| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/07931/И |
| Дугаар | 210/МА2025/01638 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01638
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07577 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 312,924.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 312,924.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
4. Хариуцагч нь “*******” ХХК-аас зээл аваагүй, утсаа алдсан байсан гэж маргаж байх боловч талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №******* дугаартай Цахим зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгчийн Голомт банк дахь харилцах данс *******-т шилжүүлснээр олгосонд тооцно” гэж заасан, уг харилцах данс нь түүний өөрийнх нь данс мөн, зээлийн дүн болох 250,000 төгрөг уг дансаар орж ирсэн талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул “*******” ХХК зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, хариуцагч нь уг зээлийг өөрөө аваагүй, утсаа алдаж, өмнөөс нь гуравдагч этгээд зээл авсан гэдэг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг, мөн нотариатын зардалд нэхэмжилсэн 5,000 төгрөгийг хариуцагчаас хохиролд тооцон гаргуулж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хохиролтой холбоотой заалтуудыг баримтлаагүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримталсан нэмэлт өөрчлөлт оруулна.
8. Шүүх нэхэмжлэлд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч *******т нэхэмжлэлийн хувийг гардуулж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч ******* нь хариу тайлбараа нотолсон баримт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад товлосон шүүх хуралдаанаас хоцорсонд шүүхийн буруутай үйл ажиллагаа байхгүй байх тул “надад эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, шүүгчийн туслахад хойшлуулах хүсэлт гаргаж 10 минут хоцорч ирэхэд хурлаа хийсэн. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ