| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0230/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 247
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч Ж.Э
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Э, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.С нарт холбогдох эрүүгийн 1921дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дорнод аймгийн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 зээгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух, бие эрүүл гэх, ЖЭ регистрийн дугаартай, Б овогт Ж,Э.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, бие эрүүл гэх, Жрегистрийн дугаартай, Х овогт Б,С.
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд иргэн Ж.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би С-ыг цохиогүй. Харин С намайг цохихоор нь би С-ын араас юм авч шидсэн. Миний нас болон биеийн жинг харьцуулахад би С-ыг зодох боломжгүй гэдэг нь анзаарагдана. С шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагад шахалт үзүүлж байна гэв.
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үдийн цайгаа уугаад ажил дээрээ ирэхэд Э ах над руу ирээд намайг шууд цохихоор нь барьцалдаж аваад би Э ахын дээр нь дараад унасан. Тэр үед Э ах дороос гартаа барьсан түлхүүрээр намайг цохиод байхад нь би хэд хэд цохиод боссон. Ганц цохиур даахгүй ингэж олон юм яриад байж болохгүй ...”гэв.
Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Сэргэлэнбаатар намайг зодсон. Тэр үед би гартаа машины түлхүүр барьчихсан биеэ хамгаалсан, тэр үед машины түлхүүрэнд толгой тархи нь зурагдсан байх гэж бодож байна, тэрнээс би С-ыг цохиж зодоогүй...” гэх мэдүүүлэг /хх-ийн 88/,
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний нүүр рүү Ж.Э цохихоор нь би барьцалдаж аваад бид хоёр газар унахдаа Э дээр нь би унасан. Тэгэхэд миний доороос гартаа барьсан машины түлхүүрээр миний толгой руу, дал руу цохиод байхаар нь би дээрээс нэг удаа Э-ийн нүүр рүү, нэг удаа толгойгоороо мөргөөд боссон... мөн шанаа орчимд нэг удаа цохисон... Энхээ эхлээд миний нүүр рүү нэг удаа гараараа, унасан хойно миний толгойн орой руу, баруун чамархай руу түлхүүрийнхээ үзүүрээр 5-6 удаа цохисон. Мөн баруун зүүн өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
-Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/
-Гэрч М.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/
-Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 49/
-Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 262 тоотын дүгнэлтийн хэсэгт: "1. Б.С-ын биед толгойн оройн хуйх, баруун чамархайн хуйх, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, баруун зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр, 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 59/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260 тоотын дүгнэлтийн хэсэгт: "1. Ж.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний доод хэсэгт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 54/
-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 829 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ж.Э-ийн биед учирсан “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор салтад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Ж.Э-ийн баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь мэс заслын хагалгаа хийгдээгүй тохиолдолд түүний нүдний хараанд нөлөөлөх байсан эсэхийг тогтоох боломжгүй. 4. Ж.Э-ийн нүдний ухархайн ясыг нөхөх мэс засалд орсон нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. 5. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. 6. Ж.Э-ийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 74-75/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд хохирогч Б.С хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар хохирогчийг зодож биед нь толгойн оройн хуйх, баруун чамархайн хуйх, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, баруун зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын газрын ариутгал халдваржуулалтын гадна талд хохирогч Ж.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар хохирогчийг зодож биед нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний доод хэсэгт, дээд уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч-хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С нь намайг зодсон. Тэр үед би гартаа машины түлхүүр барьчихсан биеэ хамгаалсан, тэр үед машины түлхүүрэнд толгой тархи нь зурагдсан байх гэж бодож байна, тэрнээс би С-ыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88/, түүнийг давхар нотолсон шүүгдэгч-хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү цохихоор нь би барьцалдаж аваад бид хоёр газар унахдаа Э-ийн дээр нь би унасан. Тэгэхэд миний доороос гартаа барьсан машины түлхүүрээр миний толгой, дал руу цохиод байхаар нь би дээрээс нэг удаа Э-йн нүүр рүү цохиод улмаар толгойгоороо мөргөөд боссон... мөн шанаа орчимд нэг удаа цохисон... Э эхлээд миний нүүр рүү нэг удаа, унасан хойно миний толгойн орой руу, баруун чамархай руу түлхүүрийнхээ үзүүрээр 5-6 удаа цохисон. Мөн баруун зүүн өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/, гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа Э чи ер нь цагдаад хэлдэг хэн юм? гэж хэлээд С-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаж аваад газар унасан. Харин унахдаа С дээр нь унаад Э толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тухайн үед Э нь баруун гартаа цагаан ажлын бээлий өмсчихсөн гартаа машиныхаа түлхүүрний үзүүр хэсгийг нь гарныхаа салаагаар гаргаж, С-ын толгойны оройн хэсэг рүү цохиж, бас нуруу руу нь цохиж байхаар нь би гарнаас барьж болиулсан. Тэгэхэд тэр хоёр газраас босч ирэхэд Э над руу “чи гар хорьж намайг цохиуллаа” гээд миний зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр мөн дахин барьцалдаж зодолдох гэж байхад зүүн талаас Э ажлын хоёр хүн ирж Э салгасан. Тухайн үед Э нь С руу газраас чулуу авч шидэж зодолдох гэж дайрч байсан болохоор С нь машинаа унаад тэндээс явсан. ...Э эхнэрийнх нь цэцэрлэг миний засвар хийж байгаа С байшинтай 1 метр орчим зайтай болохоор үйл ажиллагаанд нь саад учрууллаа гэж л хэрүүл маргаан болж зодолдсон. Э нь С толгойн тус газарт нийтдээ түлхүүртэй гараараа 3 удаа цохиж, нуруу руу нь мөн түлхүүртэй гараар 3 удаа мөн цохисон. Цохих болгондоо миний дээрээс босоодох чи гэж хэлээд машиныхаа түлхүүртэй гараараа цохиод байсан. Харин С нь Э-ийн зүүн нүд рүү нэг удаа мөргөж босоод баруун гараараа нүүрэн тус газар нь нэг цохисон. ... С амных нь завьжнаас цус гарч байсан. Харин Э зүүн хацарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч М.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг харахад бол Э байцаагч, С хоёр хоёулаа нүүр ам нь цус, хувцас хунар нь битүү шороо тоос болчихсон, бие бие рүүгээ дайрч зодолдох гээд байсан. ... С бид нар та цаашаа яв, тэгэхгүй бол салахгүй юм байна гэж хэлэхэд С нь машиндаа суугаад цаашаа яваад өгсөн. Тухайн үед Э маш их уурлаж газраас чулуу, тоосго аваад С руу шидэх гээд байсан... миний бодлоор бол байр, сав, засвар үйлчилгээнээс болж зодолдсон гэж бодож байна... С нүүр ам нь цус болсон байсан, харин Э зүүн хацарнаас цус гарч, язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүс бахираад байхаар нь гараад хартал Э дарга газар уначихсан, дээр нь С нь дараад хэвтчихсэн байхаар нь би гүйж очоод С цамцных нь мөрнөөс татаад хүүш болиочээ хүн аллаа гээд татахад С нь Ж.Э үснээс нь зулгааж газар руу балбаж байсан. ... мөн Э нь С нүүр рүү нь нулимж байсан. ... тухайн үедээ бол С Э хоёрын хэн хэнийх нь нүүр ам нь цус нөж болчихсон, хэн хэнийгээ зодох гээд дайраад байсан. ...Э даргын нүд нь хавдчихсан, уруулнаас нь цус гарч байсан, С нүүр нь цус болчихсон байсан, нүүр ам нь шалбарчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/, гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг очиж салгахаас өмнө Э, С хоёр хэн хэнийгээ цохисон. ... Э байцаагчийн нүд нь хавдчихсан, уруулнаас нь цус гарч байсан, С нүүр нь цус болчихсон байсан, нүүр ам нь шалбарчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 262, мөн албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 829 дугаартай тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...би Б.С цохиж, зодоогүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь дараахь нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Тухайлбал, хохирогч Б.С өгсөн: “...Э эхлээд миний нүүр рүү нэг удаа гараараа, унасан хойно миний толгойн орой руу, баруун чамархай руу түлхүүрийнхээ үзүүрээр 5-6 удаа цохисон...” гэж /хх-ийн 83-84/, гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа Э нь чи ер нь цагдаад хэлдэг хэн юм? гэж хэлээд С нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаж аваад газар унасан...” гэж /хх-ийн 45/, гэрч М.Ган-Эрдэнийн өгсөн: “...намайг харахад бол Э байцаагч, С хоёр хоёулаа нүүр ам нь цус, хувцас хунар нь битүү шороо тоос болчихсон...” гэж /хх-ийн 47/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...С Э хоёрын хэн хэнийх нь нүүр ам нь цус нөж болчихсон... байсан...” гэх /хх-ийн 49/ мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 262, мөн албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 260, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 829 дугаартай тоот дүгнэлт зэргээр няцаагдан үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Ж.Э, Б.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл зохино.
Шүүх хуралдаанд хохирогч Ж.Э нь шүүгдэгч Б.С эмчилгээний зардалд нийт 6540164 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд нийт 5629720 төгрөгийн гэм хорын баримт байх ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардлын 5131160 төгрөг, шатахууны зардлын 238200 төгрөг, хохирогчийн өмсөж явсан хувцасны хохирол 60000, анхны үзлэгийн 10000 төгрөг, нийт 5439360 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй, нэхэмжлэх үндэслэлгүй 190360 төгрөгийг /хоол, ундаа, ус гэх мэт/ хэрэгсэхгүй болгож, нотлох баримтгүй 2 сарын цалингийн зөрүү болох 1232164 төгрөг, цаашид хийгдэх хамрын хагалгааны 2298000 төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч Ж.Э мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.С нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Э ЖЭ регистрийн дугаартай, шүүгдэгч Б.С ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Э, шүүгдэгч Х овогт Б.С нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.С 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.С нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.С гэм хорын хохиролд нийт 5439360 /таван сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190360 төгрөгийг хэрэгсэгүй болгож, цалингийн зөрүүний 1232104 төгрөг, цаашид хийгдэх хамрын хагалгааны төлбөрийн 2298000 төгрөгийн холбогдох баримтаа бүрдүүлэн тусад нь иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Ж.Э мэдэгдсүгэй.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Э ЖЭ регистрийн дугаартай, шүүгдэгч Б.С ЖЭ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Э, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР