2019 05 29 2019/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг
-насанд хүрээгүй хохирогч Б.Нямдорж
-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягаан
-насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.Н-т холбогдох эрүүгийн 1934001690152 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ш овогт Б.Н-т /РД:___01241710/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг сумын төвд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 14 нас 08 сар 24 хоногтой буюу насанд хүрээгүй Болорболдын Нямдоржийг ном авчирч өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун духны дэлбэнгийн урд тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Н “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нямдорж нь ном авчирч өгөөгүй би биологийн арын өрөөнд цаг гаран хүлээсэн. Байранд ирсэн чинь Нямдорж таавчигтайгаа явж байсан. Тэгээд Болдбаярын тасаг руу орж бай гээд араас нь ороод зодсон. Гар луу нь 3-4 удаа цохисон. Зүүн талын гуя руу нь өшиглөөд нэг удаа өвдөглөсөн. Хүзүүний зүүн арын хэсэг рүү нь гараараа цохисон. Зүүн гар нь эргэсэн. Тонгойгоод сонин болоод байсан. Дээшээ татаад үзсэн чинь юм ярихгүй байсан. Орон дээр хэвтүүлэхэд ухаан алдсан” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдорж: “Тухайн өдөр ангиасаа гараад явж байхад Б.Н ах гарч ирээд байрнаас 9 дүгээр ангийн ном аваад ирсэн гэсэн. Доошоо буугаад багштай уулзаад ангийнхантайгаа байж байгаад нөгөө номыг нь мартсан байсан. Байрандаа ороод явж байтал Б.Н ах гаднаас ороод ирсэн. Нааш ир гэж дуудаад Болдбаяр ахын өрөөнд орсон. Тэгээд өшиглөөд, цохиод хөл рүү өшиглөөд тэгээд цээжрүү нэг цохисон. Тэгээд санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр би сэрсэн. Хажууд аав байсан. Гомдолтой байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягаан: “Би тэр үед хөдөө мал дээр байсан. Танай хүүхэд ухаан алдаад эмнэлэгт байна гэж ангийн багш нь хэлсэн. Орой ухаан ороогүй байсан. Аваад гэмтлийн эмнэлэгт ирээд аавтай нь орхиод би харьчихаад маргааш эргээд ирсэн. Нөгөөдөр орой нь ойр зуурын юм хэлж эхэлсэн. Эмнэлэгт 7 хоног эмчлүүлээд эх нялхсын мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд тэнд 5 хоноод хэвтэж эмчлүүлээд гарсан. Эмнэлгээс гарахад хараа нь муудсан байна гэж хэлсэн. Харааны шил таруулаад ирсэн. Доргилт гэмтлээс болоод хасах 5-аар муудсан байна гэсэн. Одоохондоо зүүгээд байж бай гэсэн. Би 1 370 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. 1 500 000 төгрөгийг нэхэмжилсэн өгсөн. Хүүхдээ үзүүлж дуусаагүй. Тархины эмчилгээ учраас цаашид төлбөр гарах болно гэж хэлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягааны мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн №133 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, шүүгдэгч Б.Н-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, Болорболдын мэдүүлэг /26-27 тал/, гэрч Д.Үүрцайхын мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Э.Атарцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, шүүгдэгч Б.Наранбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/, шүүгдэгч Б.Наранбаяр, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдорж нарын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 71-72, 53-54 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Н-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг сумын төвд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 14 нас 08 сар 24 хоногтой буюу насанд хүрээгүй Болорболдын Нямдоржийг ном авчирч өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун духны дэлбэнгийн урд тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
- Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн “...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр...Н таарахад надаас 9 дүгээр ангийн Биологийн ном асуухаар нь би надад биологийн нм байхгүй гэж хэлэхэд чи хурдан яваад ангийнхаа хүүхдүүдээс биологийн ном олоод ир гэж хэлэхээр нь би дугаралгүй бууж Болормаа багшийн өрөөнд орж тэмцээнийх нь хөтөлбөртэй нь танилцчихаад анги руугаа орохдоо нөгөө асуугаад олоод өг гэсэн номыг нь асуухаа мартчихаад сургуулийнхаа дотуур байранд очиж өөрийнхөө өрөөнд орж хувцасаа сольчихоод өрөөнөөсөө гараад иртэл Наранбаяртай сургуулийн дотуур байрны коридорт тааралдахад намайг нааш ир дээ чи муу яасан хэгжүүн пиздаа вэ гээд өөрийнхөө өрөө рүү намайг оруулж өшиглөх гэхээр нь би өрөөнөөс нь зугтаагаад гүйн гартал тэдний ангийн Болдбаяртай өрөөнийх нь үүдэнд таарсан ба араас Б.Н гарч ирээд тэр хоёр намайг Болдбаярын өрөө рүү авч ороод Б.Н намайг зодох гээд надруу дайрсан “би энэ муу пиздаг номонд явуулсан чинь их пээдгэр байна лээ” гээд надруу дайрч намайг өшиглөх гэхээр нь би арагшаагаа ухарич пааранд тулхад Б.Н хөлөөрөө миний зүүн талын гуя шилбэ хэсэг рүү ойролцоогоор таваас зургаан удаа өшиглөсөн, тэр үеэс нь би өөрийгөө хамгаалах гээд л гараараа түүний хөл гарыг нь хамгаалаад байсан, тэгтэл “чи муу гараараа хаалаа” гэж хэлж байгаад баруун гараараа миний цээжин хэсэг болон аймхай хэсэгрүү хоёр гурван удаа маш хүчтэй цохиод хөлөөрөө нэг удаа цээжин хэсэгрүү өшиглөсөн, тэгээд өрөөнд нь байдаг хувцасны төмөр шкафны хажууд аваачиж байгаад миний баруун хөлний гуя, шилбэ хэсгүүдрүү 4-5 удаа өшиглөсөн хоёр гараараа бас миний хоёр гарын булчин хэсэгрүү ойролцоогоор 10 орчим удаа цохисон, тэгээд би толгойгоороо хувцасны төмөр шкаф мөргөтөл Наранбаяр намайг “чи муу сейф мөргөж дуугараад байна ш дээ пизда минь чамайг ахиж мөргөвөл ална шүү” гээд тэр төмөр шкафнаас холдуулж байгаад баруун хөлөөрөө миний зүүн талын булчин хэсэг рүү хөлөөрөө нэг хүчтэй жийхэд би толгойгоор төмөр шкафыг очиж мөргөж газар унахад миний хойд талаас Болдбаяр ах намайг татаж босготол Б.Н гараараа миний хүзүүний зүүн урд хэсэгт гарынхаа алганы хажуу талаар нэг гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон, тэр үеэр толгой эргээд нүд харанхуйлаад байж байтал гараараа миний цээжин хэсэгрүү нэг удаа цохих шиг болсон, тэгээд ухаан алдаад юу болсныг санаагүй, нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон...2019 оны 01 дүгээр сард Б.Н ах намайг сургуулийн дотуур байрны 00-ын өрөөнд угаалгын машинд ус халаагаад хийгээдэх хувцасаа угаана гэж хэлээд тэр үед нь би хөдөө гэрлүүгээ явах гэж байгаагаа хэлээд өөрийнхөө өрөө рүү ортол миний араас орж ирээд миний хөл булчин гарын хэсэг рүү ойролцоогоор арав орчим удаа өшиглөөд хацар луу маань хоёр удаа алгадсан...Б.Н намайг өшиглөөд байхад би төмөр шкабыг хоёр удаа толгойн баруун дух хэсгээрээ мөргөсөн...Б.Н хөлөөрөө өшиглөөд би урагш унахдаа мөргөх үед тэр төмөр шкаф дугараад байсан чинь Б.Н надруу дахин ойчоод шкаф дугаргаад байвал ална шүү гэж хэлээд байсан юм. Одоо миний толгой өвдөөд толгой дотор юм гүйгээд байгаа юм шиг болоод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
- Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн гэрчээр мэдүүлсэн: “...Б.Н баруун хөлөөрөө миний зүүн талын гуя, шилбэ, хэсэгрүү 5-6 удаа өшиглөсөн, тэгээд би гараараа хөлийг нь хааж өөрийгөө хамгаалах гэтэл чи муу гараараа хаалаа гээд миний хэвлий, аймхай хэсэгрүү гараараа гурван удаа хүчтэй цохиж хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд хувцасны төмөр шкафны хажууд аваачаад...Б.Н ах миний баруун хөлний гуя, шилбэ хэсэгрүү 4-5 удаа өшиглөсөн. Хоёр гараараа миний баруун зүүн гарын булчин хэсэг рүү ээлжлэн ойролцоогоор 10 орчим удаа цохисон. Тэр үед би толгойгоороо хувцасны төмөр шкаф мөргөж дугаргахад намайг Б.Н “чи сейф мөргөж дугаргаад байна ш дээ чамайг ахиж дуугаргавал ална шүү” гээд мөн гараараа миний хүзүүний хажууд талаас 2-3 удаа цохичихоод хамгийн сүүлд нь миний аймхай хэсэгрүү хүчтэй цохиход би ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 тал/
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягааны “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим манай хүү Нямдоржийн ангийн багш Нэргүй манай гэрлүү утсаар залгаад хүүхэд чинь ухаан алдчихаад сэргэхгүй сумын эмнэлэгт байна, хурдан ир гэж хэл дуулгасан, тэгээд нөхөр бид хоёр ...сумын эмнэлэг дээр ирсэн чинь манай хүү Нямдорж ухаангүй байсан, сумын эмч тархи толгойдоо гэмтсэн юм шиг байна гэж ар гэрт нь хэлсэн, тэгээд гэмтлийн эмч үзээд тархинд цус хуралт үүссэн байна яаралтай хэвтэх шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, 3 дахь өдрөө манай хүүхэд юм ярьж эхэлсэн, “Б.Н намайг ном авчир гээд байсан би за ч гээгүй, үгүй ч гээгүй тэгээд байрандаа байж байтал араас ирээд өрөөндөө оруулж байгаад намайг хөлөөрөө өшиглөж цохисон гэж хэлсэн...манай хүүхэд тархины хагалгаанд ороогүй, шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн, одоо манай хүүхдийн толгой нь дүүрээд нүд нь бүрэлзээд бөөлжис цутгаад байгаа бүрэн дүүрэн эдгэрсэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
- Гэрч Д.Болдбаярын “Тэр өдөр... Наранбаяр...манай өрөөнд орж ирээд Нямдорж руу чи яагаад ном авчраагүй юм гээд уурлаж дайраад хоёр гараараа Нямдоржийн баруун болон зүүн гарынх нь булчин хэсгүүд рүү нь гурав дөрвөн удаа цохихыг нь би харсан, тер үед манай өрөөний хувцасны төмөр шкаф дугарахад Нямдоржийг төмөр шкафнаас холдуулж орны хажууд зогсоогоод хөлөөрөө Нямдоржийн гуя хэсэгрүү нь нэг удаа өшиглөж ахиад нэг удаа өвдөглөсөн, тэгээд Б.Н зүүн гараараа Нямдоржийн аймхай хэсэг буюу цээжнийх нь доод хэсэгт хүчтэй цохиход Нямдорж юу ч дугарахгүй тонгойчихоод суугаад байсан...Б.Н түүнийг татаж босгож орлуу суулгатал амнаасаа зогсуулж байгаа юм шиг сонин авиа гаргахаар нь Наранбаяр намайг хараад байж бай би утсаар яриад ирье гээд гарсан, тэгтэл Нямдорж амьсгаа авахдаа зүгээр авчихаад амьсгаагаа гаргахдаа хахаж цацаж байгаа мэт байж байгаад 1 минут орчмын дараа гэнэт бие нь суларсан бололтой толгойгоо хажуу тийшээгээ унжуулан ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
- Гэрч Л.Болорболдын “...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр...сумын эмнэлэг дээр ирэхэд миний хүү Нямдорж нүд нь харж байгаа мөртлөө бид хэдтэй юм ярихгүй байсан, тэгээд сумын эмнэлгээс Улаанбаатар хотруу авч явах шаардлагатай гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр хүүхдээ аваад сумын эмнэлгээс бас нэг эмч аваад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр очиход шууд хэвт гэсэн, тэгээд Хүүхдийн тасагт 7 хоног хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
- Гэрч Д.Үүрцайхын “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...14 цаг 05 минутанд сургуулийн дотуур байранд сумын эмнэлгээс эмч ирсэн тэгэхэд л юун зодоон болоод явчихваа гэхэд Нямдоржийг Б.Н зодоод ухаан алдуулчихсан гээд Атарцэцэг сургуулийн дотуур байранд ирж Нямдоржийг эмнэлэгрүү аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 тал/
- Гэрч Э.Атарцэцэгийн “Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд 13 цаг 50 минутын орчимд өөрийнхөө ажпын өрөөнд сууж байхад сургуулийн сурагч Б.Н, Болдбаяр хоёр миний өрөөнд орж ирээд “сургуулийн дотуур байранд сургуулийн хүүхэд ухаан алдчихлаа” гэхээр нь эмчийн яаралтай тусламжийн багаж хэрэгслээ аваад...сургуулийн дотуур байранд очсон, тэгэхэд...нэг давхарын нэг өрөөнд ороход Нямдорж гэх хүүхэд өрөөний хоёр давхар орны доот талын орон дээр нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, тухайн үед өвчтний байдал хүндэвтэр, орчиндоо харьцаагүй, хүүхэн хараан гэрлийн урвалд хоёр талд сул, даралт 90x60, зүрхний цохилт минутанд 115 удаа, уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, амьсгал олширсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
- Шүүгдэгч Б.Н-ын гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...би кабинетаас гартал 9 дүгээр ангийн манай сургуулийн дотуур байранд амьдардаг Нямдорж гэдэг хүүхэд зогсож байсан, тэгэхээр нь түүнтэй уулзаж “ахын дүү дотуур байрлуу яваад өөрийнхөө биологийн номыг аваад ир гэж хэлтэл за гээд явсан, тэгээд би Амаржаргал багшийн өрөөнд тэр хүүхдийг хүлээгээд ирэхгүй болохоор нь 13 цагийн орчим сургуулийн дотуур байранд очтол коридорт Нямдорж гадуур хувцасгүй, таавчигтай зогсож байхаар нь би очоод “чи нөгөө номоо яасан бэ" гэхэд мартчихаж ээ” гэж хэлэхээр нь “чи чинь одоо юу гэсэн үг юм бэ хүн чамайг ном аваад ир гэхэд чи за гээд яваа биз дээ” гэхэд “ер нь би ном аваачиж өгөх албатай юм уу” гэж хэлэхээр нь чи Болдбаярын тасагт ороод байж бай гээд цүнхээ тавьчихаад Болдбаярын өрөөнд ороход Нямдорж хувцасны төмөр шкафны хажууд зогсож байсан...Нямдорж дээр очиж түүний хоёр гарынх нь булчингийн гадна талруу нь өөрийнхөө баруун зүүн гараар ойролцоогоор дөрөв таван удаа, баруун гараараа Нямдоржийн хүзүүнийх нь зүүн хойд талын хэсэгрүү тус бүр нэг нэг удаа цохиход төмөр шкаф мөргөж дугарахаар нь би шкаф битгий дугаргаад бай гэж хэлсэн, тэгээд зүүн хөлөөрөө баруун талын гуя хэсэгт нь нэг удаа өшиглөж нэг удаа өвдөглөсөн. Тэгээд зүүн гараа зангидаж байгаад Нямдоржийн аймхай хэсэгт нь нэг удаа цохиход Нямдорж тонгойчихоод үг хэл дугарахгүй нүд нь нээлттэй сонин байдалтай 4-5 орчим минут болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
- Шүүгдэгч Б.Н-ын яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн яг хэдэн цагийн орчимд байсныг санахгүй байна...”би Нямдоржийн хоёр талын мөрлүү нь хоёр гараараа 4-5 удаа цохисон тэгтэл Нямдорж Болдбаярын өрөөний орны хажуу шкафыг биеэрээ налаад дугаргаад байхаар нь би хол зогс гээд төмөр шкафнаас холдуулсан, тэгээд би Нямдоржийн шилэн хүзүүний арын хажууруу нэг удаа гараараа алгадаж цохисон, тэгээд би зүүн гараараа элэгдэж цохисон, тэгсэн Нямдорж тонгойсон байдалтай эсэргүүцэл үзүүлэхгүй зогсоод байхаар нь Нямдоржийг орон дээр суулгасан, Нямдорж нь сонин байдалтай нүүр царай нь цайчихсан амьсгаа нь гацаатай гараад байхаар нь орон дээр хэвтүүлээд Болдбаярыг харж байгаарай гэж хэлээд...шууд сумын эмнэлэгт гүйж очиж хэлэхээр гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
- Шүүх эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №133 дугаартай “Б.Нямдоржийн биед баруун духны дэлбэнгийн урд тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
- Шинжээч эмч И.Ганболорын “Нямдоржийн биед учирсан баруун духны дэлбэнгийн урд тархины эдэд няцрал, субарахнойдал зайн цус харвалт гэмтэл нь хүний тархи толгой хүчтэй доргилт авах, хатуу гадаргуутай зүйл цохиж, мөргөх эсхүл савагдах үед үүсэх боломжтой. Субарахнойдал гэдэг нь тархины ховдол, зай гэсэн утгатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн онош /хх-ийн 39-40 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60 тал/
- Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдорж болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ягаан нарын гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 76-83,116 тал/
- Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 87-96 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн биед “баруун духны дэлбэнгийн урд тархины эдэд няцралт, субарахнойдал зайнд цус харвалт“ гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Н-ын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Нямдорж болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ягаан нар нь баримтаар хохирлын 1.066.520 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн шатанд хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Н-т гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэл ял оногдуулах дүгнэлтийг,
-насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: “Хэрэг үйлдэх үедээ өсвөр насны хүүхэд байсан. Улсын яллагчтай санал нэг байна” гэх саналыг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “шүүгдэгч Б.Н-ыг гэм буруутайд тооцогдож байгаа ч гэсэн хүмүүжүүлэх ялын зорилго байх ёстой. Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хуулийн зорилго хангасан ял шийтгэлийг хангасан нь зүйтэй байх. Б.Н нь одоо 12 дугаар ангийн хүүхдийн амьдралын алтан босгыг хутганы ир дээр аваачиж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Өсвөр насны хүүхдүүдийг энэ үе дээр нь тодорхой хугацаагаар биш торгуулийн арга хэмжээ авч өгөөч” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын “...торгуулын ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 нас 10 сар 26 хоногтой байсан хэдий ч 2019 оны 05 дугаар сарын 29-ний байдлаар 18 нас хүрсэн, одоо 12 дугаар ангид сурдаг, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Ш овогт Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Ш овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овогт Б.Н-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш овогт Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н нь насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржид хохирлын 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдоржийн цаашид гарах эмчилгээний зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэжмлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.