Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 408

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Ховд Арцын 2-3 тоотод оршин суух, 1951 онд төрсөн, 65 настай, Амбаа овгийн Дашийн Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг Ямаат гэх газар оршин суух, 1970 онд төрсөн, 46 настай, Дархан овгийн Доржпагамын Нямдоржид холбогдох

419000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нямдорж нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр урд авсан барааны зээлийн үнэ 300900 төгрөгийг өгч чадахгүй боллоо хавар өгье таныг хохироохгүйн тулд 3 хувийн сарын хүү төлье гээд бичгээр гэрээ байгуулсан. 2014 оны 07 дугаар сард зээлсэн 125150 төгрөгний бараан дээр нэмж 259350 төгрөгний бараа зээлж 384500 төгрөгний барааны үнийг 2015 оны 05 дугаар сард төлөхөөр аман гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 1, 6 дугаар сард 34600 төгрөгний бараа нэмж авсан. Нийтдээ надад 419000 төгрөгний өртэй болсон. Гэтэл 300900 төгрөгийг хүүтэй нь төлөөд сүүлд үлдсэн 419000 төгрөгний барааг аваагүй хэмээн маргалдаж намайг хохироосоор байна. Иймд Д.Нямдоржоос 419000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нямдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бат-Өлзийгийн нэхэмжлэж байгаа 419000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Д.Нямдоржид холбогдуулан 419000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 419000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлага болох 419000 төгрөгийг хариуцагч Д.Нямдорж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Нямдоржоос 6610 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 6610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА