Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 165

 

2019           06             03                                            2019/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагчаар Б.Эрхэмбаяр,

-иргэний хариуцагч Д.Ширнэндорж

-хохирогчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль

-шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг

-шинжээч эмч Э.Эрхэмбаяр, шинжээч Х.Мөнх-Эрдэнэ

-шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ЧО-д холбогдох эрүүгийн 1834007660477 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тээвэр ачлал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, охины хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо 27-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Ч.О /РД:___68120291/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3.б дэх заалтыг зөрчиж хурд сааруулагч дээр донсолсны улмаас хохирогч Б.Банзрагчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч: “Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Багануурын чиглэлд хүн тээвэрлээд ажлаа хийж явсан. Хохирогч Б.Банзрагч намайг билет шалгах үед өөрийн суудал дээрээ сууж явсан. Хэзээ суудлаа солиод хойшоо явсан гэдгийг би мэдэхгүй байна. Би зорчигч нарт автобус хөдлөхийн өмнө бүсээ бүсэл гэж хэлсэн. Мөн суудлын ард сануулга байдаг. Би цаанаас тогтоосон хурдаар явж байсан. Хурд хэтрүүлж болдоггүй цаанаас нь хянаж байдаг” гэв.

Иргэний хариуцагч: “2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Багануурын 1 дүгээр ээлж 11 цаг 00 минутаас  хөдлөх автобусыг манай компаний жолооч Ч.О барьж очоод машинаа шалгуулсан. Тухайн үед 19 хүн бичигдсэн байсан. Тухайн автобус гарахад тухайн компанийн тээвэр зохицуулагч, шалгах механик, вокзал дээр гарч байгаа талбайн тээвэр зохицуулагч, улсын байцаагч зэрэг олон бүрэлдэхүүнтэй бүх гарч байгаа автобусыг шалгаж гаргадаг. Манай байгууллагад үндэсний төвөөс бүх автобусанд тавьж өгсөн флаш байдаг. Автобус хөдлөхөд заавал санамж бичиг гарч сануулж байж хөдөлдөг журам дүрэмтэй. Энэ дүрэм журмын дагуу 19 хүнийг нь суулгаад бүс зүүхийг сануулаад замын хуудсыг нь тамгалж өгөөд хүнийхээ тоог өгөөд автобусыг явуулсан. Ийм учраас компанийн зүгээс зөрчил гаргаагүй, автобусны бүрэн бүтэн байдлыг хангасан учраас хохирол төлбөр хариуцахгүй, жолооч ч гэсэн мөн адил” гэв.

Шинжээч эмч Э.Эрхэмбаяр: “Би 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт 3 давхар 301 тоотод Б.Банзрагчид гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тухайн үзлэг хийх үед бие хэвийн, ухаан санаа саруул, ил харагдах гэмтэлгүй, хэвтрийн байдалтай байсан. Тэгээд томограф хийсэн зурагтай танилцахад бүсэлхий L2 нугалам их бие шахагдсан хугаралтай. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан...L2 нугалам Бүсэлхийн доод хэсэгт байрладаг. L2 нугалам нь өөрөө тодорхой хэмжээнд хөдөлгөөн хийж байдаг. Тийм учраас гаднын хүчин зүйл нөлөөлж зохигдох юм уу, дарагдах, шахагдах үед хугарал үүсэж байдаг...Удаан хугацаагаар гэдэг нь 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэхийг хэлдэг. Хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Бороолж эдгэсэн тохиолдолд босож явах боломжтой... Манай шүүх эмнэлгийн журамд 4 долоо хоногоос дээш хугацаанд L2 нугалмын хугарал эдгэрнэ. Ийм учраас 6 сарын хугацаанд энэ гэмтлээс болоод өвдөөд байгаа юм уу, өөр зүйлээс болж өвдөөд байгаа юм уу гэдгийг мэдэхгүй. Журамд бол 4 долоо хоногоос дээш хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой, бороолоод өөрт нь ямар нэгэн зовуурь байхгүй...5 кг дээш хүнд юм өргөж болохгүй шүү гэж хэлдэг...Бүсэлхийн L2 нугалмаас өөр эд эрхтэн гэмтээгүй байсан...хохирогч Б.Банзрагч өөрөө би автобусанд сууж явахад донсолсны улмаас гэмтсэн гэж надад хэлсэн. Тухайн автобус донслох үед автобусны эд ангиар зохигдох боломжтой гэмтэл...Шахагдсан хугарал гэдэг нь юманд зохигдсон тохиолдолд юм уу, дарагдах үед үүсдэг. Тухайн үед хохирогч бүс зүүгээгүйн улмаас юманд зохигдсон байх боломжтой...Байнга хэвтрийн дэглэмд байх шаардлагагүй...Бороололт бол 4 долоо хоногоос дээш хугацаанд бүрэн бороололт үүсэж эхэлдэг. Бороололт дотроо янз янз байдаг. Хохирогчийн биед учирсан бороололт бол 4 долоо хоногоос дээш хугацаанд бүрэн бороолно. Тэгээд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Мөн тухайн хүний насны онцлогоос хамаарч янз янзаар бороолдог... Тогтонги алдалт гэдэг нь журамд гар хөлөө тайруулсан, хөл гар мэдээгүй болсон байхыг хэлдэг. L2 нугалмын гэмтэл бол тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Журамд 4 долоо хоногоос дээш гэж заасан. Яагаад одоо болтол хэвтэрт байгаад байгааг би сайн мэдэхгүй байна...” гэв.

Шинжээч Х.Мөнх-Эрдэнэ: “Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн хурдыг жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан. Энэ хэрэгт 45 хүний суудалтай автобус байсан, уг автобус нь 2 тэнхлэгтэй, хохирогч тухайн автобусны хамгийн ард сууж явсан. Хурд сааруулагчаар гарах үед автобусны хамгийн арын суудал дээшээ доошоо болох магадлалтай тул жолооч тухайн тээврийн хэрэгслийн онцлогт тохируулаад замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хурдыг сонгож явах ёстой. Энэ заалтыг жолооч зөрчсөн. Суурин газар нийтийн тээвэр 50 км цагийн хурдтай явах ёстой. Ийм учраас хурд сааруулагчаар гарахдаа 50 км дотроо өөрийн тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалж хурдаа сонгож 5 км юм уу 10 км цагийн хурдтай явах боломжтой байсан. Хурд сааруулагчийн өмнө 5 км цагийн хурдтай явна гэсэн тэмдэг тэмдэглэгээ байдаг... Хохирогч хамгаалагч бүс бүслээгүй зорчиж явсан нь энэ хэрэгт нөлөөлсөн.. Хамгаалах бүс бол тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар доргилт үүсэхээс хамгаалдаг. Учир нь суудалтай хамт бэхлээд өгдөг учраас доргиод суудлаас хөндийрөх нь бага... Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалт бол хурд хэтрүүлсэн гэсэн утгатай заалт биш юм. Зөвхөн тээврийн хэрэгслийн онцлог, замын нөхцөл байдал, хөдөлгөөний нөхцөлийг тааруулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалт юм... Жолооч хурдаа сонгож байж хурд сааруулагч дээр гарахдаа өөрийн тээврийн хэрэгслийн онцлогийг тооцож гарахад савлагаа үүсэхгүй байх боломжтой...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хавтаст хэргээс хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 тал/, хохирогч Б.Банзрагчийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч Л.Сарнаагийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Б.Төмөртогоогийн мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч Н.Шинэбатын мэдүүлэг /хх-ийн 30 тал/, гэрч Б.Ням-Очирын мэдүүлэг /хх-ийн 31 тал/, шинжээч Э.Эрхэмбаярын гаргасан №644 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 тал/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 36 тал/, Ч.Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25, 47-48 тал /, хохирогч Б.Банзрагчийн хохирлын баримтууд /хх-ийн 73-101, 137-138 тал/, өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 139 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн мэдүүлэг /хх-ийн 110-111 тал /, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 116 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, ажлаас чөлөөлөх тушаал, Б.Тэмүжингийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 140-144 тал/, гэмтлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 180 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 206-207 тал/ болон шүүгдэгч Ч.О-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд болно.

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3.б дэх заалтыг зөрчиж хурд сааруулагч дээр донсолгосны улмаас хохирогч Б.Банзрагчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 206 тал/
  • Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 тал/
  • Хохирогч Б.Банзрагчийн хохирлын баримтууд /хх-ийн 73-99, 137-138 тал/
  • Тээвэр ачлал ХК-ны шүүгдэгч Ч.О-той хийсэн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 214 тал/
  • Хохирогч Б.Банзрагчийн “...Тухайн өдөр 47-86 УБЗ улсын дугаартай автомашины хамгийн хойд талын 4 хүний суудалтай суудал дээр 2-лаа сууж явж байсан. Автобусанд талаас арай их хүн сууж явсан. Зөндөө сандал хүнгүй байсан. Би уг автобусны 19 дүгээр суудал дээр хувиартай байсан. Миний суудал цонх нь онгойхгүй байсан юм. Миний дотор муухай оргиод хамгийн хойд талын цонх нь онгойсон суудал дээр суусан юм. Автобус хөдлөх гээд жолооч билет шалгахад надад юм хэлээгүй болохоор нь тэр чигээрээ явсан юм. Би тэр хамгаалалтын бүс зүүгээгүй ер нь автобусанд хамгаалалтын бүс зүүсэн хүн байхгүй байсан...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24 тал/
  • Гэрч Л.Сарнаагийн “...Энэ өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явсан ба 11 цагийн үеийн Багануурын автобусанд сууж явсан. Тэгээд Багануур явж байх замд миний сууж явсан автобус Төв аймгийн Эрдэнэ сумын төвд хүн буулгах гээд зогсоход хойноос нэг ах нуруу эвгүй болчихлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд тэр ахыг эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 тал/
  • Гэрч Б.Төмөртогоогийн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү 11 цагийн автобусанд суугаад явсан юм. Сууж явсан автобусны улсын дугаарыг нь бол санахгүй байна. Шинэвтэр автобус байсан. Тэгээд Багануур явж байх замд Төв аймгийн Эрдэнэ сумын төвд байдаг хурд сааруулагчийн дээгүүр ширүүн гарсан ба Эрдэнэ сумын төвд байдаг автобусны буудал дээр уг автобус зогсоход хойноос нэг 50 гаран насны эрэгтэй хүн ёолоод сая хурд сааруулагчийн дээгүүр гарахад сандалнаасаа уначихлаа нуруу эвгүй болчихлоо гээд арын суудалнаас урагшаа ирсэн. Тэгээд тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Өөр надад мэдэж байгаа зүйл алга байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 тал/
  • Гэрч Н.Шинэбатын “...Энэ өдөр би Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү 11 цагийн автобусанд суугаад явсан юм. Тэгээд Багануур явж байх замд Төв аймгийн Эрдэнэ сумын төвд байдаг автобусны буудал дээр уг автобус зогсоход хойноос нэг 60 орчим насны эрэгтэй хүн сая хурд сааруулагчин дээгүүр гарахад сандалнаасаа уначихлаа нуруу эвгүй болчихлоо гээд арын суудалнаас урагшаа ёолоод хүрээд ирсэн. Тэгээд тэр хүнийг эмнэлэг хүргэж өгсөн. Тэр жолооч хурд сааруулагчин дээгүүр гарахад бага зэргийн донсолсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 тал/
  • Гэрч Б.Ням-Очирын “...Би энэ өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг орох гээд Багануурын 11 цагийн автобусаар явсан. Автобусанд 20 орчим хүн сууж явж байх шиг байсан. Миний сууж явсан автобус Төв аймгийн Эрдэнэ сумын төвийн автобусны буудал дээр зогсоход хойноос нэг 50 гаран насны эрэгтэй хүн нуруу болохоо больчихлоо гээд нуруугаа бариад ирсэн. Тэр ах сая хурд сааруулагчин дээгүүр гарахад газар нуруугаараа унаад нуруу гэмтчихлээ гэсэн. Ямар ч байсан хурд сааруулагчин дээгүүр гарахад донсолсон...” гэх мэдүүлэг, /хх- ийн 31 тал/
  • Гэрч М.Батгэрэлийн “...Тийм ээ би тухайн өдрийн болсон асуудлыг сайн санаж байна, харин ирсэн хүний нэрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нуруу хэсгээрээ маш их өвдөлттэй байна гэсэн хүн ирж байсан ба Эрдэнэ сумын замын хурд сааруулагчин дээр хамгийн арын сандал дээр сууж явахад донслоод нуруу эвгүй болчихсон гэж багцаагаар 50 орчим насны хүн ирж байсан ба өвчин намдаах эмчилгээ хийж автобустай хүмүүс нь олон хүн байсан учир явуулж байсан юм. Тэгээд өвчтөнг Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэж байсан санагдаж байна. Намайг эмчилгээ хийж байх үед гэмтсэн хүнээс огт архи үнэртээгүй эрүүл байсан ба их л өвдөлттэй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 112 тал/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжингийн “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Уулын баяжуулах үйлдвэрийн авто баазад автобусны жолооч ажил хийж байсан. Тэгсэн 2018 оны 09 сарын 26-ны өдөр аав Банзрагч маань надруу залгаад осолд ороод гэмтсэн гэж мэдэгдсэн, тэгэхээр нь би ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод аав дээрээ ирж эмчилгээ хийлгэж эм тариа зөөж эмчилгээ хийлгэж 10 гаран хоног болсон. Тэгээд аав маань эмнэлгээс гарсан, би аавыгаа аваад Дорноговь аймагт байх гэрлүүгээ аваад явсан. Тэгээд би тэрнээс хойш ажил дээрээ очиж чадахгүй ажилгүй болсон юм. Би айлын 1 хүү байгаа юм, надаас өөр аавыг маань харах хүн байхгүй. Аав маань өөрөө ирэх боломжгүй учир би хүсэлт гаргаж иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байна. Би ажлаасаа гараад 4 сар болж байна. Би аавыгаа асрах шаардлагатай байсан учир өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарсан. Би гомдолгүй ээ,  харин ажилгүй байсан үеийнхээ мөнгийг гаргуулан авмаар байна тэрийг л нэхэмжилж байна. Би ажилгүй 4 сар гаран болсон мөн эмчилгээний гарсан зардал болон цаашид аавыг маань эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн болохоор би 7.000.000 /долоон сая/ төгрөг нэхэмжилж байна. Аавыг маань 1 жил 6 сар эмнэлэгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх ёстой гэсэн тийм болохоор би эмчилгээг нь тасалдуулахгүй хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна бас ажилгүй байх хугацааны мөнгийг мөн гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 110-111 тал/
  • Шүүгдэгч Ч.О-ын гэрчээр өгсөн “...Би “Тээвэр ачлал” ХХК-д жолооч ажилтай хүн байгаа юм. Манай “Тээвэр ачлал” ХХК нь Улаанбаатараас Багануур, Улаанбаатараас Дархан чиглэлд нийтийн тээвэрт явдаг ба би 47-86 УБЗ Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл жолооддог юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар Багануур чиглэлд 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод дотроо 19 зорчигчтой замдаа явж байхад Төв аймгийн Эрдэнэ сумын төвд нэг зорчигч буулгасан юм. Тэгэхэд миний жолоодож явсан автобусанд сууж явсан Банзрагч гэх хүн ёо ёо гээд ёолоод автобуснаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд сая хурд сааруулагч дээр гарахад нуруунд юм орчихлоо гэсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр тэр хүнийг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
  • ШүүгдэгчЧ.О-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тухайн сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймээс миний холбогдох хэргийг нааштайгаар шийдвэрлэнэ үү, Би тэр хүнтэй ярьсан миний зүгээс одоогоор хохирол мөнгө төлсөн асуудал байхгүй байгаа ба цаашид хохирсон гэх хүний хохиролын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж өгнө гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
  • Төв аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №644 тоот “...1.Б.Банзрагчийн биед бүсэлхийн L2 нугалам хугарал гэмтэл тогтоогдлоо, 2.3.5.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 35 тал/
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт “...Хариулт: 1. Хавтаст хэргийн материалтай танилцахад 4786 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл /том оврын автобус/ жолоодон явсан Ч.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв, Хариулт: 2. 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юньверси маркийн тээврийн хэрэгсэл /том оврын автобус/ жолоодон явсан Ч.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Хариулт:3. Хавтаст хэргийн материалтай танилцахад Х.Юньверси маркийн /том оврын автобус/-аар зорчиж явсан зорчигч Б.Банзрагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Зорчигч Б.Банзрагч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1 Тээврийн хэрэгслээр зорчигч нь дараахь үүргийг хүлээнэ: а/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт:4 Хавтаст хэргийн материалтай танилцахад хурд сааруулагч дээгүүр автобус гарахад иргэн Б.Банзрагч нь сандалнаас унаж биедээ гэмтэл авсан нь осол мөн бөгөөд осол хэрэг гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. Хариулт:5 47-86 УБЗ улсын дугаартай Х.Юниверси маркийн автобус жолоодон явсан Ч.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл мөн зорчигч Б.Банзрагч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1-д заасан: “Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ а/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоцикпоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэсэн заалт зөрчсөн үйлдэл зэрэг нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. Хариулт:6. Хавтаст хэргийн материалтай танилцахад асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 116 тал/
  • Шинжээч эмч Э.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт 3 давхар 301 тоотод Б.Банзрагчид гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тухайн үзлэг хийх үед бие хэвийн, ухаан санаа саруул, ил харагдах гэмтэлгүй, хэвтрийн байдалтай байсан. Тэгээд томограф хийсэн зурагтай танилцахад бүсэлхий L2 нугалам их бие шахагдсан хугаралтай. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан...L2 нугалам....гаднын хүчин зүйл нөлөөлж зохигдох юм уу, дарагдах, шахагдах үед хугарал үүсэж байдаг...Бүсэлхийн L2 нугалмаас өөр эд эрхтэн гэмтээгүй байсан...Тухайн автобус донслох үед автобусны эд ангиар зохигдох боломжтой гэмтэл...Шахагдсан хугарал гэдэг нь юманд зохигдсон тохиолдолд юм уу, дарагдах үед үүсдэг. Тухайн үед хохирогч бүс зүүгээгүйн улмаас юманд зохигдсон байх боломжтой...” гэв.
  • Шинжээч Х.Мөнх-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...уг автобус нь 2 тэнхлэгтэй, хохирогч тухайн автобусны хамгийн ард сууж явсан. Хурд сааруулагчаар гарах үед автобусны хамгийн арын суудал дээшээ доошоо болох магадлалтай тул жолооч тухайн тээврийн хэрэгслийн онцлогт тохируулаад замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хурдыг сонгож явах ёстой. Энэ заалтыг жолооч зөрчсөн. Суурин газар нийтийн тээвэр 50 км цагийн хурдтай явах ёстой. Ийм учраас хурд сааруулагчаар гарахдаа 50 км дотроо өөрийн тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалж хурдаа сонгож 5 км юм уу 10 км цагийн хурдтай явах боломжтой байсан. Хурд сааруулагчийн өмнө 5 км цагийн хурдтай явна гэсэн тэмдэг тэмдэглэгээ байдаг...Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалт бол хурд хэтрүүлсэн гэсэн утгатай заалт биш юм. Зөвхөн тээврийн хэрэгслийн онцлог, замын нөхцөл байдал, хөдөлгөөний нөхцөлийг тааруулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалт юм... Жолооч хурдаа сонгож байж хурд сааруулагч дээр гарахдаа өөрийн тээврийн хэрэгслийн онцлогийг тооцож гарахад савлагаа үүсэхгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл худлаа хийгдсэн. Хөндлөнгийн гэрч нар өөр болсон...техникийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь хийсвэрээр сэтгэсэн учраас шүүгдэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Б.Банзрагч бол хамгаалах бүсээ зүүгээгүй учраас өөрөө гэм буруутай нь тогтоогдож байна. Иймд хэргийн газрын үзлэг худлаа хийгдсэн учраас шүүгдэгч Ч.О-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

       Учир нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж хөндлөнгийн гэрчээр Г.Хүдэрбаатар, А.Ууганбаяр нарыг оролцуулсан байдаг. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасны дараа хавтаст хэргийн 222 хуудсанд зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн гар зургийн тэмдэглэлд гэрч Б.Батмөнхийг оролцуулсныг шүүх үнэлээгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч Х.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд болох шүүгдэгч Ч.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.О-ыг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч Б.Банзрагч хохирлын 1.157.397 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжин ажилгүй байсан хугацааны цалин болох гурван сарын дундаж цалин 5.197.836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжин 2018 оны 9 сарын 27-ны өдөр буюу хэрэг учрал болсны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж /хх-140/ хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 9 сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн б/1333 тоот тушаал гарсан байна. /хх-141/

Хохирогч Б.Банзрагчид энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл буюу бүсэлхийн L2 нугалам хугарснаас бусдын асрамжинд байх зайлшгүй шаардлага бий болсон, түүнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй хэдий ч дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд эдгэрэх боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Э.Эрхэмбаяр мэдүүлсэн байх тул хохирогч Б.Банзрагчийг түүний хүү иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжин нь асарч сувилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн нэхэмжлэлийн шаардлагаас 866.306 төгрөгийг Тээвэр ачлал ХК-наас гаргуулах нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч Ч.О-ын жолоодон явсан Х.Юньверси маркийн 47-86 УБЗ улсын дугаартай автомашины эзэмшигч нь Тээвэр ачлал ХК-ных болох нь Х.Юньверси маркийн 47-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 13/, иргэний хариуцагч Д.Ширнэндоржийн “...Ч.О-ын жолоодож явсан тухайн автомашин нь манай компанийн тээвэр хэрэгсэл мөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.О-ын “...би Тээвэр ачлал ХК-д гэрээгээр ажилладаг, миний жолоодон явсан автобус нь манай компанийх...” гэх мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд шүүгдэгч Ч.О нь Тээвэр ачлал ХК-тай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №04 дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч жолоочтой байгуулах хөдөлмөрийн гэрээг /хх-ийн 214/ байгуулан, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №35/18 дугаартай “Тээвэр ачлал ХК”-ны даргын тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тээвэр ачлал ХК”-ны жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул /хх-168/ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар “Тээвэр ачлал ХК”-нь хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

Харин Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “байнгын асаргаа шаардлагатай иргэн” гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг“ хэлнэ гэж заасан байх бөгөөд хохирогч Б.Банзрагч нь байнгын асаргаатай байдаг талаар нотолсон баримт болох эмнэлгийн магадлагаа, Эрүүл мэндийн газрын комиссын дүгнэлт, харьяа баг, хорооны халамж үйлчилгээний газарт гаргасан хүсэлт зэрэг баримтыг хэрэгт хавсаргаагүй, зөвхөн өрхийн эмч болон гэмтлийн эмчийн тодорхойлолтыг хавсаргасан нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул 4.331.530 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Банзрагчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Банзрагчид учирсан хохирлын 1.157.397 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ч.О-оос гаргуулж, хохирогч Б.Банзрагчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг нь “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Учир нь энэ гэмт хэрэгт хохирогч тодорхой хэмжээнд буруутай гэж шинжээчийн дүгнэлт гарсан” гэх саналыг,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль: “Хохирогчийн хохирлыг барагдуулах асуудал байгаа учраас миний зүгээс дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэх саналыг,

Иргэний хариуцагч Д.Ширнэндорж: “тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ч.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ч.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ч.О-д Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргаж өгсөн плаш 1 ширхэг, 1 ширхэг зургийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргаж өгсөн плаш 1 ширхэг, 1 ширхэг зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Ч.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х овогт Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Х овогт Ч.О-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Ч.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х овогт Ч.О-оос хохирлын 1.157.397 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Банзрагчид, иргэний хариуцагч “Тээвэр ачлал” ХК-аас 866.306 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжинд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүжингийн нотлох баримтын шаардлага хангаагүй 4.331.530 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х овогт Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргаж өгсөн плаш 1 ширхэг, 1 ширхэг зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

  •