Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 234

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэг

Өсвөр насны шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А.Сд холбогдох 192107 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар ангийн сурагч байсан, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 60 хувийн группэд байдаг, С овогт А.С. /РД: 816/

Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-06 тоотод оршин суух О.Батхүүгийн хашаанаас 24-83 ДОЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоциклийг хулгайлж бусдад 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.С-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-05 тоотод ээж Б.Буд, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим манай хүү С гадаа тоглолоо гээд гараад явсан. Тэгээд тухайн оройдоо ирээгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 14-ны өглөө үүрээр 05 цагийн орчим гэртээ орж ирсэн. Би юм бодолгүй хүүгээсээ хаашаа яваад ирсэн талаар асуугаагүй бөгөөд С ядарсан байдалтай унтлаа гээд унтаж амарсан. Тэгээд би 11 цагийн орчим төрсөн ээжийгээ эмнэлэгт очиж эргээд буцаад явж байхад цагдаагаас залгаж хүү чинь хулгай хэрэгт орсон байна хүрээд ирэх үү гэж хэлэхэд энэ хэргийн талаар мэдсэн. Цаашид байнгын хараа хяналтдаа байлгах болно гэв.

Хохирогч О.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...өөрийн эзэмшлийн 24-83 ДОЗ улсын дугаартай мотоциклоо Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-06 тоотод байх хашаан дотроо гэрийн баруун талд нэг хөл дээр нь түшүүлж тавьсан. Ингээд унтаж амраад маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн орчим бие засахаар гарахад миний мотоцикл байхгүй байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15/

Гэрч Г.Бөхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2019 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим гэртээ зурагт үзээд байж байхад Содоо улаан өнгийн хужаа мотоцикл түрээд хашаанд орж ирээд надад хандаж “манай ах согтуу байн,а мотоциклоо унаж явах гээд байна, танай хашаанд орхичихоод өдөр авъя” гэж хэлээд манай хашаанд орхиод мотоциклийнхоо түлхүүрийг аваад гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 20/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /хх-ийн 11/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/

-Өсвөр насны шүүгдэгч А.С-гийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 38/

-Өсвөр насны шүүгдэгч А.С-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

-Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-06 тоотод оршин суух хохирогч О.Батхүүгийн хашаанаас 24-83 ДОЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн  мотоциклийг хулгайлж бусдад 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч А.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би найз нарынхаа хамт тоглож байгаад 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэр рүүгээ явах гээд найзуудаасаа салсан юм. Би өдөр нь манай гэрээс зүүн зүгт нэг хашаан дотор улаан өнгийн мотоцикл байсан бөгөөд шөнө харих замдаа өдөр нь харсан хашаа руу ороод эсгий гэрийн хажууд байсан мотоциклийг түрж яваад Сайханаа /Бөхсайхан/ ахын хашаанд оруулаад тавих гэтэл Сайханаа ах гэрээсээ гараад ирэхэд нь Сайханаа ахад манай ахын мотоцикл байгаа юм хашаанд чинь түр тавъя гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, түүнийг давхар нотолсон хохирогч О.Батхүүгийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Г.Бөхсайханы мэдүүлэг /хх-ийн 20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.С-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэг авагдаж,  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд  энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.С-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч А.С-гийн ЖЮ регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Өсвөр насны шүүгдэгч С овогт А.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгчид анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч А.С-гийн  ЖЮ06 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР