| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01214/И |
| Дугаар | 210/МА2025/01565 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01565
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05865 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 44,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* гэх эмэгтэй нь манай байранд амьдардаг байсан бөгөөд бид зүс таних хүмүүс байсан. Улмаар 2023 онд танилцаж 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд уулзаж байсан.
1.2. ******* нь надаас хавдрын дараах эмчилгээний эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэх шалтгаан хэлж удаа дараа мөнгө гуйдаг байсан бөгөөд буцааж өгнө гэж хэлдэг байсан тул итгэж, тус болох үүднээс мөнгө зээлдэг байсан.
Гэвч ерөөсөө буцааж өгөөгүй. Энэ хугацаанд миний бие *******д зөвхөн дансаар шилжүүлэн зээлүүлсэн төлбөр 5,690,000 төгрөг бөгөөд баримтгүйгээр олон удаа тусалж дэмжиж байсан.
1.3. 2023 оны 08 дугаар сард ******* нь “машин худалдаж авах гэсэн юм, өөрийн гэсэн унаатай болохгүй бол хэцүү байна, найздаа машин олоод өгөөч, гэхдээ яг одоо мөнгө бэлэн байхгүй байгаа юм, удахгүй найзаасаа мөнгө авна, чи надад хэдэн төгрөг зээлээд, машин олоод өгөөч, болохгүй бол өөрийн нэрээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаад өгөөч, чиний мөнгийг удаахгүй өгнө, найзаасаа 10 дугаар сард мөнгөө авчихна, асуудалгүй” гэж гуйгаад байхаар нь түүнд итгэн зөвшөөрсөн.
1.4. Автомашин зардаг ******* гэдэг залуутай холбогдож “манай нэг танил машин авах гэж байгаа юм. Машин олоод өгөөч гэсэн юм. Гэрээг нь найз нь хийчихье, одоохондоо мөнгө байхгүй гэсэн болохоор найз нь эхлээд төлөөд дараа нь мөнгөө авчихъя” гэж ярьсан бөгөөд түүнээс 40,000,000 төгрөгийн үнэтэй, 2015 оны Кровн маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрөө төлөөд машинаа аваарай гэсэн.
1.5. ******* нь өвчинтэй зовлонтой хэцүү байна, найз нь удахгүй мөнгийг нь өгчихнө гэсэн учир түүнд итгэн урьдчилгаа болгож миний бие өөрийн ******* дугаарыг барьцаалан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад *******ын ******* дугаарын ХААН банкны дансанд шилжүүлээд машиныг худалдан авахаар болж, Кровн маркийн автомашиныг *******гийн нэр дээр шууд шилжүүлж өгсөн.
1.6. Тус тээврийн хэрэгслийн үлдэгдэл мөнгийг ******* “цаашид төлж дуусгана, мөн урьдчилгаанд өгсөн миний мөнгийг өгнө” гэж хэлсэн ч ямар ч төлбөр төлөөгүй, ******* надаас үлдэгдэл мөнгөө нэхэх болсон тул автомашиныг худалдан авах ажиллагааг миний бие хийсэн учраас *******д 34,840,000 төгрөгийг дансаар, 5,160,000 төгрөгийг бэлнээр цувуулж төлсөөр дуусгасан.
1.7. Иймд хариуцагч *******гээс зээлийн төлбөр 5,690,000 төгрөгөөс буцааж шилжүүлсэн 700,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,990,000 төгрөг, автомашины төлбөр 40,000,000 төгрөг, нийт 44,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь манай нөхөртэй академийн ангид нэг ангид сурч байсан, бид нэг хороололд амьдардаг байсан учраас гэр бүлийн найзууд болсон. Надтай холбогдоход нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тархины хавдар авхуулсан, биеийн байдал муу, нөхрөөсөө салаад 3 хүүхдийнхээ хамт гэртээ байдаг гэдгээ хэлсэн. Түүнийг 2021 оноос хойш байнга чат бичдэг байсан болохоор нь гэр бүлээсээ салсан гэдэгт итгэж байсан бөгөөд амьдралдаа нэг удаа алдсан учраас ахиж алдахгүй гэж хоорондоо ярилцдаг байсан.
2.2. Тухайн үед туяа эмчилгээ хийлгэдэг байхад ******* нь барилга дээр ажил ихтэй байна, нааш цааш нь зөөгөөд байж чадахгүй, өөрийгөө хариуцлагагүй, уучлаарай гэж хэлж байсан. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бие өвдөж эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн болсон гэдгээ мэдсэн, эмч хавдар бүрэн эдгээгүй, туяа эмчилгээнд орж байгаа тул жирэмсэлж болохгүй гэсэн тул ******* бид ярилцаад үр хөндүүлсэн.
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт хяналтад орсон, нүүрний саажилтад давхар зүү тавихаар болсон үед ******* нь эмнэлгээр байнга нааш цааш нь дагуулаад явж чадахгүй байгаа болохоор машин авч өгнө гэж хэлсэн. Тухайн үед би найз залуудаа баярлаж байсан, бидний харилцаа хэвийн байсан.
2.3. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *******ийн эхнэр н.******* над руу залгаад “Чиний талаар *******ийн утсан дээрээс мэдсэн, надад бүх зүйлээ хэлсэн, бид наймаа хийж, өрөнд орж, надад гар хүрсэн учир 2017 онд салсан, тэгээд намайг гуйсан учир гэртээ буцааж ирсэн. Бид 2 хүүхдийн хамт дөрвүүлээ амьдарч байна” гэж хэлсэн.
2.4. ******* нь “намайг дөнгөж таних төдий, машин авхуулаад мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөхгүй залилсан” гэж өргөдөл өгсөн гэдгээр цагдаагийн газарт дуудагдсан. Цагдаагийн газарт болсон бүх зүйлийг хэлээд өөрт байсан бидний хоорондоо болон түүний эхнэр н.*******той харилцсан чатыг гаргаж өгснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг машиныг ******* надад бэлэглэсэн, түүнийг гомдоосон үйлдэл гаргаагүй гэж бодож байна.
2.5. Түүнээс гадна бидний хооронд ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх талаар ярьсан зүйл байхгүй. Тэрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр амьдрал хайр дээр гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3 хүүхдэд бэлэг гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн, тэрээр миний 3 хүүхдийг таньдаг байсан. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэг рүү хамтдаа явж байгаад хоол идье, чиний данс руу мөнгө шилжүүлье гээд 100,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдрийн дараа д гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн.
Амралтад хамт явахад ах нь хамт явсан ба карт байхгүй гээд миний данс руу мөнгө шилжүүлээд амралтын газрын тооцоог хийлгээд хоол, хүнс, уух зүйлс авсан. 2023 оны 08 дугаар сарын 27-ны 300,000 төгрөгийг хэрэглээнд гэсэн утгатай мөнгө шилжүүлснийг хамтдаа үрцгээсэн. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 800,000 төгрөгийг з утгатай мөнгө шилжүүлсэн бөгөөд үр хөндүүлж байхад гадаа байсан учраас төлбөрийг шилжүүлсэн юм.
Миний бие 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 200,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс гадна бид эхнэр, нөхөр болно гэж бодож байсан учраас нэг нэг рүүгээ мөнгө шилжүүлдэг байсан. Гүйлгээний утга дээр нэг хуудас байхгүй байна. Энэ хуудсанд би ******* руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ байх ёстой. Өвөл болж байсан учраас гаражийн төлбөр 1,500,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хамрын хийд явахдаа замын бензин, хоол, хүнс, буудлын мөнгө, вискиний мөнгө гэж шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр д гэсэн утгатай 150,000 төгрөгийг хүүхдүүдэд бэлэг гэж шилжүүлсэн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ханиад хүрсэн, өвчин намдаагчийг Багшийн дээдэд байдаг аптек эмчийн бичиггүй өгдөг болохоор аваад ирээч гэсний дагуу түүнийг гэрт нь аваачиж өгөөд буцаад гэр лүүгээ авахад таксины мөнгөгүй болсон. Тэгээд ******* 50,000 төгрөг шилжүүлсэн юм. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* өөртөө ажлын гутал авахдаа миний данс руу 500,000 төгрөг шилжүүлээд гутлаа авсан.
2.6. Иймд *******оос мөнгө зээлж авсан гэдэг нь худлаа бөгөөд бид хоёр хосын харилцаатай байсан, миний хувьд бэлэглэгчийг гомдоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 37,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,710,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 344,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос зээлээр аваагүй, бэлэглэлийн журмаар авсан үндэслэлээ нотлох үүрэгтэй. Тус хэрэгтэй холбоотойгоор хариуцагч ******* нь цагдаагийн газар гомдол гаргаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус баримтыг гаргуулах хүсэлт анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэлгүй байна.
Хэрэв тухайн үед гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд маргаан бүхий тээврийн хэрэгслийг бэлэглэлийн журмаар хариуцагчид өгсөн үйл баримтыг нотлох боломжтой байсан учир хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
4.2. Нэхэмжлэгч нь *******ын данс руу 08 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн төлбөр утгатай 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийн төлбөр утгатай 2,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 12-ны өдөр машины үлдэгдэл төлбөр утгатай 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн төлбөр утгатай 2,210,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр Д гэсэн утгатай 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 12-ны өдөр Д гэсэн 630,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 6 удаагийн төлбөр шилжүүлсэн баримтаас 4 нь тээврийн хэрэгслийн төлбөр байх ба үлдсэн 2 гүйлгээний баримт нь Д гэх утгатай буюу тээврийн хэрэгслийн төлбөрт хамааралгүй. Анхан шатны шүүхээс тус баримтыг үнэлэхдээ *******ын данс руу шилжүүлсэн нийт 6 төлбөрийн баримтыг тээврийн хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Мөн шүүхээс *******ын гараар бичиж шүүхэд өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн атал Д гэсэн утгатай шилжүүлсэн баримтыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т нийт 2,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэрэглээнд гэсэн утгаар 390,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гараж төлбөр гэсэн утгаар 1,500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр такси гэсэн утгаар 50,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гутал төлбөр гэсэн утгаар 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дээрх шилжүүлгийн төлбөрийг зээл хэмээн үзэж нэхэмжилж байгаа явдал үндэслэлгүй. Ямар зориулалтаар хэрхэн ашиглаж байгааг зааж өгч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч хариу тайлбарыг 2025 оны 02 дугаар сард гаргасан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан хариуцагчаас шалтгаалж 2 удаа хурал хойшилсон.
5.2. Хариуцагч өөрийн хариуцлагагүй нөхцөл байдлаас үүссэн асуудлыг шүүх буруутай хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс хариуцагчид хангалттай хугацаа олгож, түүнийг эдлэх эрхээр хангасан. Хариуцагч үүргээ биелүүлээгүй хэр нь шүүх эрх хангаагүй, хүсэлт шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй нөхцөл байдал байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж хариуцагчийн эдлэх эрх нээлттэй байсан.
5.3. Энэ хэргийн агуулга нь хариуцагч ******* тээврийн хэрэгсэл авах зорилготой ба тээврийн хэрэгслийн үнийг ******* төлсөн бөгөөд тухайн төлбөрийг гаргуулах тухай маргаан. Талуудын хоорондын харилцаа буюу гэр бүл байсан эсэх тухайн хэрэгт хамааралгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн.
5.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өөрийн дансны хуулганы баримтыг шүүхэд гаргаж өгсөн. *******аас мөнгө авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
Тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа авсан бөгөөд лавлагаагаар хэний нэр дээр байсан, хэн рүү шилжүүлсэн үйл баримт тодорхой харагдана. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл *******аас *******гийн нэр дээр шилжсэн байх ба *******гээс гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн.
Нэхэмжлэгчээс *******ын данс руу шилжүүлсэн мөнгө нь тээврийн хэрэгслийн төлбөр болохыг хариуцагч өөрөө нотолдог учир анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 44,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь “зээлийн төлбөрт 5,690,000 төгрөг гаргуулахаас хариуцагчийн буцаан төлсөн 700,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,990,000 төгрөг, автомашины төлбөр 40,000,000 төгрөг, нийт 44,990,000 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
4. Анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан “шинжээч томилуулж, автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгох, нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах” тухай хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас баримтыг шүүхийн журмаар гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу зохигч өөрөө бүрдүүлэх боломжгүй гэж үзэхээргүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байна.
Нэхэмжлэгч ******* нь “хариуцагч ******* нь намайг залилж мөнгө авсан, автомашин худалдан авна гэж надаар төлбөрийг нь төлүүлчхээд мөнгөө өгөхгүй байгаа талаар цагдаагийн газар гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн” гэж, хариуцагч ******* нь “уг автомашиныг надад бэлэглэсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг дотор авагдсан баримтаар тогтоогдоно” гэж тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
5. Энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Прокурорын ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хэрхэн дүгнэж хааж шийдвэрлэсэн, зохигч талууд ямар баримт гаргаж өгсөн болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул энэ үйл баримтыг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ