| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00598/И |
| Дугаар | 210/МА2025/01689 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01689
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05028 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нар,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2021 оны 07 дугаар сард “*******” ХХК-ийн захирал *******той уулзаж, шинээр баригдах 5 барилгын суурийн ажлыг хийхээр тохирч гэрээ байгуулан ажил эхэлсэн. Энэхүү ажлыг *******хариуцан хийлгэхээр болсон ба энэ талаар захирал *******од мэдэгдэж, зөвшөөрөл авсан.
1.2. Нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажил явагдсан бөгөөд ажлын явцад хариуцагчийн инженерийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан ажлууд гарч байсан боловч харилцан ярилцаад тодорхой зааврын дагуу ажлуудаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, суурийн ажлыг дуусгаад цааш нь ханын дүүргэлтийн өрлөгийн ажил хийгдэж, 2 барилгын ханыг дуусгаж өгсөн.
1.3. Энэ хугацаанд тохирсон ажлын хөлсөө дутуу олгож байсан боловч *******нь өөрийн боломжоороо ажиллаж, гарсан бүх зардлыг өөрөөсөө гаргаж, ажиллаж байсан хүмүүсийнхээ санхүүгийн асуудлыг шийдээд явж байсан ба захирал *******од мөнгө төгрөгийн талаар сануулахад удахгүй өгнө гэдэг байсан. Ийнхүү бид тохирсон ажлуудаа дуусгаад үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн боловч захирал ******* нь элдэв шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн.
1.4. Иймд 5 барилгын суурийн үнэлгээ болох 25,000,000 төгрөг, 2 барилгын өрлөгийн үнэлгээ болох 4,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 14,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь *******тай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны төсөл дээр 5 барилгын суурийн ажил /суурийн дулаалга, ус тусгаарлагч, суурийн шороон дүүргэлт, нягтруулалт, шалны арматуртай бетон цутгалт/, дотор, гадна өрлөг, зүрхэвч болон бүс бетон цутгах ажил хийхээр харилцан тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хамтран ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.
2.2. Гэрээт ажлаас 5 барилгын суурийн ажил болох суурь цутгах ажил хийгдсэн, харин суурийн дулаалга, ус тусгаарлагч, суурийн шороон дүүргэлт, нягтруулалт, шалны арматуртай бетон цутгалт зэрэг ажлууд хийгдээгүй, 1 барилгын гадна ханын өрлөг өрөгдөж эхэлсэн боловч алдаатай байсан тул ажлыг зогсоосон. Алдаатай өрлөгийг буулгах, гарсан хогийг тээвэрлэх зэрэг ажлыг манай компани хариуцан дахин өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн. Дотор өрлөг огт өрөгдөөгүй, 5 барилгын зүрхэвч болон бүс бетон цутгах ажил тус тус хийгдээгүй болно. Мөн 2 барилгын суурийг алдаатай цутгаснаас уг суурийг засварлах ажлын бүх зардлыг манай компани өөрөө хариуцан дахин өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн. Суурийн ажил болох дулаалга, хар тосон түрхлэг, уур тусгаарлагч, шороон дүүргэлт, нягтруулалт, индүү, хамар хананы арматурчлалтай хар шал гэх ажлууд хийгдээгүй.
2.3. Нэхэмжлэгч нар нь гэрээний 1.3-т заасан хугацаанд гэрээт ажлаа дуусгалгүй хугацаа хэтэрч сунгасан боловч ажлаа бүрэн гүйцэд дуусгаагүй орхиж явсан. Ажлаа дуусгаагүй учир хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт үйлдээгүй. Мөн гэрээний 4.1-д зааснаар ажлаа 10 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгээгүй, ажиллах хугацаанд дунджаар 4 хүн ажиллаж байсан нь бүртгэлд бүртгэгдсэн байдлаар тогтоогдоно. ******* нь гэрээт ажлыг *******д шилжүүлсэн. Гэрээний 4.22-т заасан үүргээ удаа дараа зөрчин барилга угсралтын талбайд архидан согтуурсан.
Дээрх алдаа дутагдал гарч байсан боловч нэхэмжлэгч нарын хүсэлтээр гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлын талбайд огт ирээгүй бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь гэрээний 3.7-д заасны дагуу өөр хүмүүсээр дутуу орхисон ажлыг хийж гүйцэтгүүлснээс манай компани 13,980,000 төгрөгийн зардал гаргасан болно.
2.4. Ажил гүйцэтгэж байхдаа 08 дугаар сард 9 хоног ажил зогсоосон, барилга угсралтын талбайд архидан согтуурсан зэргээр гэрээний 5.4-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн боловч манай зүгээс ажлын нийт дүн болох 29,000,000 төгрөгөөс хийсэн ажил болох хэв хашмал угсралт, бетон авалтын ажилд ногдох 15,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн.
2.5. Иймд нэхэмжлэгч *******, ******* нарын 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч “*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан “*******” амралт жуулчлалын цогцолбор “*******” гэх барилга байгууламжид ерөнхий гүйцэтгэгч болсон “*******” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба “*******” ХХК нь *******, ******* нартай хамтран ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нараар ажлын зарим хэсгийг гүйцэтгүүлсэн, хийж гүйцэтгэсэн суурийн ажил, өрлөгийн ажлыг бодитойгоор хүлээж авсан боловч акт үйлдэн хөлсөө өгөлгүй зугтаасан атлаа ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК-д өөрөө хийж гүйцэтгэсэн гэж барилгын ажлыг хүлээлгэн өгсөн акт үйлдсэн байна.
Уг үйл баримттай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа тухайн ажлын захиалагч болох “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийг шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн буюу нэхэмжлэгч талын мэтгэлцэх боломж хязгаарлагдсан.
“*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, тэдний хоорондын ажлын үр дүнг хүлээлцсэн огноо, төлбөр тооцооны асуудлыг хөндлөнгийн байр сууринаас асууж тодруулан нотлох баримтаар үнэлүүлэх, мэтгэлцэх боломжгүй байдлыг анхан шатны шүүх бий болгосон.
Шүүх нь хөндлөнгийн байр суурьтай байх зарчмаа зөрчсөн, хариуцагч тал гэрчээ бэлтгэж, үг зааж мэдүүлэг өгүүлэх, гэрч нь хэргийн оролцогч нэхэмжлэгч талтай маргаан үүсгэх, эвлэрэх гэсэн явцыг зогсоож, мэдүүлэг өгчхөөд хэрэгт шалгуулах ажиллагааны талаар хүсэлт, гомдол гаргаж байгааг ойлгох боломжгүй байгааг анхаарч үзнэ үү.
4.2. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “*******” барилга дээр хийгдсэн ажлыг хийгдээгүй, дутуу хийгдсэн мэтээр хариуцагчаас тайлбарлаж байгаатай холбоотойгоор нийтэд илэрхий байдлаар түгээж байгаа ******* нэршилтэй хаус хороолол гэх барилга байгууламжид нэхэмжлэгч нар ямар ажил гүйцэтгэснийг тогтоолгох үүднээс гэрчүүд оролцуулан ******* 72727722 гэж нэртэйгээр нийтэд түгээж буй видео бичлэг, сурталчилгаа болон гэрч *******гийн мэдүүлгийг үгүйсгэх баримт болох өөрийн ажил гүйцэтгэхэд хэрэглэхээр зөвшилцөж “*******” ХХК-д ажил дуустал ашиглуулсан тэдний тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийлгүүлэх хүсэлтүүд, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргуулахаар 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гаргасан хүсэлтүүдийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг үгүй хийж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.
4.3. Хариуцагч “*******” ХХК болон захирал *******ын банкны дансны хуулгыг гэрээ байгуулсан 2021 оны 07 дугаар сараас тухайн оныг дуустал хугацаанд гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гарган Худалдаа хөгжлийн банкны дансыг олж өгсөөр байхад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн захирамждаа “******* овогт *******ийн ******* рд:*******” гэж банк руу явуулснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.
4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, ямар, ямар ажлыг хариуцагчид хэзээ хүлээлгэн өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч нар нь суурь дуусах бүрд ажлаа хүлээлгэн өгч 5 суурийн ажил бүрэн дууссаны дараагаар 2 өрлөг хийсэн ба ажлын үр дүнг суурь, өрлөг дуусах бүрдээ хүлээлгэж өгөөд акт үйлдэх болоход захирал ******* нь акт үйлдэлгүй зугтаасан байдаг. Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* нь “*******” ХХК-д үлдэгдэл ажлаа актаар бүрэн хүлээлгэн өгч төлбөрөө аваад дутуу төлбөр тооцоог ******* руу шилжүүлж өгнө гэж итгүүлэн хуурсан. Энэ нөхцөл байдлуудыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гаргасан хүсэлтүүдээр нотолж болох байсан.
4.5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажил хийсэн бол энэ хугацааны ажлын гүйцэтгэл, үр дүн байх ёстой. Хариуцагч “*******” ХХК нь өөрийн захиалагч “*******” ХХК-д ажлаа өгөөгүй бол санхүүжилтээ авч чадахгүй учраас “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан “*******” амралт жуулчлалын цогцолборт ажил хийж гүйцэтгүүлэх гэрээ, түүний хавсралтууд, ажил хүлээлцсэн ил ба далд актууд, гэрээ дүгнэсэн баримт, төлбөр тооцоог “*******” ХХК болон захирал ******* руу шилжүүлсэн, эсхүл хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтуудыг нотлох баримтуудаар гаргуулах, үүний үндсэн дээр “*******” ХХК-ийн захирал *******ийг гэрчээр шүүхэд дуудаж ажлын үр дүнг хэзээ, хэнээс, ямар байдлаар авсан доголдол байсан эсэх, ил далд актуудыг хэзээ хийсэн, төлбөр тооцоог хэзээ ямар, ямар ажилд тооцож төлснийг тогтоолгож нэхэмжлэлийн шаардлагаа нотлох байсан.
Мөн хүсэлтүүдэд дурдсан үзлэгүүдийг хийлгүүлж, нотлох баримтаа гаргуулснаар нэхэмжлэгч ямар хугацаанд, хаана байрлалтай 5 барилгын суурийг хийж гүйцэтгэсэн, аль аль барилгад өрлөг хийснийг тогтоох байсан.
4.6. Хэрэгт авагдсан гэрэл зургууд, бичлэгт үзлэг хийсэн баримтууд, гэрч *******ийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй болон хэрхэн няцааж байгаагаа шийдвэртээ тусгаагүй.
4.7. Шүүх хуралдааны өмнө хариуцагч талаас “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******э, “*******” ХХК-ийн захирал ******* нарын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А21-23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хавсралтын хамт гаргаж өгсөн ба 1 барилгыг 28,040,000 төгрөгөөр тооцсон ба суурийн ажил 15,000,000 төгрөг, зүрхэвч бүс бетон 5,600,000 төгрөг, өрөгт бүтээц 360мм 3,240,000 төгрөг, өрөгт бүтээц 120мм 1,050,000 төгрөг, шаврын ажил 3,150,000 төгрөгийн тус тусдаа үнэлгээтэйгээр тусгасан байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нар мөн адил суурийн ажлыг 5,000,000 төгрөг, дүүргэлтийн өрлөгийг 2,000,000 төгрөг байхаар тооцож нэг ажлаа дуусгаад барилга бүрээр хүлээлгэн өгч байсны нотолгоо юм.
4.8. Иймд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлтүүдийг гаргасан боловч эрхээ хязгаарлуулсан, шүүхээс дутуу баримт бүрдүүлэн хэргийг шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүх ерөнхий захиалагч буюу “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******э гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах шаардлагагүй гэх үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаанд гэрчээр “*******” ХХК-ийн захирал оролцох шаардлагагүй, учир нь өөр бусад баримтуудаар тухайн үйл явдал нотлогдох боломжтой гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгт “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил хүлээлцсэн акт хэргийн материалд авагдсан. Тухайн баримтаар тодорхойлогдох боломжтой учир анхан шатны шүүх тухайн хүнийг гэрчээр оролцуулах нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлаар дахин хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан.
5.2. Түүнчлэн фото зураг болон бичлэгт үзлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 10 ширхэг фото зураг, 24 секундийн бичлэгийг гаргаж өгсөн. Хэргийн 186-187 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж холбогдох ажиллагаануудыг хийсэн тул шүүх хэрэгт ач холбогдолтой баримтуудыг бүрдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.
5.3. Мөн нэхэмжлэгч талын зүгээс “*******” ХХК-ийн баригдсан барилгад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Тухайн барилга нь нэгэнт баригдсан барилга учир тухайн барилгад шүүх очиж үзлэг хийснээр ажлуудыг хэн хийсэн гэдгийг тодорхойлох боломжгүй учраас тухайн баригдсан барилга дээр очиж үзлэг хийх хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг нь хангахаас татгалзсан байдаг.
5.4. “*******” ХХК болон захирал ******* нарын дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан боловч “*******” ХХК-ийн дансны хуулга ирээгүй гэх зүйлийг нэхэмжлэгч тал ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “*******” ХХК-ийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Өөрөөр хэлбэл, талууд 15,000,000 төгрөг өгсөн болон авсан талаар маргаагүй учраас нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн хүсэлтээсээ татгалзсан атлаа давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй мэтээр буруу тайлбарлаж байна.
5.5. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэх зүйлийг ярьдаг. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК болон “*******” ХХК-тай 1 торхыг 28,000,000 төгрөгөөр хийх гэрээ байгуулсан атлаа нэхэмжлэгч нартай тухайн 1 суурь болон бетон цутгалт, бусад ажлуудыг 5,000,000 төгрөгөөр хийх гэрээ байгуулсан боловч энэ талаар манайх маргаагүй гэх зүйлийг ярьж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар талууд маргадаггүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Гэрээт ажил болох 5 барилгын суурийн ажил, бетон цутгалт, зүрхэвч зэрэг ажлуудын хөлс нь нийт 29,000,000 төгрөг ба 1 суурь цутгалтыг 5,000,000 төгрөгөөр тооцож 5 суурь цутгалт, зүрхэвч болон бетон цутгалтыг 2,000,000 төгрөгөөр тооцож 2 зүрхэвч, бетон цутгалт гээд нийт 29,000,000 төгрөг болж байгаа болно.
Нэхэмжлэгч нар нь бид нар тухайн барилгын суурь ажлыг хийсэн, бетон цутгалт болон зүрхэвч хийх үүрэг хүлээгээгүй учир тухайн ажлыг хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барилгын 5 суурийн ажлаас гадна бетон цутгалт, зүрхэвч гэх мэт 3-4 ажил хийхээр тусгагдсан байдаг. Гэтэл эдгээр ажлуудыг хийгээгүй болохоо нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Иймд шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
5.6. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 6 сарын дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан болсон. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцох талаарх шаардлагыг удаа дараа тавьсан. Энэ хэргийг шийдвэрлэх хугацаанд хариуцагч талын хүсэлтээр 2 гэрч, нэхэмжлэгч талын хүсэлтээр 1 гэрч, нийт 3 гэрчээс мэдүүлэг авсан. Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан фото зураг болон бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтүүдийг буюу шүүх талуудын гаргасан хүсэлтүүдийг эн тэнцвэртэй хангаж, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч талын татгалзлаа нотлох бүх баримтуудыг энэ хугацаанд хангалттай бүрдүүлсэн тул зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүдийг шүүх хангахгүйгээр хэт нэг талыг барьж, шийдвэрээ гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.7. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч талын хүсэлтээр мэдүүлэг өгсөн тухайн гэрчийн мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байсан. Хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан 2 гэрчийн шүүхэд өгсөн тайлбар нь хэргийн холбогдох баримтуудаар давхар нотлогдож байсан учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэн шийдвэрээ гаргасан.
5.8. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
Нэхэмжлэгч нар нь “5 барилгын суурийн ажил, 2 барилгын ханын дүүргэлтийн өрлөгийн ажлыг хийж дуусган хүлээлгэж өгсөн” гэх агуулгаар, хариуцагч нь “гэрээт ажлаас 5 барилгын суурийн ажил болох суурь цутгах ажил хийгдсэнээс бусад суурийн дулаалга, ус тусгаарлагч, суурийн шороон дүүргэлт, нягтруулалт, шалны арматуртай бетон цутгалт зэрэг ажлууд хийгдээгүй, 1 барилгын гадна ханын өрлөг өрөгдөж эхэлсэн боловч алдаатай байсан тул ажлыг зогсоосон, дотор өрлөг огт өрөгдөөгүй, 5 барилгын зүрхэвч цутгах ажил, сууцны бүс бетон цутгах ажил тус тус хийгдээгүй, мөн 2 барилгын суурийг алдаатай цутгаснаас уг суурийг засварлах ажлын бүх зардлыг манай компани өөрөө хариуцан дахин өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн, суурийн ажил болох дулаалга, хар тосон түрхлэг, уур тусгаарлагч, шороон дүүргэлт, нягтруулалт, индүү, хамар хананы арматурчлалтай хар шал гэх ажлууд хийгдээгүй” гэх агуулгаар тус тус тайлбар гаргаж, талууд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүнд маргасан.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гаргасан “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан “*******” амралт жуулчлалын цогцолборт ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтууд, ажил хүлээлцсэн ил ба далд актууд, гэрээ дүгнэсэн баримт, төлбөр тооцоог “*******” ХХК болон тус компанийн захирал ******* руу шилжүүлсэн, эсхүл хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргуулах, мөн “*******” ХХК-ийн захирал *******ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлд хамаарч байна.
Түүнчлэн хариуцагч “*******” ХХК болон тус компанийн захирал *******ын дансны хуулгыг гэрээ байгуулсан 2020 оны 07 дугаар сараас хойш тухайн оныг дуустал хугацаагаар гаргуулахаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16676 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх боловч шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй буюу хариуцагч “*******” ХХК-ийн дансны хуулга хэрэгт авагдаагүй байна.
4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ