| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00461/и |
| Дугаар | 935 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 935
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2016/00935 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16 байр, 80 тоотод оршин суух, Ерөөлт овогт Даваагийн Жавхлан /РД:ХВ73030179/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 39 байр, 90 тоотод түр оршин суух, Боржигон овогт Цоодолын Сумъяатогтох /РД:ЙВ68121703/-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон учирсан хохиролд 3,391,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би Ц.Сумъяатогтохыг 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцандаа суусан. Бид сарын хөлсийг 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл 950,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сараас 10 сар хүртэл 700,000 төгрөгөөр байхаар тохирсон. Анхнаасаа гэрээг бичгээр хийгээгүй боловч 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулж орон сууц хөлслөх гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 01-ийг хүртэл бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн.
Гэрээний хугацаа дуусахад төлбөр тооцооны асуудалтай байсан болохоор төлбөрөө авах зорилгоор цааш амаар сунгаж, 2015 оны 10 сарын 20-д хүргэсэн. Анх тохирохдоо төлбөрөө улирлаар төлөхөөр тохирсон боловч 1 л удаа бөөн мөнгө өгсөнөөс хойш дандаа увуулж цувуулж өгч байсан.
Ц.Сумъяатогтох нь гэрээ байгуулснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 21,050,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 19,700,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1,350,000 төгрөгөө шаардаж байна.
Мөн Ц.Сумъяатогтох 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүйгээс алдангитайгаа нийт 952,632.52 төгрөг болсон. Хариуцагч өнөөдөр 548,090.72 төгрөгийг төлсөн баримт өгсөн тул хасаж, үлдэх 404,541.8 төгрөгийг нэхэмжилнэ.
Анх байраа хөлслөхдөө шинэ хивс, шинэ хөргөгч, гал тогооны тавилга, том өрөөний буйдан, унтлагын ор зэргийг тавьж өгсөн. Гэтэл хариуцагч нь хивсийг хуйлж тагтан дээр гаргаснаас хивс ялзарсан, хөргөгчний шилэн автомат хаалгыг хугалж эвдсэн, гал тогооны тавилгыг гамгүй эдэлж ус гоожуулснаас илжрүүлсэн, унтлагын өрөөний орны толгой цуулсан, буйдангийн түшлэгийг эвдсэн байсан.
Эдгээрийн хохирол болох хивс шинээр авах зардал 280,000 төгрөг, хөргөгчийн таг засах зардал 50,000 төгрөг, гал тогооны тавилга засах зардал 50,000 төгрөг, унтлагын ор засах зардал 30,000 төгрөг, буйдан засах зардал 90,000 төгрөг гэж үзэж, хохиролд 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Анх 3,391,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 1,136,458.2 төгрөгөөр багасгаж, одоо дээр дурдсан үндэслэлээр 2,254,541.8 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардаж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж үзвэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус. Харин орон сууц хөлслөх гэрээ гэж үзвэл гэрээний хугацаа дууссан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 288, 289, 294 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн хүрээнд асуудал ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хамаагүй зүйл нэхэж, авч ирсэн баримтдаа дөхүүлж мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч Ц.Сумъяатогтохын хувьд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээс нь хөөгдөж гарсан. Орон сууцны хөлсөнд нь 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 19,900,000 төгрөгийг дансаар 19,700,000 төгрөг, хүүхдээр нь дамжуулж 200,000 төгрөгөөр төлсөн. Мөн 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардалд 548,090.72 төгрөг төлсөн байгаа. Одоо илүү төлөх төлбөр байхгүй. Хөлсний үлдэгдэл 166,667 байгааг хариуцагч төлнө.
Харин гэрээгээр хүлээлцээгүй тавилга эвдсэний мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ нь үндэслэлгүй байна. Орон сууцны зардал хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн гэх алдангийн тухайд өөрөө төлөөгүй байж Ц.Сумъяатогтохоос нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Оюунжаргал /Ц.Сумъяатогтохын төрсөн охин/ “...Д.Жавхлангийн байрыг 2013 оны сүүлээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түрээслэж суусан. Бид 2015 оны 1 дүгээр сараас байрнаас гарна гэж шийдсэн байхад Д.Жавхлан сарын төлбөрийг 700,000 төгрөг болгоё гэсэн учир бид 2015 оны 1 дүгээр сараас 700,000 төгрөгөөр түрээслэсэн. Одоо түрээсийн үлдэгдэл байхгүй. Орон сууцанд угаалгын машин, хөргөгч, буйдан, ширээ, жижиг өрөөний хувцасны шкаф, хивс байсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жавхлан нь хариуцагч Ц.Сумъяатогтохоос орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон учирсан хохиролд 3,391,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгаж, орон сууцны дутуу төлөгдсөн хөлсөнд 1,350,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал, алдангид 404,541.8 төгрөг, эд хогшил эвдсэний хохиролд 500,000 төгрөг буюу нийт 2,254,541.8 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,136,458.2 төгрөгөөр багасгасан байна.
Хариуцагч нь орон сууцны хөлсөнд 166,666 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Жавхлан нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16-80 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Сумъяатогтохын эзэмшилд шилжүүлэх, хариуцагч Ц.Сумъяатогтох нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, 2015 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр байгуулсан “орон сууц хөлслөх гэрээ”, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн гэрээний дагуу хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшсэн, талууд 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын хөлсийг 950,000 төгрөгөөр, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын хөлсийг 700,000 төгрөгөөр тус тус тохирсон, хариуцагч нь дансаар нийт 19,700,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт мөн тогтоогдлоо.
Талууд тогтоогдсон энэ үйл баримтад маргаагүй болно.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд гэрээ байгуулсан эсэх болоод гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хуулиар шаардаагүй тул шүүх зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аман хэлбэрээр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2015 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй.
Талууд 2015 оны 1 дүгээр сарын 01-ээс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сарын хөлсийг 950,000 төгрөгөөр тохирсон гэж нэхэмжлэгч, 700,000 төгрөгөөр тохирсон гэж хариуцагч харилцан адилгүй тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч тайлбараа 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн орон сууц хөлслөх гэрээнд “...1 сарын төлбөр 950,000 төгрөг...” гэж зааснаар нотлоно гэсэн бол хариуцагч тайлбараа гэрч Б.Оюунжаргалын “Бид 2015 оны 1 дүгээр сараас байрнаас гарна гэж шийдсэн байхад Д.Жавхлан сарын төлбөрийг 700,000 төгрөг болгоё гэсэн учир бид 2015 оны 1 дүгээр сараас 700,000 төгрөгөөр түрээслэсэн” гэх мэдүүлгээр нотлохыг зорьсон.
Гэвч хариуцагч талын гэрч болох Б.Оюунжаргал нь хариуцагч Ц.Сумъяатогтохын төрсөн охин болохын хувьд түүнтэй ашиг сонирхол нэг гэж үзэх үндэслэлтэйн дээр гэрчийн энэхүү мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүх орон сууц хөлслөх гэрээнд заасан 950,000 төгрөгийн хөлсийг талуудын тохиролцоо гэж үзлээ.
Иймд хариуцагч Ц.Сумъяатогтох нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2015 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 16,150,000 төгрөг /17 сар*950,000 төг/, 2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 2015 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 4,651,613 төгрөг /(6 сар*700,000 төг)+(700,000:31хон*20хон)/ буюу нийт 20,801,613 төгрөгийг нэхэмжлэгч Д.Жавхланд төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нийт 19,900,000 төгрөг төлснөөс 19,700,000 төгрөгийг дансаар, 200,000 төгрөгийг Д.Жавхлангийн охин Ж.Үүрийнцолмонгоор дамжуулан төлсөн гэж тайлбарласнаас 19,700,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
Харин 200,000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэгч маргасан боловч хариуцагчаас гаргасан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ц.Сумъяатогтохоос Жавхлангийн охинд 200,0 төг түрээс өгөв. Хүлээн авав Ж.Үүрийнцолмон” гэсэн гарын үсэг бүхий эх баримтыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй тул шүүх 200,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Сумъяатогтох нь нийт 20,801,613 төгрөг төлөхөөс 19,900,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 901,613 төгрөгийг Ц.Сумъяатогтохоос гаргуулж Д.Жавхланд олгох үндэслэлтэй байна.
Талууд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хийсэн орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, кабель, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, телефон утас, интернетийн төлбөрийг хөлслөгч тал төлөхөөр тохирсон тул хариуцагч Ц.Сумъяатогтох нь амьдарсан хугацааны дээрх зардлыг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын орон сууцны ашиглалтын зардалд 952,632.52 төгрөг шаардсанаас хариуцагч нь 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын ашиглалтын зардалд 548,090.72 төгрөг төлсөнөө Төрийн банкны баримтаар нотлосон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги 317,544 төгрөг болон 2015 оны 5 дугаар сарын ашиглалтын зардал 86,997.8 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
Орон сууцны ашиглалтын 2015 оны 5 сарын зардал 86,997.8 төгрөг гарсныг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй, ямар учраас 317,544 төгрөгийн алданги тооцогдсон талаарх тодорхой баримтгүй, хэзээ үүссэн үүргээс хэрхэн ямар журмаар тооцогдож гарсан алданги болох нь баримтаар тогтоогдохгүйн дээр “Пюр хаус” ХХК-д нэхэмжлэгч Д.Жавхлан эдгээр төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх орон сууцны ашиглалтын зардал, алдангитай холбоотой 404,541.8 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тэрчлэн эд хогшил эвдсэний хохирол болох 500,000 төгрөгийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.Сумъяатогтохоос орон сууцны хөлс 901,613 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавхланд олгож, Д.Жавхлангийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,352,928.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Ц.Сумъяатогтохоос орон сууцны хөлс 901,613 төгрөгийг гаргуулж Д.Жавхланд олгож, Д.Жавхлангийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,352,928.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,750 төгрөгөөс 69,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 1,544 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, 26,188.7 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА