Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01528

 

 

 

 

*******ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27ы өдрийн 191/ШШ2025/05717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ГХОХХК, “*******” ХХК нар,

Хариуцагч: “*******” ГХОХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,385,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* ГХОХХК-тай *******дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан.

1.2. Хариуцагч нь ямар ч шалтгаангүйгээр “*******” ГХОХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалж, өөр компаниар тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх болсон тул талууд уг гэрээт ажлыг дүгнэж, “*******” ХХК-д нийт 6,275,858,151.93 төгрөгийн бодит зардал, хохирол учирсан тухайд тооцоо нийлсэн.

Хариуцагч компанийн хүсэлтээр төлбөрийг 5,000,000 юань болгон багасгаж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 30 хувь болох 1,500,000 юань, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 30 хувь болох 1,500,000 юань, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 2,000,000 юанийг тус тус төлж барагдуулах тухай ******* дугаартай нэмэлт гэрээг байгуулсан.

1.3.  Гэвч хариуцагч нь нэмэлт гэрээнд заасан хуваарийн дагуу эхний төлөлт хийгдэх хугацаа болж байгааг сануулсан нэхэмжлэгчийн албан бичигт хариу өгөхгүй, утсаар холбогдохгүй байсан.

1.4. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу талууд эвлэрүүлэн зуучлагч *******ын дэмжлэгтэй 2 удаагийн уулзалт хийсэн. Уулзалтад хариуцагч байгууллагын захирал *******нь өөрийн орчуулагч *******ын хамт хүрэлцэн ирж, Нэмэлт гэрээний дагуу үүрэг хүлээснээ зөвшөөрсөн боловч Бээжин хотод байрлах толгой компаниас санхүүжилт хэдийд орж ирэх нь тодорхойгүй байгаагаас хугацааг тохиролцох боломжгүй тухай тайлбар өгч байсан боловч дахин ирээгүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.

1.5. Иймд хариуцагчийн төлөх ёстой 5,000,000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны ханшаар тооцож, нийт 2,385,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “*******” ГХОХХК нь “*******” ХХК-тай түншлэлээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын ******* төслийн гэрээг /******* дугаартай/ захиалагч “*******” ХХК-тай байгуулж, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн.

2.2. Уг төсөл дээр ажиллаж байсан “*******” ХХК нь 2022 оны 08 сард ажилтнуудаа БНХАУ руу буцааж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул төслийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулахын тулд “*******” ГХОХХК-тай 2022 оны 08 дугаар сард 3 сарын хугацаатай, 1,461,000,000 төгрөгийн үнэ бүхий ******* дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2022 оны 09 дүгээр сард 3 сарын хугацаатай, 5,440,500,000 төгрөгийн үнэ бүхий ******* дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээг тус тус байгуулж ажилласан. Дээрх хоёр гэрээний төлбөрт нийт 6,901,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 7,089,760,089.06 төгрөгийг шилжүүлсэн. 

2.3. Харин “*******” ГХОХХК нь өөрийн хувь эзэмшдэг “*******” ХХК-тай хамтран цаашид уг төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллах саналыг гаргаж, бид ******* дугаартай гэрээг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан боловч төслийн захиалагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй гэж үзэж, гэрээг хэрэгжүүлэхээс татгалзсан. Тиймээс энэхүү гэрээ огт хэрэгжээгүй, ямар ч ажил хийгдээгүй, бодит зардал гаргаагүй бөгөөд төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй болно.

2.4 Нэхэмжлэгчийн эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн ******* бөгөөд тэрээр манай компанийн удирдлагад удаа дараа дарамт шахалт үзүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүчээр гэрээ байгуулахад хүргэсэн. Мөн дээр нь 2024 оны 10 дугаар сард манай компанийн захирал *******-ийн гэрт нэвтрэн орж, биед нь халдах, бичиг баримт хууль бусаар авах, мөнгөн хөрөнгө дээрэмдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд энэ нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгагдаж байна.

2.5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 2,345,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,886,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ тухайн гэрээг цуцлах хуульд заасан журмыг нэхэмжлэгч тал баримталсан эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрх хүчинтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай Туслан гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ирээдүйд захиалагчид хүлээлгэн өгөх үр дүн буюу гүйцэтгэгч нь хаана, юуг, ямар хугацаанд гүйцэтгэх талаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, уг гэрээний 2а-2е-д нэрлэн заасан баримт бичгүүдийг энэ гэрээний нэг хэсэг гэж үзэхээр тохиролцсон боловч тухайн баримт бичгүүд уг гэрээнд авагдаагүй байдаг. Мөн тус гэрээний 5, 6-д төлбөр төлөх хугацаа, хэмжээ, ажил гүйцэтгэх газар болон үр дүн тодорхойгүй байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

4.2. Түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай анхны туслан гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын байршлыг Тавантолгой-Манлай-Ханги гэсэн 3 чиглэл гэж гэрээнд тусгасан. Гэтэл хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан Туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээнд Тавантолгой-Ханги гэсэн 2 чиглэл тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, зохигчид эхний гэрээнд өөрчлөлт оруулсан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн эхний гэрээний дагуу нэхэмжлэгч талын зүгээс ямар нэгэн ажил үүргийг хийж гүйцэтгээгүй.

4.3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг цуцлах болсон шалтгаан нь нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй учир төслийн ерөнхий захиалагч өөр этгээдээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэх болсон. Энэ талаар хүлээн зөвшөөрсөн болохоо нэхэмжлэгч тал тайлбартаа дурдсан.

Дээрх үйл баримтыг дүгнэн үзвэл төслийн ерөнхий захиалагчаас уг гэрээг цуцалсан агуулга харагдана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан үйл ажиллагааны чиглэлийг зөрчиж, тухайн гэрээг хийсэн гэх үндэслэлээр төслийн захиалагчийн зүгээс уг гэрээг цуцалсан байхад төслийг гүйцэтгэгч “*******” ХХК-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, захиалагч “*******” ХХК нь ажил гүйцэтгүүлэх, үр дүнг шаардах этгээдийг өөрөө сонгох эрхээ хэрэгжүүлсэн. Хариуцагч “*******” ХХК нь ерөнхий захиалагчид нөлөөлөх буюу ажил гүйцэтгэгчийг сонгохыг санал болгох боломжгүй. Мөн хариуцагч тал буруутай гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол учирсан гэх нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тал гэрээний аль заалтыг, хэдийд, хэрхэн зөрчсөнөөс үүдэн түүнд ямар хэмжээний хохирол учирсныг нотлох үүрэгтэй байсан. Хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг нэгтгэн тооцож тухайн гэрээг дүгнэж үзсэн. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан эхний туслан гүйцэтгэх гэрээг хэзээ, хэн дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөн нэхэмжлэгч талын зүгээс энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй учир хариуцагчаас хохирол шаардах эрхгүй. Учир нь хохирол хариуцах үндэслэл нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутай нь тогтоогдсон байх ёстой байдаг.

4.4. Нэхэмжлэгч талын зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн туслан гүйцэтгэх нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тул тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханшаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй учир Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар, хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний 5-д “нэмэлт гэрээ хүчин төгөлдөр болсны дараа А тал нь Б талтай байгуулсан үндсэн гэрээг цуцална, мөн Б талд бичгийн хэлбэрээр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлнэ” гэж заасан.

Гэтэл нэмэлт гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр болохыг талууд дээрх гэрээгээр хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн А тал болох “*******” ХХК нь Б тал болох “*******” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр өгөөгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөн үндсэн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үндсэн гэрээний харилцаа үргэлжилж байсан нь хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно.

4.6. Нэхэмжлэгч тал нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу нэмэлт гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа хариуцагчид ирүүлсэн албан бичигтээ “манай компани төслийн барилгын ажлыг хүлээлгэж өгөх ажилд бүх хүчин чадлаараа дэмжиж ажиллана, хүлээлцэж дууссаны дараа танай компани манай компанийн хийсэн төслийг хэрэгжүүлэх явцын ажлыг дүгнэж, манай компаниас суутгасан чанарын баталгааны барааг буцаан олгохыг хүсэж байна” гэж бичсэн байдаг. Иймд туслан гүйцэтгэгчийн үндсэн гэрээ цуцлагдаагүй үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй учир гэрээ цуцалснаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Түүнчлэн гэрч ******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хангалттай нотлох нөхцөл байдлыг мэдүүлээгүй, ******* нь 2022 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд хариуцагч талын төсөл дээр ажиллаж байсан байгууллагын менежертэй хамтарч, гүйцэтгэсэн ажлын тайлан өгөх ажлыг хийж байсан.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын замын барилгын ажлыг манайх гүйцэтгэж байсан нь зохигч нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх хаягт хамаарах эсэх нь тодорхойгүй байдаг. Гэрч ******* нь мэдүүлэгт заасан хугацаанд “*******” ХХК буюу өөр хуулийн этгээдэд дэд захирлаар ажиллаж байсан нь шийдвэрийн үндэслэл болох ач холбогдол бүхий нотолгооны хэрэгсэл гэж үзэхэд эргэлзээтэй байна.

4.7. Гэрээний дагуу тодорхой ажлыг хийж гүйцэтгэж, өндөр хэмжээний зардал гаргасан гэх ерөнхий ойлголтуудыг тусгасан байдаг. Гэтэл хаана, ямар ажлыг хийж гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал гарсныг баримтаар нотлоогүй буюу энэ талаарх нотлох баримт байхгүй гэх талаар илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дансны гүйлгээний утгыг үндэслэж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд зардал гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн мөнгөн гүйлгээний утга нь дангаараа ажил гүйцэтгэхэд нэхэмжлэгчээс гаргасан зардлыг нотлохгүй бөгөөд санхүүгийн үндсэн баримтын хамт гүйцэтгэлийн тайлан болж, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой учир анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй.

4.8. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгч талын тайлбараар гэрээний нэг тал болох захиалагч компани нь өөрийн эрх хэмжээний хүрээнд буюу Бээжин дэх толгой компани нь танил талын хүрээнд өмнө нь ажиллаж байсан компаниа ажиллуулахаар боллоо гэх шалтгаанаар гэрээг цуцалсан болох нь нотлогдоно. Хариуцагч тал нь нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хуулийн дагуу шаардах эрхтэй учир замын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой ажлын хөлс болох замын шинжилгээ хийлгэх, зам тавьж буй ажилчдыг ажиллуулсантай холбоотой зардал зэргийг нэхэмжилсэн.

Дээрх үйл баримтаас харвал хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлаагүй болохыг нэхэмжлэгч тал зөвшөөрснөөс гадна ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй тул ажлын хөлс шаардах эрхгүй. Тухайн гэрээ нь хувь этгээд эсвэл хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ гэхээс илүү 2 улсын Засгийн газрын хооронд хийгдсэн албан ёсны том бүтээн байгуулалтын ажил юм.

4.9. Хэрэв нэхэмжлэгч тал үнэхээр энэ төсөлд ажил гүйцэтгэгчээр орсон тохиолдолд тухайн ажил гүйцэтгэлийн тайлан албан ёсоор авагдсаны үндсэн дээр талууд ажлыг хүлээлцэнэ. Гэтэл нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол” гэж дурдсан атлаа шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “хийсэн ажлын хөлс, ажил гүйцэтгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй” гэж дурдсан нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч талын зүгээс энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талыг нотлох баримттай холбоотой тайлбар гаргах, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг няцаах, аман болон бичгийн нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх эрхээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл болон 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

4.10. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гэж тодорхойлсон атлаа шүүх хуралдааны явцад ажлын хөлс шаардсан гэх зөрүүтэй агуулгыг ярьсан байхад энэ асуудалд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн болон 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул уг шаардлага, үндэслэлийн хүрээнд гэрээг хэлэлцэв” гэж дурдсан. Нэхэмжлэгч тал туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш 3 сарын дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгөх талаар хариуцагчид бичгээр мэдэгдсэн болох нь хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон.

4.12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн дүгнээгүй.

4.13. Мөн хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуульд заасан мэтгэлцэх эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн зохицуулалтад нийцээгүй.

4.14.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу 2022 оны 08 дугаар сараас эхэлж тухайн ажлыг гүйцэтгэж, тодорхой зардлуудыг гаргасан бөгөөд энэ талаарх баримтуудаа хэрэгт өгсөн. Өөрөөр хэлбэл, ******* төслийн хүрээнд зам барихын тулд тоног төхөөрөмж түрээсэлсэн, мөн кемп байгуулсан кемпийн зардал гэх мэтчилэн ойлгомжтой гүйлгээний утгаар данснаас гарсан зардлын гүйлгээгээ хэрэгт гаргаж өгсөн.

5.2. Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч тал нь “толгой компани санхүүжилт олгоно, санхүүжилтээ авахын тулд бид толгой компанид итгэл, үнэмшил үзүүлэх ёстой, тиймээс бүх санхүүгийн баримтуудыг бид БНХАУ-д байх толгой компани руу явуулна” гэж хэлснээр дээрх гэрээг дүгнэсэн 2 талын тооцоо нийлсэн баримтуудыг толгой компани руугаа явуулсан. Бидэнтэй зөвхөн нэмэлт гэрээ гэх гэрээг байгуулж, төлбөр төлөхөө илэрхийлж, гарын үсэг зурж, баталгаажуулж өгсөн.

5.3. Түүнчлэн хариуцагч тал нь тухайн нэмэлт гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг 6,000,000,000 төгрөгөөс 2,000,000,000 төгрөг болгон багасгасан. Мөн энэ төсөл маш том төсөл бөгөөд цаашид танай компанитай хамтарч ажиллана гэх итгэл үнэмшлийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захиралд төрүүлснээр уг нэмэлт гэрээг байгуулсан.

5.4. Нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний хамт үргэлжилж байгаа учир үүнийг салгаж ойлгох боломжгүй. Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар тухайн ******* төсөл хаана, хэрхэн, хэрэгжиж байсан, ямар ажил хийсэн болохыг мэдэхгүй байхад уг төсөл дээр биечлэн ажиллаж байсан ******* гэх гэрч анхан шатны шүүх хуралдааны үед дэлгэрэнгүй тайлбар, мэдүүллийг өгч, өөрийн компьютер дээр байх зургийн талаар тайлбарласан.

5.5. Мөн тухайн үед талууд цахимаар холбогдож, гэрээг дүгнэж, мэдээллээ цахимаар солилцдог байсан талаар мэдүүлсэн. Түүнчлэн ******* нь тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал *******-ийн охин компани болох “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ толгой компанийн захирлын даалгавраар тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо илэрхийлдэг.

5.6. Хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо тухайн гэрээ нь төлбөр төлснөөр хэрэгжиж эхлэх ёстой байтал манайх ямар нэгэн төлбөр төлөөгүй гэх асуудлыг ярьдаг. Гэтэл хариуцагч тал нь 6,000,000,000 төгрөгийн үнэтэй *******, ******* дугаартай гэрээг байгуулсан атлаа 7,000,000,000 гаруй төгрөг буюу илүү төлбөр төлсөн байдаг. Энэ нь ******* дугаартай гэрээ хэрэгжиж эхэлсэн учир хариуцагч компаниас тухайн илүү төлөлтийг хийсэн. Түүнчлэн хариуцагч тал нь хариу тайлбартаа манайх *******, ******* дугаартай гэрээний дагуу илүү төлбөр төлсөн гэх талаар дурддаг. Гэтэл энэ нь *******, ******* дугаартай гэрээний дагуу төлсөн илүү төлөлт биш ******* дугаартай гэрээний төлбөр төлөгдөж байсан.

5.7. Хариуцагч тал нь манай компанийг *******, ******* дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу гаргасан зардлаа ******* дугаартай гэрээний дагуу гаргасан зардал гэж худлаа хэлж, энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн гэж хэлдэг.  *******, ******* дугаартай гэрээ нь зөвхөн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ юм. Гэтэл шүүхэд өгсөн баримт буюу дансны хуулганы гүйлгээн дээр кемп байгуулсан буюу зам байгууламж барихтай холбоотой бидэнд байхгүй тоног төхөөрөмжийг бусдаас түрээсэлсэн болон ажиллах хүчний зардал гэх мэт зардлуудыг тодорхой бичсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдана.

5.8. Хариуцагч тал энэ нь түрээсийн гэрээ биш, ажил гүйцэтгэх гэрээ байсан гэж тайлбарладаг. Хэрэв үнэхээр тийм байсан бол тухайн гэрээгээ авч ирж, манайх зөвхөн тоног төхөөрөмж түрээслээгүй, тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулж байсан ажилчид нь тухайн газарт байсан гэх тайлбар болон нотлох баримтаа хэрэгт өгөх ёстой байсан.

5.9. Хариуцагч талын хэлсэн нэмэлт гэрээг байгуулахад нэхэмжлэгч компанийн захирал дарамт учруулсан гэх талуудын хоорондоо харилцсан вичатын зурвасыг хэрэгт хавсаргаж, үзлэг хийлгэсэн. Гэтэл тухайн харилцаанд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч талын зүгээс дарамталсан зүйл байдаггүй бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.

5.10. Нэмэлт гэрээ байгуулж, эвлэрүүлэн зуучлалын газарт очсоноос хойш нэхэмжлэгч компанийн захирлаас хамтран ажилладаг хүн нь мөнгө нэхсэн учир тухайн хүнд *******-ээс авлагатай гэдгээ харуулахын тулд түүнийг дагуулж, *******-ийн оффис дээр очсон асуудлыг хариуцагч тал намайг дарамталсан гэж цагдаад гомдол гаргасан байсан. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан.

5.11.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “*******” ГХОХХК, “*******” ХХК-иуд нь хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохиролд нэмэлт гэрээний дагуу 5,000,000 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон 2,385,3000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь “ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгчийн буруугаас хэрэгжээгүй, нэмэлт гэрээг хүч хэрэглэн дарамталж байгуулсан, бодитоор нэхэмжлэгчээс зардал гараагүй” гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, 33,071,163,038.53 төгрөгийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

 3.2. Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай Монгол Улсын Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн ачаа даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, тус гэрээгээр Б тал буюу “*******” ГХОХХК-ийн төсөлд оруулсан хөрөнгө оруулалт 4,265,000,000 төгрөг, гэрээний зөрчлийн нөхөн төлбөрт 1,650,858,151.93 төгрөг, нийт 6,275,588,151.93 төгрөг, харилцан тохиролцсоны үндсэн дээр А тал буюу “*******” ГХОХХК нь Б талд нийт 5,000,000 юанийн нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн.

3.3. Дээрх ******* дугаартай нэмэлт гэрээний 4-т “2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь болох 1,500,000 юанийг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь болох 1,500,000 юанийг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 2,000,000 юанийг тус тус төлнө” гэж заасан хуваарийн дагуу А тал болох “*******” ХХК нь төлөлт хийгээгүй нь маргаан үүсгэжээ.

4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

5. Талууд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай  Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд түүнээс гарсан зардал, гэрээний үүргээ зөрчсөн нөхөн төлбөрийн талаар тохиролцсон байх тул дээрх ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан дээрх нэмэлт гэрээг хууль зөрчөөгүй, эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлага хангасан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн байна.

Тодруулбал, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх тул хариуцагч “*******” ГХОХХК нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж үзэх ба захиалагч тал нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, уг гэрээний хэрэгжсэн хэсгийн үр дүн захиалагчид үлдэж, үүнтэй холбоотой санхүүжилтийн талаар тооцоо нийлсэн гэж үзнэ.

Иймд хариуцагч талын “нэхэмжлэгч нь хаана, ямар ажил гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал гарсныг баримтаар нотлоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

7. Анхан шатны шүүх гэрээ цуцалсны хохирлыг нэмэлт гэрээний 3-т “гэрээний зөрчлийн нөхөн төлбөр 1,650,858,151.93 төгрөг” гэж тохиролцсон байх тул энэ талаар талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хэлцэл байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гарсан зардал, гэрээ цуцалсны нөхөн төлбөрт нийт 5,000,000 юанийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож, 2,385,000,000 төгрөг шаардсаныг шүүх тухайн өдрийн Монголбанкны ханш 469.15 төгрөгөөр зөвтгөн тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т нийцсэн байна.

Үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.

8. Хариуцагч талын “шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулсан, шүүхээс мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй болно.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлын талаар баримталсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг хууль хэрэглээний хувьд зөвтгөж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 гэж өөрчлөлт оруулна.

10. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон агуулгатай заалтыг нэмж оруулна.

11. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/05717 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт” гэснийг “355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт” гэж өөрчилж,

Тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,082,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УУГАНБАЯР

                                   ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

                                                                                                                         Ч.МӨНХЦЭЦЭГ