| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 317/2025/01440/и |
| Дугаар | 223/МА2025/00038 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 223/МА2025/00038
2025 10 30 223/МА2025/00038
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 317/ШШ20../0.... дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ........., “......” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................................д холбогдох,
Зуучлалын гэрээний үүрэгт 5,791,500 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч Л.З-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг,
Хариуцагч Л.З,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1.Нэхэмжлэгч “......” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: “...талууд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг байгуулсан. Манайх гэрээний үүргээ биелүүлж, зуучлуулагчийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойт 32б байр, 65 тоот, Г-2201038421 дүгээр гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 117,000,000 төгрөгөөр худалдахад худалдан авагчтай зуучилж өгсөн, зуучлуулагч нь үл хөдлөх хөрөнгө худалдах үнийн дүнгээс 3,3 хувиар тооцож 3,861,000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож, нийт 5,791,500 төгрөгийг гаргуулахаар...” шаардаж нэхэмжлэлээ тодорхойлсон.
Хариуцагч Л.З нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “............. ХХК 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай байрыг худалдан авах хүн олж өгнө гээд надаар гэрээнд гарын үсэг зуруулаад авч явсан. 7 хоногийн дараа нэг хүнтэй ирж манай байрыг үзчихээд маргааш нотариат оръё гэж тохирсон. Нотариат дээр гэрээ авч ирж өгсөн ч гэрээг нотариатаар батлуулаагүй гэрээ байсан. Зуучлагч тал зуучлалаа хийж, нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийх гэтэл нотариатчийн зүгээс “...Та нар ийм гэрээ хийж болохгүй. Аль аль талдаа асуудал үүсгэнэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй тохиолдолд гэрээ хийхгүй.” гэж хэлсэн. Нэг агент нь “...та байрны урьдчилгаанд авсан мөнгөөрөө байраа банк бусаас чөлөөлж, гэрээгээ хийгээч...” гэж намайг загнасан. 2 агент нь уурлаад явчихсан. Аззаяа гэх агент нь надтай үлдсэн. Би худалдан авагч талтай учраа олж, өөрөө байраа зарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар маргажээ.
2.Харин зохигч талууд Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр болсон талаар маргаагүй байна.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 410 дугаар зүйлийн 410.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Заас 5,791,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “......” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “...хариуцагч Л.З нь Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг 27 дугаар хороо 21 дүгээр хороолол Толгойт 32б байр 65 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчид худалдсан үнэ болох 85,000,000 төгрөгийн 3,3%-иар тооцож 2,805,000 төгрөгийн зуучлалын хөлсийг нэхэмжлэгч “......” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шилжүүлнэ. Нэхэмжлэгч талаас алдангийн мөнгөн дүнгээс татгалзав...” гэх агуулгатай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохигчдын эвлэрлийг батлахад харшлах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “......” ХХК, хариуцагч Л.З нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 107,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20.. оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 317/ШШ20../0... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Л.З нь Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг 27 дугаар хороо 21 дүгээр хороолол Толгойт 32б байр 65 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчид худалдсан үнэ болох 85,000,000 төгрөгийн 3,3%-иар тооцож 2,805,000 төгрөгийн зуучлалын хөлсийг нэхэмжлэгч “......” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэхээр тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Зын төлсөн 107,614 /нэг зуун долоон мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ