| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04294/И |
| Дугаар | 210/МА2025/01566 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01566
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/06001 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******ад 20,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Уг мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. ******* нь надаас авсан 20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон.
1.2. ******* нь тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй ба 4,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд *******аас зээлийн үлдэгдэл төлбөрт 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******аас 10,000,000 төгрөгийг зээлсэн. ******* нь 500,000 төгрөгийг дансаар, 9,500,000 төгрөгийг 10 дугаар хороололд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас данснаасаа бэлнээр авч өгсөн болно.
2.2. Уг мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн ба одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлнө. *******д 4,000,000 төгрөг буцаан төлсөн байхад огт мөнгө аваагүй гэж худлаа мэдүүлэг өгдөг.
2.3. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мөнгө авсан баримтыг би өөрөө бичсэн нь үнэн боловч уг баримтыг ******* нь хүчээр бичүүлсэн. Миний бие итгээд уг баримтад 20,000,000 төгрөг хүлээн авлаа, 25,000,000 төгрөг болгож өгнө гэж бичиж өгсөн юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Азийн хөгжлийн банкнаас зарлагдсан зургийн тендер дээр ажил авч өгөхөөр *******тай тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан компанийн үнийн санал дээр асуудал гарсны улмаас тухайн ажлыг авч чадаагүй тул бидний хооронд маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлүүлэх болсон.
4.2. Тухайн ажил бүтвэл 20,000,000 төгрөгийг надад өгөхөөр аман тохиролцоо хийсэн бөгөөд урьдчилгаа болгон 10,000,000 төгрөг авах гэтэл 20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгон өгнө гэж бичиг үйлдэн гарын үсэг зурвал өгнө гэж надаар бичиг үйлдүүлэн, тухайн өдөртөө Хаан банкин дахь данснаасаа 500,000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкин дахь дансанд шилжүүлээд, Кёкюшү тауэрын 1 дүгээр давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 9,500,000 төгрөгийг бэлнээр авч нийт 10,000,000 төгрөг өгсөн.
4.3. Миний хувьд *******аас авсан 10,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг нь буцаан төлсөн ба одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин аваагүй 10,000,000 төгрөг болон хүүгийн төлбөр 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.4. Нэхэмжлэгч *******аас 500,000 шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар нотлогдох ба 9,500,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь данснаасаа бэлнээр авсныг тухайн нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг.
Иймд миний гаргаж буй гомдлыг нягтлан шалгаж, зөв зүйтэйгээр шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Би мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй болохыг нотолж байсан. Мөрдөн байцаалтын явцад хариуцагч *******тай харилцаж байсан мессежийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ талаар мөрдөн байцаагч асууж байсан. Тухайн мессежинд хариуцагч “би чиний мөнгийг өгнө” гэж бичсэн. Тухайн баримтыг прокурорт мөн гаргаж өгсөн.
5.2. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн зээлд 6,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн 3 дугаар талд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн “Мөнгө авсан баримт” гэх баримтаар ******* нь *******аас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар 20,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө 25,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч төлөх зээлийн төлбөрийн хэмжээг буруу тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
5.1. Хариуцагч нь “...дээрх хэлцлээр 20,000,000 төгрөг аваагүй” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх тухайн мөнгө хүлээн авсан баримтыг өөрөө үйлдснээ хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 20,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан, мөн нэхэмжлэгчид 4,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2. Анхан шатны шүүх мөнгө хүлээн авсан баримтын дагуу талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар 5,000,000 төгрөгийн хүү тохиролцсон гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Талуудын хооронд үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгө авсан баримт” гэх баримтад тусгасан “20,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөг болгож өгнө” гэдэг тохиролцоог хүү тохиролцсон гэж үзэхгүй.
Учир нь 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 1 сарын хугацаанд 5,000,000 төгрөг буюу 25 хувийн хүү авахаар талууд тохиролцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй хүчин төгөлдөр бус байх тул уг хүүгийн тохиролцооноос эрх зүйн үр дагавар үүсэхгүй, нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
5.3. Зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөгөөс хариуцагч *******ын шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг хасч тооцоход нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөг шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******аас 16,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/06001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 16,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ