| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04937/И |
| Дугаар | 210/МА2025/01690 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01690
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/05724 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь миний үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэсний дагуу түүнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан.
1.2. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот харилцах дансанд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна.
1.3. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдүүлсэн мөнгөө авахаар шаардсан боловч буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрч байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие нь 2016 онд “*******” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилд орж ажлын үзүүлэлт, үр дүнгээс хамааран төв салбарт шилжиж, улмаар металл хайгч худалдан борлуулдаг засвар үйлчилгээ бүхий дэлгүүрийг хариуцан ажиллаж байсан.
2.2. 2020 онд БНХАУ-ын “XCMG” брэндийн хүнд даацын ачаа тээврийн автомашиныг чиргүүлийн хамт Монгол Улсад импортлон оруулах, Монголын зах зээлд таниулах зорилгоор дээрх хүнд даацын тээврийн хэрэгслийг худалдан борлуулахад худалдан авагчийг ажлаар хангах хэрэгцээ шаардлага гарч, үүнтэй холбоотойгоор “*******” ХХК-ийг *******, н.******* нар үүсгэн байгуулж хамтран ажилласан. Улмаар н.******* компанийн үйл ажиллагааг хариуцаж байгаад *******тай маргаантай болж компаниас гарсан.
2.3. Нэхэмжлэгч ******* тухайн үед надад “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан бөгөөд би зөвшөөрч уг ажлыг хариуцаж ажиллахаар болсон. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж аваад үндсэн цалинг нэмэгдүүлэхгүй, эхний удаад компанийг ашигтай ажиллуулаад цалин нэмэх талаар ярилцъя хэмээн нэг сарын 1,500,000 төгрөгөөр ажиллаж эхэлсэн.
2.4. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авахад тус компани нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 50 орчим автомашинтай байсан хэдий ч өмнөх захирал н.*******ийн танил хүмүүс нь өөрийн автомашинаа авч, түүнийг дагаж гарсан. Улмаар *******ын 3, бусад хувь хүний 3 гээд нийт 6 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тээврийн компанийг удирдаж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд 97 тээврийн хэрэгсэлтэй нийт 6 чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг компани болтол нь хичээн ажилласан.
2.5. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед компанийнхаа 20-30 хувийг надад өгнө хэмээн аман тохиролцоо хийсэн ба 2023 оноос эхлэн компанийн ашгаас 20 хувийн бонус цалин /шагналт цалин/-г улиралд, эсхүл жилд нэг удаа тооцон олгохоор тохиролцсон.
Нэхэмжлэгч ******* нь надад компани ямар үр ашигтайгаар ажилласныг өөрөө мэдэж байгаа болохоор шаардлагатай үедээ надаас шагналт цалингаа түрүүлээд авч хэрэглэж болно хэмээн хэлж байсан. Миний бие 2023 онд 2 удаагийн, 2024 онд 2 удаагийн гүйлгээгээр тус нэхэмжилж буй мөнгийг авсан. Өөрөөр хэлбэл, *******ын надаас нэхэмжилж буй мөнгө нь зээлсэн мөнгө биш харин тээврийн компанийн ашгаас надад төлөх тохиролцоотой байсан шагналт цалин юм. Миний бие тус компаниас үр ашгаа авах авлагатай болно.
2.6. Нэхэмжлэгч *******ас зээл авсан зүйл огт байхгүй, зээлийн гэрээтэй холбоотой харилцаа байхгүй, зээлийн төлбөр төлөх үүрэг байхгүй.
2.7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж тус тус заасан.
2.8. Нэхэмжлэгч ******* харилцан тохиролцсоны дагуу компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулж, ашиг орлого олсны хариуд тохиролцсон хувь хэмжээгээр шагналт цалин буюу бонус цалинг өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу олгосон цалинг зээлсэн мэтээр буцаан нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
2.9. Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй, хариуцагчийн эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх мөнгөн төлбөрийг шагналт цалин гэж авч байсан болохоо шүүхийн өмнө нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэжээ.
Хариуцагч *******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөхдөө тухайн компанид гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа шагналт цалин авч байсан тухайгаа нотолж дансны хуулга хавсаргаж өгсөн.
4.2. Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэхээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, хангахгүй орхисон.
Уг хүсэлтэд тухайн маргаан бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсийг гэрчийн мэдүүлэг өгүүлэх, шагналт цалин бодож олгож байсан үйл явдлыг тодорхойлох санхүүгийн тооцоолол, түүнийг нотлох компанийн санхүү, татварын тайланг зохих төрийн байгууллагаас гаргуулах, нэхэмжлэгч *******, түүний эхнэр н.*******, ерөнхий нягтлан бодогч н.******* нартай маргаан бүхий асуудлаар харилцаж байсан фэйсбүүк чатад үзлэг хийлгэх хүсэлт зэргийг дурдсан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, хариуцагчийн тайлбар, түүний үндэслэлээ нотлох боломжийг олголгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “...гэрчээс мэдүүлэх авхуулах”, 34 дүгээр зүйлийн 34.3.2-т “...гэрчээр асуулгах”, 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх” гэж тус тус заасан бөгөөд шүүх дээрх хуулийн заалтуудыг харгалзан үзээгүй, үүний улмаас хэргийг тал бүрээс нь бодитой хянаж, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж бүрдээгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан 1 нүүр нэхэмжлэл, хариуцагчийн гаргаж өгсөн 2 нүүр хариу тайлбарын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлээгүй болохыг нь харуулж байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий үйл баримт буюу бодит нөхцөл байдлын талаар хариу тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан.
4.4. Хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор ******* болон түүний 100 хувийн эзэмшлийн “*******” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан.
Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн талаар тайлбараа өгч, нэхэмжилсэн мөнгө нь ямар учиртай төлөгдсөн мөнгө болохыг тайлбарлаж, түүнийг нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт өгч, сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй шууд хамааралтай, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох тухай тайлбарласаар байтал сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
4.5. Иймд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж гомдолд дурдсан. Хэргийн оролцогч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд буюу хэрэгт хамааралтай нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлээд хариуцагч тал хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлт гаргах эрхгүй гэдэг байдлаар бус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд байгаагүй учраас хүсэлтийг хүлээж аваагүй. Учир нь хариуцагч “*******” ХХК-д ажиллаж байх үедээ авсан цалин урамшуулалтай холбоотойгоор гэрч асуулгах, үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргасан. Энэ хэрэг нь компанитай холбоотой маргаан биш гэдэг агуулгаар буюу хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй.
5.2. Мөн хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа “*******” ХХК-ийг оролцуулсан учраас уг хуулийн этгээд нь хэргийн оролцогч биш гэдэг байдлаар буюу нэхэмжлэгч биш учраас сөрөг нэхэмжлэлийн хариуцагч байх боломжгүй гэх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй.
5.3. ******* нь ******* болон “*******” ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэний хэрэг үүсэж, *******ын зүгээс дээрх агуулгаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, нотлох баримт цуглуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “зээлсэн мөнгө биш, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын шагналт цалинг авсан” гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлээд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
3.1. Нэхэмжлэгч нь “...мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ “зээл” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “*******ын 100 хувийн хувьцаа эзэмшдэг “*******” ХХК-д ажиллаж байсантай холбоотойгоор урамшуулал авсан” гэж тус тус тайлбарласан.
*******ын “*******” ХХК-д ажиллаж байсантай холбоотой цалин хөлс, урамшуулалтай холбоотой харилцаа нь энэ маргааны зүйлд хамааралгүй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байгаа тул эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
3.2. ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот харилцах данснаас *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.3. *******ын “*******” ХХК-д ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн маргаан, цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудал нь энэ маргааны зүйлд хамааралгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч ******* нь “*******” ХХК-д ажиллаж байсан талаар талууд маргаагүй боловч хариуцагчид “*******” ХХК-аас бус нэхэмжлэгч иргэнээс зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдээс олгосон урамшуулал гэж тайлбарлах боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь “...“*******” ХХК-ийн нягтлан бодогч уг үйл баримтыг нотолно” гэж тайлбарлах боловч хуулийн этгээд болон нэхэмжлэгчээс бичгийн хэлбэрээр 70,000,000 төгрөгийн урамшуулал үзүүлэх агуулгатай баримт үйлдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Гэтэл иргэнээс зээл гэсэн гүйлгээний утгатайгаар олгосон мөнгөн хөрөнгийг зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн байгууллагаас олгосон урамшуулал болохыг эргэлзээгүй нотлох боломжгүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.
3.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтийг эрх хэмжээний хүрээнд хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байна. Тодруулбал, маргааны зүйлд хамааралтай баримтыг шүүхийн журмаар цуглуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн агуулга, үзэл баримтлалд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлага болон маргааны зүйлд хамааралгүй баримтыг шүүхийн журмаар цуглуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хөндсөн гэж үзэхгүй.
4.2. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа авахаар тохиролцсон гэх шагналт цалинтай хамааралтай байх тул түүний хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан маргааны зүйлд хамааралтай байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/05724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ