушаалаар тус банкны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлаар *******ыг томилжээ.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч нь ажилтан *******той 1 жилийн хугацаатайгаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан контракт байгуулсан байна.
3.1. 2021 оны 09 дүгээр сард Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирал ******* жирэмсний чөлөө авсантай холбогдуулан түүний ажил, албан тушаалд ******** томилогдсон.
Ажил олгогч нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******** Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, контракт байгуулахдаа хугацааг *******ыг ажилд эргэж орох хүртэлх байдлаар тодорхойлсон.
******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү ******* төрүүлсэн.
3.2. Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний хугацааг хариуцагч байгууллагын Хүний нөөцийн газрын захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан.
Улмаар нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох боломжгүй талаар хариу өгч, харин салбарын захирлын ажлын байр санал болгосон байна.
3.3. Мөн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 03 дугаар сар хүртэл төлжээ.
3.4. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
3.5. Хэрэгт авагдсан ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгасан шийдвэр, мөн ажилдаа орох хүсэлтийг хүлээн авсан, хариу өгсөн талаарх цахим шуудангаар харилцсан баримт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй.
Гэхдээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгасан шийдвэр болон нэхэмжлэгчтэй харилцсан цахим шууданд тусгагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн цахим шууданд үзлэг хийлгэх шаардлагагүй, тушаал олдохгүй байгаа тул гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан.
Иймд дээрх баримтад дурдсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон болно.
4. Талууд контракт байгуулахдаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацааг дуусахаар заасан тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд энэ маргааныг шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг зөрчихгүй юм.
4.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч үүнээс хойших хугацаанд уг гэрээний харилцааг ажил олгогчийн зүгээс үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Тодруулбал, ажил олгогч нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойших хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлсөн, мөн хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгасан. Гэрээний 8.3-т хугацаа дуусгавар болгоход цуцлах санал гараагүй тохиолдолд цаашид сунгагдаж байх болохыг талууд харилцан тохиролцсон.
Мөн гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор гэрээг цуцалсан, нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд томилсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон баримт хэрэгт авагдаагүй.
Хэдийгээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн хугацаа дуусгавар болсон боловч ажил олгогч дээр дурдсан үйлдлээрээ гэрээний харилцааг үргэлжлүүлсэн тул одоо хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажилтны эргэн ажилд орохыг хязгаарлах ёсгүй.
4.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т зааснаар ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан хугацаанд ажилд эргэн орох хүсэлтийг хариуцагчид гаргасан.
4.3. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцэж байна.
Нэхэмжлэлийг хангаж буйтай холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна.
4.4. Нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан учир үүний үр дагаварт ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцнэ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д зааснаар тооцоход нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 172 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 38,016,128 /172*221,024/ төгрөг болов.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06066 шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******-ийн Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,
ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 38,016,128 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 348,031 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ