| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00165/И |
| Дугаар | 103/ШШ2016/00247 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2016/00247
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2016/00247 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Аз өсөх билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Сургалтын задгайн 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух, Манал овогтой Дэлгэр-Одод холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.270.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Шинэхүү оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аз өсөх билэг ХХК нь авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч Манал овогтой Дэлгэр-Од 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулан, 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан. Барьцаанд нь БРА 39-42 улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн, Honda civic маркын авто машиныг барьцаалсан.
2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлж хаах байсан боловч үндсэн зээлээс хасалт хийж, 1.228.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярихад, 2016 оны 3 дугаар сарын 10-нд амралтын мөнгө буухаар төлнө гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа утас руу нь залгасан боловч утсаа авахгүй, холбогдох боломжгүй байсан. Дандаа араасаа утасдуулдаг. Хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Гэрийнх нь хаягаар очиход хаягтаа оршин суудаггүй, ийм хүн байдаггүй гэсэн.
Иймээс нийт зээлийн хэмжээ 1.228.000 төгрөг, дутуу төлөлт 193420 төгрөг, 2015 оны 12 сарын зээлийн хүү 86000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл 103 хоногийн алданги 676710 төгрөг, нэг сарын хүү 86000 төгрөг, нийт 2.270.130 төгрөгийг М.Дэлгэр-Одын хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч М.Дэлгэр-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Аз өсөх билэг ХХК-иас нэхэмжилж байгаа 2.270.130 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл болох 1.228.000 төгрөгийг тус компанид төлөх болно. Харин алданги, хүү төлөхгүй. Хариу тайлбараа хугацаанд нь өгч чадаагүй шалтгаан нь ажил ихтэй, хөдөө яваад, мөнгө олж, тооцоогоо дуусгах бодолтой байсан боловч чадсангүй явсаар өдий хүрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь хариуцагч М.Дэлгэр-Одоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.270.310 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, зээлээ 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
7 дугаар сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
8 дугаар сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
9 дүгээр сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
10 дугаар сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
11 дүгээр сарын 23-ны өдөр - 378355 төгрөг
12 дугаар сарын 23-ны өдөр-378355 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2001 үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн Honda civic маркийн БРА 39-42 улсын дугаартай, автомашинаар хангуулахаас талууд татгалзаж, харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.270.130 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51272 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь хариуцагч М.Дэлгэр-Одоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.270.310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлээ 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сар бүр 378355 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн Honda civic маркийн БРА 39-42 улсын дугаартай, автомашинаар хангуулахаас талууд татгалзан, харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 51272 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА